С.Эрдэнэ: АН-ыг төлөөлөх эрхтэй цорын ганц хүн бол С.Эрдэнэ хэвээрээ байгаа
- 2021-03-31
- Улс төр
- 0

УИХ-ын гишүүн асан, Ардчилсан намын дарга С.Эрдэнэтэй ярилцлаа.
-Та өнөөдөр Ерөнхийлөгч Х.Баттулгатай холбоотой мэдээлэл хийлээ.
Таны мэдэгдлээс харахад сүүлийн үед Ардчилсан намын дотоод хагарал улам хурцдаж байгаа мэт харагдаж байна?
-Би ардчилсан намын даргаар ажиллаад таван жил болж байна. 30 гаруй жил Ардчиллын төлөө тэмцэж, зүтгэж, Ардчилсан хувьсгалыг эхлэх цагаас нь эхлээд 32 дахь жилдээ явж байна. Миний хувьд, Ардчиллын үнэ цэнэ, хувь хүний эрх, эрх чөлөө, Ардчилсан Монгол Улс гэдэг үнэ цэнийн төлөө байнга бодож, үүний төлөө өөрийгөө зориулж байна гэж бодож тэмцэж ирсэн.Ардчилсан намын даргын хувьд ёс зүйгээ бодоод, намын дотоод зөрчил, аливаа асуудлыг гадагшаа хэвлэл мэдээллээр яриад байхыг хүсдэггүй. Хэзээ ч надад тийм зан байгаагүй. Өнөөдөр арга буюу бодит үнэнийг дэлгэж ярихгүй бол хүмүүст худлаа зүйлийг мянга ярихаар үнэн болдог шүү дээ. Х.Баттулга Ерөнхийлөгч гэгээлэг цагаахан хүн, С.Эрдэнэ нь ганцаараа намаа самраад байгаа юм шиг ийм бодит бус, худлаа мэдээлэл газар авах шинжтэй байгаа учраас би арга буюу байр сууриа илэрхийлсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Ардчилсан намд хандаж байгаа хандлага, намын дотоод үйл ажиллагаанд эрээ цээргүй оролцож байгаа оролцоог ил тод болгох хэрэгтэй юм байна.
-Ерөнхийлөгч Х.Баттулга, З.Энхболд нарын талаар та яагаад гэнэт ийнхүү мэдэгдэл хийх болов?
-Монгол Улсад хууль шүүхийн байгууллагыг улс төрийн зорилгоор ашиглах, хууль шүүхийн байгууллагаар улстөрчдийг айлган дарамталдаг үйл явц өнөөдрийг хүртэл өрнөж байна. Би өөрөө тэр шударга бусын хонгилоор чирүүлж байгаа хүмүүсийн нэг. 2017 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл ажиллагааны дараагаас эхлэн өнөөдрийн Ерөнхийлөгч Х.Баттулга бид хоёрын дунд үл ойлголцол үүссэн. Намын цаашдын байр суурь, үйл ажиллагаан дээр бидэнд нэгдмэл байх бололцоо үүсээгүй. Ер нь Х.Баттулга Ерөнхийлөгчөөр сонгогдсон өдрөөсөө эхлээд улс орны эрх ашиг гэхээс илүүтэй өөрийн амин хувийн эрх ашгийг нэгдүгээрт тавьсан алхмуудыг хийж эхэлсэн.
Энэ нөхцөл байдлаас улбаалан бид хоёрын дунд зөрчил үүссэн. Ардчилсан нам 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулгыг бүх талаар нь дэмжсэн. Хоёргүй сэтгэлээр ажилласан. Үүний үр дүнд Х.Баттулга ч Ерөнхийлөгчөөр сонгогдсон. Харамсалтай нь, тэр цаг мөчөөс хойш өөрийг нь дэмжсэн иргэд, хамтран зүтгэсэн гишүүдийн итгэл найдварыг уландаа гишгэсэн. Энэ нь үнэхээр хариуцлагагүй үйлдэл гэж би боддог.
Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны үеэр ярьсан маш олон амлалт нь амьдрал дээр биелэлээ олоогүй. Дөрвөн жилийн хугацаанд Х.Баттулга Монгол Улсад хэрэгтэй ганц ч зүйл хийгээгүй. Ардчилсан нам тухайн үеийн төрийн удирдлагуудын алдаатай бодлогыг шүүмжилж ирсэн. Эрх баригчдын шударга гишүүдтэй хамтарч Засгийн газарт хариуцлага ч тооцож байсан удаа бий. Харамсалтай нь, тухайн үед манай намаас гурван урвагч Ардчилсан намын улс төрийн зөвлөлийн шийдвэрийг эсэргүүцэж эсрэг санал өгсөн. Энэ гурван хүнийг бэлдэж зохион байгуулж эсрэг санал өгүүлсэн хүн бол Х.Баттулга. Тухайн үед Ардчилсан нам энэ хариуцлагыг Х.Баттулгад тооцож чадсан бол улс төрийн нөхцөл байдал өнөөдөр өөр байх байсан. Гэвч дээрх алхмыг хийлгэхгүйн тулд зориуд унагаж, Ардчилсан намыг хүчгүй, сүргүй сөрөг хүчин болгох эхний алхмыг Ерөнхийлөгч Х.Баттулга өөрөө тавьсан.
Сүүлийн дөрвөн жил МАНАН гэж ярьсан. Гэтэл МАН, Ардчилсан намын удирдлагыг үндсэндээ Х.Баттулга даргалж ирсэн шүү дээ. Шулуухан хэлэхэд, У.Хүрэлсүх Ерөнхий сайдын суудлаасаа огцрох өдөр УИХ-ын чуулган дээр бодит үнэнийг л хэлсэн. Би түүнд нь ч баярладаг.
Хууль бус Ардчилсан намын Дотоод сонгуулийн хороог зохион байгуулж, “Баянгол” зочид буудалд бүрэн бүрэлдэхүүнээр нь аваачиж, архидуулж, мөнгө хахууль өгч, зохион байгуулалттай ажиллуулж буй хүн бол Ерөнхийлөгч, түүний тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд нар юм.
Эдгээр этгээдүүд надад удаа дараа эрүүгийн хэрэг үүсгэж, эрүүгийн хэргээр намайг дарамтлах гэж оролдсон. Надад Монголын төрөөс хулгай хийсэн, хууль дүрмийг зөрчсөн нэг ч үйлдэл, нэг ч үйл ажиллагаа байхгүй. Хэрэв тийм зүйл байвал хуулийн хариуцлага хүлээхэд би бэлэн байна. Надаас уул уурхайн нэг ч лиценз, нэг ч төсөл тендерийн булхай, авлига хээл хахуультай холбоотой хэрэг гарахгүй. Үнэнийг хэлэхэд, би эрүүдэн шүүлтийн бай болж байна. Миний эргэн тойронд байгаа хүмүүсийг барьж хорьж, удаа дараа заналхийлж байна.
Гурван жилийн өмнө дампуурсан “Капитал” банкны асуудлаар намайг унагаах гэж оролдлоо. Би 2016 онд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын ажлаа хүлээлгэн өгөхдөө Үндэсний аудит, Мэргэжлийн хяналтын шалгалт оруулахад ямар ч асуудал үүсээгүй. Гэтэл гурван жилийн дараа “Капитал” банкинд байсан 238 тэрбум төгрөгийг эрсдэлд оруулсан хэргийг надад тохох гэж оролдсон. Энэ мэт хэргээр Ерөнхийлөгч намайг удаа дараа дуудаж, намын даргын ажлаа өг, тамгаа өг гэж шантаажилж ирсэн. Ерөнхийлөгч болон түүний гар хөл болсон Ц. Туваан мэтийн нөхдүүдийн увайгүй, дүрмийн бус үйл ажиллагааг би 2020 оны арванхоёрдугаар сарын 17-ныг хүртэл тэвчсэн. Гэвч одоо тэвчиж чадахгүй. Тиймдээ ч бодит үнэнийг хэлж байна. Х.Баттулга бид хоёрын хэн нь шударга ёс, ардчиллын төлөө явсныг цаг хугацаа харуулна гэдэгт эргэлзэхгүй байна.
