Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2021.04.01/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 09 цаг 59 минутад, гишүүдийн 43 хувийн ирцтэй эхэлж, таван асуудал хэлэлцэн шийдвэрлэв. 

Хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг дэмжив

Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.  

Хууль зүйн байнгын хороо хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаараа хийж, энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг танилцуулсан.

Тэрбээр танилцуулгадаа, 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаан даргалагчаас өгсөн гүйцээн боловсруулах чиглэлийг баримтлан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1-д заасны дагуу зарчмын зөрүүтэй хоёр санал, Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар хуулийн төсөл хоорондын зөрчлийг арилгах шаардлага гарсан тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3-т заасны дагуу 1 зарчмын зөрүүтэй санал боловсруулан Байнгын хорооны хуралдаанаар санал хураалгасан бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх дэмжсэн гэдгийг онцлов. Нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган төслийн агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн гэв. 

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух гишүүн байгаагүй тул Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн талаарх Хууль зүйн байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулав. 

Тухайлбал, Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтын “арга” гэсний дараа “хэрэглэж” гэж нэмэх, мөн зүйлийн 7.1.2 дахь заалтын “алдар хүнд, нэр төрийг” гэснийг “үйл ажиллагааг” гэж, 7.1.3 дахь заалтыг “7.1.3.хүний эрх, эрх чөлөө, бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаах.” гэж, 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсгийг “13.1.Энэ хуулийг 2021 оны 07 сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.”  гэж тус тус өөрчлөн найруулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Мөн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг “Хүний эрх хамгаалагч нь хүчирхийллийн арга хэрэглэж, тайван бус аргаар үйл ажиллагаа явуулсан, явуулахыг уриалсан, хүний эрх хамгаалагчийн үйл ажиллагааг хувийн ашиг сонирхолд ашигласан, хүний эрх, эрх чөлөөг зөрчиж, бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж өөрчлөн найруулах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. 

Ингээд Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн батлуулах бэлтгэл хангуулахаар Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ. 

Үргэлжлүүлэн Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлтэй холбогдон боловсруулсан Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний комиссын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. 

Хууль зүйн байнгын хороо 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг танилцуулав. 

Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлд Хүний эрхийн Үндэсний Комиссын хүний эрхийн хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн Хүний эрхийн хамгаалагчийн хорооны дарга байх тухай ажлын хэсгээс гаргасан саналыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр дэмжсэн тул хууль хоорондын уялдааг хангаж, зөрчлийг арилгах зорилгоор Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу боловсруулан хэлэлцүүлсэн. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Б.Энхбаяр нар Хүний эрхийн Үндэсний Комиссын 5 гишүүнийг 6 болгон нэмэгдүүлэхийг дэмжихгүй байгаа бөгөөд одоогийн 5 гишүүн хариуцаж ажиллах бүрэн боломжтой талаар байр сууриа илэрхийлж, төслийн хоёрдугаар зүйлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй болно гэж байлаа.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Ц.Мөнх-Оргил, Ш.Адьшаа нар асуулт асууж, үг хэллээ. 

Ингээд Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний комиссын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ. 

Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

Дараа нь Засгийн газрын  тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. 

Төсвийн байнгын хороо 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир танилцуулсан.  

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.5 дахь хэсгийг үндэслэн Нийгмийн бодлогын байнгын хороо Хүүхдийн эрхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн санал, дүгнэлтээ тус Байнгын хороонд ирүүлсэн. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа Хүүхдийн төлөө сангаас зарцуулах зардалд олон улс, тив, дэлхийн соёл, урлаг, спортын тэмцээн наадамд оролцохоор бэлтгэлээ хангаж байгаа, мөн оролцох болзол хангасан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд дэмжлэг үзүүлэх асуудлыг нэмж тусгах санал гаргасныг 37.5 хувийн саналаар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал Хүүхдийн төлөө сангийн эх үүсвэрт нэмэгдсэн өртгийн албан татварын орлогын 1 хувийг төвлөрүүлэх санал гаргасныг 37.5 хувийн саналаар, Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир Хүүхдийн төлөө сангийн зориулалт нь хүүхдийн хөгжлийг дэмжихээс гадна хүүхдийг хамгаалах, оролцоог дээшлүүлэх асуудлыг нэмж тусгах санал гаргасныг 43.8 хувийн саналаар, Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин хуулийн хэрэгжих хугацааг ердийн журмаар дагаж мөрдөх нь зүйтэй гэсэн санал гаргасныг 43.8 хувийн саналаар, Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдтэй холбогдуулан хууль зүйн техник хангуулахаар зарчмын зөрүүтэй саналууд гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй гэдгийг дурдлаа. 

