Хилийн цэрэг Миний амьдралд

… Цэргийн амьдралд шантарсан нэгнийгээ “Гоожсон” цэрэг хэмээн шоглодог аж. Ийм үг сонссон цэргийн шар гозойж бусдаасаа хойш суухгүй, мэрийх гэж янз бүрээр хичээдэг. Үнэн хэрэгтээ халагдах цэрэгт тэр хоч моч нь хамаагүй л дээ. Хал цэргийн “зан” гэж байдаг юм билээ. Нэг тийм өөр, дүйнгэ болчихдог гэх үү дээ. Дарга хичнээн загнаад ч нэмэргүй. Сэмээрхэн, бусдад мэдэгдэлгүйгээр халагдах өдөр хоногоо тоолсоор л. Дарга, орлогч нар сар өдөр асуухаар гэнэ алдаж шууд хэлчихдэг, бантдаг. Ер нь шантарч, няцаж буй цэрэг гаднаасаа хараад л ойлгомжтой байдаг л даа.

Хэзээ, хэдний өдөр цэрэг халагдах нь нууц. Иймд бид хэзээ халагдах нь бас тодорхойгүй. Нэг л өдөр машин ирээд авна байх даа л гэсэн битүүхэн горьдлоготой. Ийн бодсоор миний бие бага даргынхаа хувиар цэргүүдээ амраачихаад өөрөө амрах бэлтгэлээ хангахаар ёотон шиг дөрвөлжин, цэвэрхэн зассан орондоо орлоо. Хилийн цэрэгт цэргийн байрны гэрэл, холбооны станц хэзээ ч унтардаггүй бөгөөд шөнө цагийн манаанд, ээлжинд гарч буй цэргүүд орж гарсаар хэр баргийн чимээ шуугиан, гэрэл гэгээнд ажрахгүй амарч сурсан байдаг. Гэхдээ түгшүүрийн дохио, комманд тушаалыг хичнээн ядарсан, бөх нойрссон цэрэг ч “год” хийгээд босдог чанар хилчин цэрэгт мэдээж байдаг юм.

Өглөө 5.30 цагт түрүүч, бага дарга цэргүүдийг босохоос 30 мин өмнө өөрөө боссон байх ёстой. “Сэрээд, Сэрээд, Сэрээд” хэмээн аяархан коммандаар цэргүүдээ сэрээнэ. Дараагийн комманд өгөөгүй байхад хэн ч орноос босох ёсгүй. Харин “Дуусгаад, Бос !” коммандаар бүх цэргүүд нэгэн зэрэг орноосоо босож дүрэмт хувцсаа хурдан шаламгай бөгөөд цэвэр үзэмжтэй өмсөх ёстой. Ингээд дараагийн ажилдаа шилжих ёстой.

За тэр ч яахав. Хилийн цэрэгт “цагийн манаа” гэж байдаг юм. Энэ нь цэргийн байгууламжийн ойр хавьд цэргийн хяналт зохион байгуулдаг манааны төрлийг хэлдэг. Яагаав, нөгөө кино, клип, шторконд гардаг өндөр, төмөр цамхаг дээрээс буугаа үүрчихсэн цэрэг дурандаал байдаг даа. Ийм манаанд хэд хоноод л гарна. Ингэхдээ тушаал авсан цэрэг бүтэн 24 цагийн турш түүний хараа хүрэх бүх газар хяналт тавих ёстой. За ингээд л би цагийн манаандаа гарав аа хөөрхий.

 

Буугаа үүрээд, станцаа бариад цамхагийн орой дээр гарч гадаад тал руугаа, дотоод тал руугаа дурандаад л. Хөөрхий халагдах цэрэг болохоор сэм сэмхэн ангийн төвөөс ирдэг машин зам руугаа хааяа дурандчихна. Яагаад гэж үү? Өмнө нь хэлсэн дээ. Цэргүүдийг хэзээ халах нь нууц. Тэгэхээр тэндээс л хэзээ ч хамаагүй нөгөө “бүхээгтэй ногоон” машин чинь гараад ирнэ. Гэхдээ мэдэгдэх юм алга.