-Таныг Тагнуулын Ерөнхий газарт шалгуулахаар өгсөн гэсэн. Энэ асуудал юу болсон бэ?
-Цахим санал хураалттай холбоотойгоор хэсэг бүлэг нөхөд Тагнуулын Ерөнхий газар цахим санал хураалтыг бодитой явж байгаа эсэхийг шалгуулахаар өгсөн гэсэн шуум мэдээ сонссон. Эн бол хуулиараа хориотой. Улс төрийн намын үйл ажиллагаанд аливаа асуудлыг шүүх хянан хэлэлцэхгүй гэж Улс төрийн намын тухай хуулинд хуульчилсан.Намын дотоод дүрмийн хүрээнд болж байгаа цахим сонгууль байна уу, цаасан сонгууль байна уу ямар нэгэн үйл ажиллагаатай холбоотой дүрмийн хүрээнд байгаа асуудлыг шүүх хуулийн байгууллага хянан хэлэлцэхгүй.
-Ардчилсан нам хоёр талд даргын сонгуулийг зохион байгуулж , хоёр даргатай болох уу гэдэг асуулт нийгэмд байна.
Хэрвээ нам дотооддоо нэгдэж чадахгүй бол Дээд шүүх намын шинэ намын даргыг бүртгэж авахгүй байдал үүсэх магадлалтай талаар ярьж байна.
Тийм эрсдэд бий юү?
-Монголд нэг л хуулийн этгээд бий. Монгол Улсын Дээд шүүхэд бүртгэлтэй, Дээд шүүхийн тогтоолтой, улсын бүртгэлийн гэрчилгээтэй нэг л Ардчилсан нам бий. Тэр намын дарга нь С.Эрдэнэ миний ганцхан хүн л байна. Монгол Улс хуультай улс. Хууль ёсны даргын зохион байгуулсан дарын сунгаа хүчинтэй. Хэн дуртай нь гарч ирээд би Ардчилсан намыг төлөөлнө, би намын даргын үүрэг гүйцэтгэгч байна гээд яваад байвал замбараагаа алдана биз дээ. Улсын дээд шүүхийн 2017 оны 01 тогтоол хүчин төгөлдөр хэвээрээ байгаа. Тэр тогтоол дээр АН дарга С.Эрдэнийг хянан хэлэлцээд хүлээн зөвшөөрөөд Ардчилсан намын дарга С.Эрдэнэ гээд Улсын бүртгэлийн газарт хүргүүлсэн. Улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдоод, тэрэн дээр миний нэр бичээтэй байна. Тэгэхээр улсын дээд шүүх хоёр удаа хуралдахдаа Ардчилсан намын улсын бүртгэлтэй асуудал яриагүй, Арчилсан намын даргын улсын бүртгэлтэй холбоотой асуудал ерөөсөө яриагүй. Үүнийг санаатайгаар зориудаар тархи угаах буруу зөрүү ойлголт төрүүлэх зорилгоор шүүхийн шийдвэрийг мушгин гуйвуулж яриад байна. Аравдугаар их хурал хүчин төгөлдөр мөн үү биш үү, хоёрдугаарт, Ц.Туваан гэдэг нөхөр 10 их хурлыг хуралдуулах эрх бүхий этгээд мөн үү биш үү гэдгийг хэлэлцсэн. Ц.Туваан Ардчилсан намын 10 их хурлыг зарлан хуралдуулах эрх бүхий этгээд биш юм байна. Тиймээс Аравдугаар их хурал хууль бус учир хүчингүй гэж шийдсэн. 10 их хурлаар гарсан Үндсэн дүрмийг бүртгэх үү үгүй юү гэдэг асуудал хэлэлцсэн. Тэгээд намын хууль дүрэмд нийцээгүй байна гэдэг шийдвэр гарсан.