Нийслэл хотод барилгын салбарыг зогсоохгүйгээр авч хэрэгжүүлэх ажлын саналыг хүргүүлж байна
- 2021-04-12
- Нийгэм
- 0
ЭРХЭМ ХҮНДЭТ МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД, УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН ДАРГА С.АМАРСАЙХАН
Таны амрыг эрэхийн зэрэгцээ улс орон даяар үүсээд байгаа цар тахлаас ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудаа хамгаалах, урьдчилан сэргийлэх, дэмжин ажиллах нөр их үйлсэд нь манай барилга, бүтээн байгуулалтын салбарын бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгж, байгууллагууд, Монголын барилгын үндэсний ассоциаци ТББ-ын нийт гишүүн компаниуд болон өөрийн зүгээс амжилт хүсье.
Манай МБҮА ТББ нь 2009 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд өөрийн эгнээндээ барилга, бүтээн байгуулалтын салбарт идэвхтэй үйл ажиллагаагаа явуулдаг томоохон хөрөнгө оруулагч, хөгжүүлэгч, үл хөдлөх хөрөнгө, барилга угсралт, барилгын материал үйлдвэрлэгч, зураг төслийн чиглэлийн 160 гаруй гишүүн компаниудыг эгнээндээ нэгтгэсэн, гишүүд, нийгэмдээ үйлчлэхээс гадна төрийн зарим чиг үүргийг гүйцэтгэдэг мэргэжлийн манлайлагч төрийн бус байгууллага юм.
“Ковид-19” халдварын тархалт сүүлийн өдрүүдэд эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан Засгийн газар ээлжит бусаар хуралдаж 2021 оны 04 дүгээр сарын 10-25-ны өдрүүдэд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, хөл хорио тогтоох шийдвэрийг гаргасан билээ.
Үүний дагуу Улсын онцгой комиссоос хөл хориог хэрхэн зохицуулах тухай 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Дугаар 02 тогтоолыг гаргасан байна. Тус тогтоолын 16-р заалтад заасны дагуу “Орон нутагт уул уурхай, зам, барилга, эрчим хүч, .... ажлын тусгай горимоор ажиллуулахыг холбогдох байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлагуудад даалгасугай” гэжээ.
Гагцхүү энэ заалт нь зөвхөн “орон нутагт” гэж заасан байгаа тул барилгын идэвхтэй улирал богино байдаг манай орны хувьд, бүтээн байгуулалтын ажил ид эхэлж байгаа энэ цаг үед, бүтээн байгуулалтын ажлыг нийслэл хотод мөн ижил зогсоохгүйгээр дараах арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэх шийдвэрийг гаргаж өгөхийг Танаас хичээнгүйлэн хүсэж байгааг хүлээн авна. Үүнд:
1. Барилгын төсөл хэрэгжүүлж байгаа гүйцэтгэгч байгууллагууд бэлтгэл, зохион байгуулалтаа урьдчилж сайтар хангасны үндсэн дээр ажилчдаа хөл хорионы хугацаанд төслийн талбайд байнга байрлуулж /ажил, гэрийн хооронд явуулахгүйгээр/, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан ажилчдын төвлөрөл, бөөгнөрөл үүсгэхгүйгээр зохион байгуулж, ажлаа үргэлжлүүлэхийг зөвшөөрөх,
2. Барилгын материалын хомсдолоос урьдчилан сэргийлж арматурын нийлүүлэлт болон цементийн үйлдвэрлэл, бетон зуурмагийн үйлдвэрлэл, ханган нийлүүлэлтийг халдвар хамгааллын дэглэмийг хатуу баримтлан үргэлжлүүлэхийг зөвшөөрөх зэрэг болно.
Барилга угсралтын үед задгай агаартай, ил талбайд ажилладаг болон барилгын засал чимэглэлийн ажлын үед хүн хоорондын зай хангалттай хол ажиллах боломжтой, халдвар тархах магадлал харьцангуй бага байдаг нөхцөл байдлыг харгалзан үзэж, барилга бүтээн байгуулалтын ажил ид эхэлж байгаа энэ цаг үед ажлыг зогсоохгүй, эрчийг нь сааруулахгүй явуулах нь цаг хугацаандаа бүтээн байгуулалт явагдах цаашлаад эдийн засгийн идэвхжил буурахгүй байхад чухал нөлөөтэй тул манай барилга, бүтээн байгуулалтын салбарын бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгж, байгууллагууд, МБҮА ТББ-ын нийт гишүүн компаниуд Улсын онцгой комиссыг уг нөхцөл байдлыг зөвөөр ойлгож, бидний дээр дурдагдсан саналуудыг нааштайгаар хүлээн авч шийдвэрлэн хамтран ажиллана гэдэгт гүнээ итгэж байна.
Таныг хүндэтгэсэн,
ЕРӨНХИЙЛӨГЧ Д.ЦЭРЭНЖИГМЭД

Сэтгэгдэл (0)