Ингээд гадаад тал руугаа дурандахад хэдэн хариулгагүй адуу байгааг олж хараад станцаар застав руугаа дамжууллаа. Энэ нь тийм ч сүртэй зүй биш л дээ. Хилийн эсрэг талд Өвөрмонголчууд амьдардаг. Нутаг дэвсгэртээ тэгтлээ олуулаа амьдардаг уу, үгүй юу мэдэхгүй. Ямартай ч хил рүүгээ тулж амьдрахдаа хүрсэн юм байлгүй дээ.

Хилийн хариуцсан хэсэг маань тал газар байв. Иймд тээр тэндхийн чимээ тод сонсдоно. Гэтэл машин харагдахгүй мөртлөө моторын дуу сонсогдох нь тэр. Тийм ээ, өнөөх бүхээгтэй ногоон машин маань хаврын цас, шавар шавхай, гуу жалга, замын бартааг ажрахгүй туулсаар заставын хашаагаар ороод ирлээ. Дурангаар харвал малын хашаанаас малчин цэргүүд морио унасаар заставын зүг давхиж байгаа бололтой. Хавар байсан болохоор аж ахуйн ажил ихтэй. Ажил хийж байсан салаа цэрэг тэр чигтээ бөөн баяр, тарж гүйлдээд байв.

Миний таамаг зөв байжээ. Буугаа үүрсэн шинэ цэрэг надтай солигдохоор харуулын цамхаг дээр ирэв. Тэд үлдэх учраас надтай солигдож байгаа юм. Харин би явах ёстой …

Гэхдээ энэ хүртэл зам дардан байгаагүй ээ, цаг хугацаа ч хурдан байгаагүйг энд хэлэх ёстой. Цэрэг болох, хил манах үйл хэрэг маань миний хүүхэд насны мөрөөдлөөс эхлэлтэй юм. Хүүхэд байхаасаа л цэрэг, цагдаа болно гэж ярьдаг байсан гэнэ лээ. Ер нь цэрэг ахыг хараад биширдэггүй, мөрөөддөггүй эрэгтэй хүүхэд лав байхгүй байх. Эрэлхэг, чин зоригтой, нэг тийм баатарын дүр учраа мэдэхгүй тийм жаахан хүүхдийн дотор байна гэхээр энэ бол эр хүний төрөлх зөн билэг гэж зөвтгөмөөр.

Нэрт сэтгэлзүйч К.Юнг европын орнуудаар багагүй аялдаг байж. Нэгэн удаа галт тэргээр францын нэгэн хөдөө тосгоны хажуугаар өнгөрөхдөө аймшигт наймаалж олон хүнтэй зэрэг тулалдаж байгааг зүүдэлсэн гэнэ. Эрт үед тэр тосгон байсан газар Францын арми эх нутгаа Испаны түрэмгийллээс хамгаалсан түүхэн тулаан Юнгийн өвөг дээдсээс ирсэн хуучин тархинд нь хадгалагдсан төдийгүй тухайн газар орноор явахад хуучны мэдээлэл ухамсрын түвшинд ирсэн хэмээн тэрбээр тайлбарласан юм. Магад ийм учраас хүүхэд багачуудын дотор баатарлаг дүр оршиж, хожим цэрэг армитай холбож өгөх нэг хүчин зүйлс болдог байх. Мэдээж олон хүчин зүйлс нөлөөлөхийг үгүйсгэхгүй.

Хүмүүст “CheckList” буюу заавал хийх ёстой гэсэн дотроо бодож явдаг жагсаалт байдаг даа. Миний хувьд тийм л байсан. Багаасаа л мөрөөдөж явсаар оюутан болсон. Сургуулиа төгссөн, гадаадад сурах ёстой гэж бодсон. Төгсөж ирээд ажиллах ёстой. Ингэсээр байтал нас 24 хүрчиж байгаа юм. Хугацаат цэргийн алба хаагчийн насны дээд хязгаар 25 байдаг. Тэгэхээр миний цэрэгт явах боломжтой сүүлийн жил энэ. За ингээд цаг нь боллоо. Одоо ямар ч асуудалд сатаарах ёсгүй. Өөрийгөө бэлдэж байна гээд хүмүүсээс зайгаа барьж, бие бялдар болон сэтгэлзүйн бэлтгэлээ хангаж эхэлсэн дээ.

