“И-март” худалдааны төв иргэдийг мэхэлж байна уу

“И-Март” худалдааны төвөөр үйлчлүүлсэн нэгэн иргэн 1 кг 16600 төгрөгийн үнэтэй усан үзэм худалдаж аваад, үнэнд дүйцэхээргүй санагдсан тул жинлэж үзтэл 2106 граммаар савласан, 34960 төгрөг гэх үнэлгээтэй усан үзэм 952 грамм байжээ. Улмаар тухайн хэрэглэгч дахин дурын нэг боодол усан үзмийг сугалан, дэлгүүрийн менежер болон худалдагчийн дэргэд жинлэж үзэхэд 2020 грамм гэж шошго наасан бүтээгдэхүүн 820 грамм байжээ.

 

Энэ тухай хууртагдсан хэрэглэгч сошиалд мэдээлэл нийтэлсэн ба олон нийтийн зүгээс ч ийм байдлаар удаа дараа хохирсон байхыг үгүйсгэхгүй гэх гомдол илэрхийлсээр байна.

Тэгвэл Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Бат-Эрдэнэ эл асуудалд анхаарал хандуулж, “Хэрэглэгчийг хохироож, худалдааны аргаар залилж, хуурч мэхэлж болохгүй” гээд, асуудлыг шалгахаар болсныг мэдэгдлээ.

 

Энэ дагуу Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны иргэнээс гаргасан гомдлын дагуу Скай хайпермаркет ХХК-ийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах Имарт худалдааны төвийн салбарын захирал Н. Отгончимэгийг байлцуулан 2021 оны 04 сарын 13-ны өдөр хэмжил зүйн хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар тус төвийн ажилтан 1 кг нь 16600 төгрөгийн усан үзмийг дутуу жинлэж савласан баримтаар тогтоогдсон. Тус төвөөс зөрчлийг газар дээр нь арилгуулж, дахин жинлэн савлаж худалдаасан байна.

Иймд хэмжлийг буруу хийсэн, дотоод хяналтыг хангалтгүй Скай хайпермаркет ХХК-ийн  Хан-Уул дахь салбарт “Зөрчлийн тухай” хуулийн дагуу 1 500 000 төгрөгийн торгууль ногдууллаа.

Цаашид иргэдэд сэрэмжлүүлэхэд савласан бүтээгдэхүүн худалдан авахдаа савласан бүтээгдэхүүний цэвэр тоон хэмжээг тухайн худалдааны төв, дэлгүүрийн “Хяналтын жин” дээр шалгаж авах нь зүйтэй гэж Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас анхаарууллаа.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)