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, Д.Сарангэрэл, Ч.Ундрам нарын асуултад Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар хариулав. Тэрбээр, хуулийн төсөлд Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийн эх үүсвэр нь автотээврийн хэрэгслийн сонирхол татахуйц улсын бүртгэлийн дугаар борлуулсны орлого, хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтыг дэмжсэн соёл урлаг, спортын тоглолтын орлого, бусад эх үүсвэрээс бүрдүүлэхээр заасныг тэмдэглээд Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа, Ц.Сандаг-Очир нарын гаргасан саналуудыг дэмжих шаардлагатай тул чуулганы хуралдаанд оролцсон гишүүдээс дэмжихийг хүслээ.

Ингээд хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалтыг явуулахад Төсвийн байнгын хорооны дэмжээгүй саналуудыг чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. 

Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн 2 дугаар зүйл буюу 21 дүгээр зүйлийн 21.3 дахь хэсэгт “21.3.3.олон улс, тив, дэлхийн соёл, урлаг, спортын уралдаан тэмцээн, наадамд оролцох бэлтгэл хангаж байгаа болон оролцох болзол хангасан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд дэмжлэг үзүүлэх.” заалт нэмэх, Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир төслийн 2 дугаар зүйлийн 21.1 дэх хэсгийн болон Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн 16.6 дахь хэсгийн “хөгжлийг” гэсний дараа “, хамгаалал, оролцоог” гэж нэмэх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжлээ.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин хуулийг ердийн журмаар дагаж мөрдөх, үүнтэй уялдуулан төслийн 3 дугаар зүйлийг төслөөс хасах, төслийн 2 дугаар зүйлийн 21.3.2 дахь заалтын “тив” гэсний өмнө “олон улс,” гэж нэмэх, мөн заалтын “соёл, урлагийн болон спортын уралдаан тэмцээнд” гэснийг “соёл, урлаг, спортын уралдаан тэмцээн, наадамд” гэж өөрчлөн, төслийн 1, 2 дугаар зүйлийг нэгтгэн хуулийн техникийн засвар хийх найруулгын саналууд гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжих нь зүйтэй гэж үзэв. 

Харин Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргалаас төслийн 2 дугаар зүйлийн 21.2 дахь хэсэгт буюу Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийн эх үүсвэрт “нэмэгдсэн өртгийн албан татварын орлогын 1 хувь”-ийг нэмж тусгахыг санал гаргасан ч Үндсэн хуулийн зарчимд нийцэхгүй учраас санал хураалт явуулсангүй. 

Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин Хүүхдийн эрхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйл буюу 16.6 дахь хэсгийн “Сангийн удирдлага, санхүүжилттэй холбоотой харилцааг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулиар зохицуулна.” гэсэн агуулгатай 2 дахь өгүүлбэрийг  “16.7.Энэ хуулийн 16.6 дахь хэсэгт заасан сангийн удирдлага, сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах, хянахтай холбогдсон харилцааг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулиар зохицуулна.”гэсэн хэсэг болгон салгаж өөрчлөн найруулах, Автотээврийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн 17.4 дэх хэсгийн “Автотээврийн хэрэгслийн сонирхол татахуйц улсын бүртгэлийн дугаар борлуулсны” гэснийг “Энэ хуулийн 17.3-т заасан” гэж өөрчлөх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжив. 

Ингээд Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)