Сурч байгаа, оюутан хүн гээд хэдэн ч жил цэргийн албанаас чөлөөлөгдсөн юм дээ, бүү мэд. Намар, хавар цэрэг татах бүрт очиж бүртгүүлсээр байгаад цэрэг татлагын комисс ямархуу байдагийг гадарладаг болсон байв. Хамаатан садан, найз нөхдөдөө хэнд ч хэлээгүй би нэг өглөө гараад явчихсан. Ээж бол намайг тоглоод байна гэж бодсон гэнэ лээ (Аав гадаадад эмчилгээтэй байсан бөгөөд Монголд ирээд намайг асуусан, би байхгүй ккк. Шоконд орсон гэсээн).

Цэрэг татлагын комисс руу ойртох тусам чанга, нүргэлсэн цэргийн хөгжим, дуу эгшиглэсээр. Цаанаа л огшмоор. Гадаа нь олон хүмүүс цуглажээ. Залуусийн царайд хурдан явах юмсан гэсэн гал цогтой инээмсэглэл тодроостой. Харин ээжүүд ялимгүй гунигтай. Комиссын гадаа нэлээд урт дараалал үүссэн байсан ч цэрэгт явах нь дараалал харгалзахгүй шууд орно. Тэгэхээр би өөртөө асар итгэлтэйгээр ордог юм байгаа биз дээ ккк. Комиссоор ороод бичиг баримтуудаа тамгалуулаад, эрүүл мэндээр тэнцсэний дараа үсээ хусуулна. Нэг дарга дээр очлоо:

-Хилийн цэрэг үү, Зэвсэгт хүчин үү? -Хилийн цэрэг болноо гээд л авсан

Дараа нь тухайн дүүргээс татагдаж буй хэсэг залуусыг эцэг эхчүүдтэй нь түр улзуулах өрөөнд оруулдаг юм билээ. Халзан толгойлоод л орсон хөөрхий гэрийнхэнтэйгээ уулзаж салах ёс хийгээд явцгаасан. За ингээд хил рүү явна даа.

Гараад машиндаа суу гэв. Бид нэг дүүргээс татагдсан бөгөөд хэсэг хамтдаа байсан чинь бүр дасчээ. Нөгөөдүүл чинь “бүгдээрээ одоо энэ бүрэлдэхүүнээрээ байна шүү, хаашаа ч явсан цугтаа гоё онжавууд болноо” л гэж байна. Машин хөдөллөө, урд хойноо дохиогоо хангинуулсан цагдаагийн машинаар хамгаалуулан хотын төв замаар давхиж гарав. Бүр сэтгэл хөөрчихсөн бүгдээрээ цонхоороо гараа гаргачихсан “баяртай, бид цэрэгт явлаа” гээл орилж өгчийнө. Тэгсэн юу вэ ? Хотын нэг сураггүй ангид буулгачихдаг юм хаха. Учрыг нь бүр сүүлд ойлгосон л доо.

Хил рүү явах цэргүүдийг тэнд бөөнөөр нь буулгаж, шилж сонгож байгаад явуулдаг юм билээ. Нэг дарга бололтой түүний тушаалаар байр руу орлоо. Тэгсэн нээх том наар байна. Хотын бүх дүүргүүдээс цэргүүд ирсээр л байв. Орой ч боллоо, нэг мэдсэн өнөөх нааран дээр “гөхийлдөхүйц” хэмжээний олон цэргүүд ирсэн байж л дээ. Өдөржин чимээ шуугианд байсаар их ядарсан байх. Нам унтчихсан.

Өглөө 6.00 цагт “Сэрээд, Сэрээд, Сэрээд” комманд ! Ингээд л цэргийн амьдралыг үзэж байгаа нь тэр. Хэд хоносны дараа цэргийн ангиудаас “төлөөлөгч” нар цэргүүдээ шилж авахаар ирлээ. Тэдний дунд миний багадаа очихыг мөрөөддөг байсан домогт Халхголын ангид цэрэг татаж байсан юм. Тэнд цэргийн алба хаана гэдэг нэр төрийн хэрэг. Тийм нэр төртэй үйл хэрэгтэй би учирсан юм даа.