Улсын дээд шүүхээс ийм хоёр асуудлыг л шийдсэн. Нэмэлтээр ямар асуудал орж ирсэн гэхээр, Улсын дээд шүүхийн цахим мэдээллийн сайт гэж байдаг. Энэ бол Улсын бүртгэлийн албан ёсны бүртгэл биш байхгүй юу. Улсын бүртгэлд бүртгэгдсэн улс төрийн нам, улс төрийн намын даргын мэдээллийг цахим сайт дээр тавьдаг. Тэндээс иргэн аж ахуйн нэгжүүд мэдээллээ авч байдаг тэр сайт дээр С.Эрдэнэ гэж бичээтэй байсныг арваннэгдүгээр сарыын 10-ны үед хасаад оронд нь Ц.Туваан гэдэг хүнийг АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч гээд биччихсэн. Тэр нь яаж бичигдсэн юм гэхээр, АН-ын даргын Нүрзэд гэдэг хүний гарын үсэгтэй бичиг ирж, Ц.Тувааныг сайт дээрээ бичилт нийж өгнө үү гэсэн хүсэлт ирэхээр нь буланд нь Сонинбаяр гэдэг иргэний танхимын шүүгч булан дээр нь хүсэлтийг хангая гээд цохолт хийгээд өгчихсөн. Гэтэл Сонинбаяр гэдэг шүүгчид тийм эрх байхгүй. Улс төрийн намыг даргыг бүртгэх үйл ажилагаа чинь Улс төрийн намын тухай хууль дүрэм журманд нийцэж байгаа эсэхийг хянаж үзээд үнэхэрэ нийцэж байна гэж үзвэл Улсын дээд шүүх бүрэлдэхүүнтэй хуралдаж, хуралдаанаараа тогтоол гаргаж, бүртгэдэг иймм дүрэмтэй. Гэтэл Ц.Туваан гэдэг хүний талаар Улсын дээд шүүх хуралдаагүй, хэлэлцээгүй Сонинбаяр гэдэг нөхөр буланд нь цохолт хийчихсэн. Сонинбаяр гэдэг шүүгч өмнө нь Салхитын мөнгөний ордын асуудлаас болоод ажлаас нь түдгэлзүүлээд шалгагдаж байсан юм билээ. Оны өмнөхөн Х.Баттулга тэр шүүгчийг буцааж ажилд нь томилсон байдаг. Тэр хүн буцаад ажилд нь томилсных нь төлбөрт тийм үйлдэл хийсэн байна гэж харж байна. Бид холбогдох бүх газарт нь өргөдөл гомдлоо өгсөн. Энэ хүн сая энэ үйлдлээсээ болсон уу, ямар ч байсан УДШ-ийн Иргэний танхимын тэргүүн шүүгчээсээ огцорсон. Өнөөдөр хоёр ардчилсан нам гэж байхгүй. Хууль ёсны тамгатай, Улсын дээд шүүхийн тогтоолтой, Улсын бүртгэлд бүртгэлтэй Хууль ёсны улс төрийн нам ганцхан байгаа. Ардчилсан намыг төлөөлөх эрхтэй цорын ганц хүн бол С.Эрдэнэ хэвээрээ байгаа. Хоёр дарга, хоёр нам гэж юм байхгүй.
-Удахгүй Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байна.
Ардчилсан нам дотооддоо эвтэй байж сонгуульдаа оролцох хэрэгтэй гэж намын гишүүд дэмжигчид хэлж байна.
Таны хувьд нам дотооддоо эвтэй байж, учраа олох тухайд санал санаачилга гаргасан уу?
-Бид эвлэрэх гэж оролдсон. Дөрөвдүгээр сарйн 25-нд болох санал хураалтаа наашлуулаад гуравдугаар сарын 28 болгож татлаа. Түрүүлээд нэр дэвшсэн байсан дөрвөн нэр дэвшигчийг энэ дэвшээд байгаа таван хүнтэй хамт нэгдсэн бүртгэлд ороод яваач гэдэг санал хүргүүллээ. Алийг нь ч хүлээж аваагүй. Энэ бол зориуд зохион байгуулалттай, Ардчилсан намыг хагалан бутаргах гэсэн үйл ажиллагаа.
Х.Цэнд-Аюуш

Сэтгэгдэл (0)