Бидний аав, ах нар “Карантин” гэдэг аймар юмны талаар их ярьдаг байсан даа. Бараг кино шиг л юм боддог байлаа. “Зүүнбаян”, “Тавантолгой”, “Хал цэргийн шанаа”, “Элэг дөрөв”, “Марш Тактик”, “Нойлдуулах”, “Шал Лаадах” ааан бас “Гурвансайхан” гэх мэт шууд жихүүдэс хүрмээр, ойлгомжгүй аймар нэршлүүд ккк. Хүмүүсийн хэлдэгээр“Карантин” гэдэг нь тусгаарлах гэсэн утгатай байх л даа. Цэрэгт дөнгөж ирсэн залуусыг шууд буу бариулаад, цэргийн үйл хэрэгт оролцуулах боломжгүй юм. Өрөөлдөхөөс авахуулаад хөгөө чирнэ. Морь унаж ч үзээгүй залуус олон байдаг. Иймд өнөөх аймар Карантин гээд байгаа зүйл бол тодорхой хугацаатай цэргийн сургалт гэж ойлгож болно. Тэгэхээр орчин үед аймараар нэрлэхээ больсон, харин “Сургалтын Төв” гэнэ. Сургалтын төвд хэрхэн алхаж гишгэх, түргэн шуурхай хөдлөх, байлдааны бэлэн байдалд шилжих, буу зэвсэг ашиглах болон автоматын хагас задаргаа, гүйж харайх, хилийн манаанд хэрхэн үүрэг гүйцэтгэх, илтгэх, ёслох гээд цэрэг хүн болох анхан шатны мэдэгдэхүүн олгодог. Үүнийг ерөөсөө аймшгийн зүйл гэж ойлгож болохгүй. Аан бас тийм ч амар даваа биш гэдгийг л ойлгох хэрэгтэй. Өдөржин жагсаалын бэлтгэл хийж, ачаалал авсаар ядарсан байлаа. Казарм руу ороод шууд амрахаар ор луугаа очсон чинь найз У.Бямбанямаас захиа иржээ. Цэрэгт захианы соёл одоо ч гэсэн хуучраагүй шүү гэдгийг би хэлмээр байна. Захиа бол цэрэг хүний сэхэл авах зүйл. Захиа, илгээмж ирсэн сургаар ямар их догдолж баярладагийг цэрэгт явж үзээгүй хүн ойлгохгүй дээ гээд онгирчих уу :)

Сургалтын төвд бэлтгэгдэж дууссаны дараа цэрэг хүний, ерөөс эр хүн болж төрсний хамгийн бахархалтай мөч буюу байлдааны тугийн өмнө цэргийн тангараг өргөнө.

“Монгол улсын иргэн би
Монгол улсын үндсэн хуулиаар хүлээсэн
Иргэний цэргийн үүргээ үнэнчээр биелүүлж
Өвөг дээдсийнхээ ариун голомт болсон
Монгол улсынхаа халдашгүй дархан байдлыг
Амь бие үл хайрлан батлан хамгаалахаа
Эх орон, ард түмэндээ андгайлан тангараглъя
Би ард түмнийхээ эв нэгдэл
Монгол цэргийн шилдэг уламжлалаа эрхэмлэн хүндэтгэж
Цэргийн эрдэмд шамдан боловсорч
Улсын нууцыг найдвартай хадгалж
Монгол улсын хууль, цэргийн дүрмийг чанд сахин биелүүлэхээ батлан тангараглъя
Эх орноо батлан хамгаалагч дайчин би өргөсөн тангарагаасаа няцвал
Төрийн хуулийн цээрлэл хүлээнэ”

Шантрах, няцах үе гаралгүй л яах вэ. Гэхдээ захирагч дарга нарын зүгээс ч, бас өөрөө ч цэргийн тангараг өргөсөн шүү гэж үргэлж сануулах бүрийд сэхдэг юм билээ. Нэгэнт тангараг өргөсөн бол эргэж, буцах санаа сэдэл огт байх ёсгүй.

Цэргийн анхан шатны мэдэгдэхүүн эзэмшсэн, тангарагаа өргөчихсөн цэрэг эрсийг нөгөө хүсэн хүлээгээд байсан хилийн застав руу илгээж үүрэг гүйцэтгүүлж эхэлнэ дээ.

Цэргийн хамгийн муухай комманд “Сэрээд, Сэрээд, Сэрээд !”, харин хилийн цэргийн хамгийн гоё комманд (илтгэл)“Манаа номхон, Эрхэм дэд хурандаад, ……….. бүрэлдэхүүнтэй хилийн манаа Монгол Улсын хил хамгаалах тушаал авахаар ирлээ” гэнэ. Хил хамгаална гэдэг хайртай ижий, аавыгаа, амраг бүсгүйгээ, найз нөхдийгөө, ард түмнээ, эх орноо хамгаалж, тэднийгээ элэг бүтэн тайван нойртой хонуулахын төлөө үүрэг гүйцэтгэж байгаа л гэсэн үг. Иймд хил хамгаалах тушаал авсан, хилийн манаанд үүрэг гүйцэтгэж байгаа цэргүүд хэзээ ч өлсдөггүй, нойр нь хүрдэггүй, шантарч няцдаггүй. Энэ бол утга учиртай үйл хэрэг. Хилчин хүн ямагт ажигч, соргог чанар эзэмшдэг юм билээ. Хүн байгаа газраа дасан зохицож амьдардаг нь хүний төрөлх зөн билэгтэй холбоотой байх. Компьютерийн араас гарч үзээгүй би газар орны байршил, өвс чулууны хөдөлгөөн, цаг агаарын байдал, хүн амьтны мөрийг ажиглаж сурсан юм.

Хилчин хүнд “Survive” буюу байгаа бололцоогоо ашиглаад амь гарах, заавал хүчээр биш юмны арга эвийг олох, амьдрах наад захын арга ухаан байх ёстой. Хотод бид өвөлдөө дулаахан хувцаслаж аваад байшингаас байшингийн хооронд унаа тэргээр явсаар байгаад л таардаг. Зундаа нөмөр газар сүүдэр бараадсаар аргыг нь олчихдог. Тэгээд л байхад бид даарлаа, халууцлаа гэж олон юм ярьдаг. Харин хил дээр, хөдөө газар, ялангуяа тал нутгийн өвлийн хүйтэн, тэгээд бүр Халхголын жавар гэж айхтар юм бий. Зуны халууныг ярих ч юм биш. “Халхгол”-ын шумуулны талаар зөндөө л сонсоо биз дээ. Казарм, майхандаа дан хомоол, аргаль уугиулдаг байлаа. Заримдаа тэрэндээ угартаж үхэх гэж байгаам чинь хаха. Нэг орой шумуул дийлдэхээ болиод манай хал цэрэг намайг шөнийн 2 цагт гарч шуудай дүүрэн хомоол түүж ир гэв. Гарлаа, саргүй шөнө юу ч харагдсангүй. Газар тэмтчиж явсаар шуудайгаа дүүргэдэгийн даваан дээр могой атгаад авсан юм даа ккк. Хилийн бүс, зурвас гэсэн ойлголт байдаг. Тодорхой хэмжээ заачихсан. Тухайн газраар хүн, мал явах оршин суух нь хориотой. Тэгэхээр Монгол орны бүх ан амьтад нь аюул багатай хил орчмын бүс нутгаа дагаж амьдардаг юм билээ. Хил гэдэг чинь Зоо парк. Сартай шөнө хилийн манаанд явах сайхан. Гэхдээ хэдхэн алхмын газраас чоно улих чимээ сонсдоход эр хүн болж төрсний бахархал энэ буюу.

Цэрэг хүн өмссөн хувцас, гутал, эд хэрэгслээ нямбай цэвэр эзэмших ёстой. Бүр буугаа хүртэл сайхан зүлгээд, тослоод л байна шүү дээ. Өглөө бүр “жагсаалын үзлэг” гэж цэргүүдийн гутал, хувцас энэ тэр нь цэвэр, бүрэн эсэхийг шалгадаг юм. Жавар тачигнасан хүйтэн өвөл байсан даа. Ядаж байхад манай заставын хажуугаар Халхгол урсдаг байв. Орлогч даргадаа жагсаалын үзлэгээ эд зүйлсээ шалгуулах гэсээр байтал гар бээрчиж байгаа юм. “Дуусга” комманд өгсөн чинь байдаггүй ээ. Хэдэн хуруу минь хөдөлдөггүй, энгэрээ товчилж чаддаггүй ганцаараа энгэр задгай юм жагсаалын дээр мунгинаж билээ. Ийм л хүйтэн. Удалгүй заставын дарга цаас гаргаж ирээд ……. тушаах нь гээд л уншиж байснаа байлдагч Л.Энхтүшигийг “Түрүүч” цолоор … “Түрүүч Энхтүшиг жагсаалаас гар, над руу” гэж дуудаж байна. Очлоо. Дарга, орлогч хоёр хуучин мөрдсийг минь гурван зураастай түрүүч мөрдсөөр солилоо. Тэр өдөр бол 12-р сарын 14-нд байсан. Би тэр өдрийг мартахгүй ээ.

… Ингээд харуулын цамхагаас бууж ирсэн түрүүч Л.Энхтүшиг бүхээгтэй ногоон машинаасаа хоцорчих юм шиг заставын зүг хар хурдаараа гүйсэн дээ. Орой нь бид халагдах цэргийн үдэшлэгтээ нэг сайн бүжиглэж аваад, хал цэргээсээ авсан шанаа, мориноосоо унаж хөгөө чирсэн, жагсаалын хойно хоцорсон гээд цэргийн амьдралын хөгжилтэй сайхан дурсамжуудаа ярьцгааж өглөөг угтан “машиндаа” коммандаа сонсов. Улаанбаатарын зүг явсаар л. Ийн бид хэд хоног явсны эцэст анх шилэгдэж, сонгогдож, анх татагдаж байсан ангидаа очлоо. Тэнд газар бүрээс халагдах цэргүүд иржээ. Анх цугтаа гөхийлдөж хоноцгоосон цэргүүд. Хамтдаа, салахгүй шүү гээд байсан цэргүүд маань ч байв. Нэг талд нь хүүгээ хүлээж буй эцэг эхчүүд, нөгөө талд нь жагссан цэргүүд. Ингээд “Болно,Тар !” комманд өглөө. Энэ комманд бол үндсэн хуулийн өмнө хүлээсэн иргэний цэргийн үүргээ та биелүүлчихлээ, одоо харьж болно гэсэн үг. Хурга, ишиг нийлж байгаа юм шиг л уулзацгааж байсан даа.

Цэрэгт явах бол цагийн гарз гэж зарим хүмүүс ярьдаг. Цаг алдана ч гэх шиг. Гэхдээ юуны төлөө, яах гэж яарах ёстой юм? Хүмүүс их завгүй, ямар нэгэн юманд яарч амьдардаг ч үнэхээр цагийг үр бүтээлтэй өнгөрүүлж чаддаг уу? Ажлаас ажлын хооронд, цалингаас цалингийн хооронд, нэг л газраа уйтгартай биш гэж үү? Амьдралд өнгө нэмэх, утга учиртай зүйл хийх хэрэгтэй л байх. Залуу хүн янз бүрийн зүйл туршиж үзэх хэрэгтэй, бас амьдрал үзэх хэрэгтэй. Гэхдээ энэ бол ёстой гэсэн үг биш. Сэтгэл хөөрлөөр биш, сайтар бодож тунгаасны дүнд гаргах шийдвэр юм.

Цэргийн амьдрал надад их зүйлийг өгсөн. Би илүү тэвчээр хатуужилтай болсон. Эмзэг, мэдрэмтгий байхаа больсон. Ямар ч муухай даргын үгийг дааж сурсан. Ямар ч газар захирах, захирагдах ёс байх ёстой, түүнийг хэлбэрэлтгүй мөрдөх ёстойг ойлгож өөрийн ЭГО-г нэг мөр дарсан ккк. Хувийн зохион байгуулалт сайжирсан. Багаар ажиллаж, нэг ажлаас нөгөө ажлын хооронд цаг алдалгүй хурдан шаламгай шилжиж, цаг төлөвлөлт хийж сурлаа. Амьдралын наад захын хөдөлмөрт суралцлаа. Их зүйл ойлгосон, сурсан.

Эцэст нь хэлэхэд, би хилийн цэрэгт хайртай. Үе үеийн хязгаарын харуул, хилчин цэргүүдийн манаж байсан, өвөг дээдсийн минь амиа өргөсөн, эх орны минь наран ургах хязгаар нутгаа би мартахгүй ээ.

Заставын түрүүч, Л.Энхтүшиг

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)