Хөдөө аж ахуйн зориулалттай тоног төхөөрөмжийг татвараас хөнгөлж, чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив

Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

    Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2021.04.22) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг танилцуулсан.

    Засгийн газраас 2020 оны арван хоёрдугаар сарын 1-ний өдөр өргөн мэдүүлсэн дээрх төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурал 2021 оны нэгдүгээр сарын 15-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрлэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн юм. Хууль зүйн байнгын хорооны 2021 оны 3 дугаар тогтоолоороо дээрх хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх, бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах ажлын хэсгийг байгуулжээ. Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Ц.Сандаг-Очир, Д.Цогтбаатар, Б.Энх-Амгалан нар болон холбогдох бусад албан тушаалтнууд орж ажилласан байна.

    Байнгын хороо 2021 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан бөгөөд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу төслийг зүйл бүрээр хэлэлцсэн болохыг санал, дүгнэлтэд дурджээ.

    Улсын Их Хурлаас 2020 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр баталсан Оюуны өмчийн тухай хуулийн үзэл баримтлал, зохицуулалтад нийцүүлэн хуулийн төсөлд зохих өөрчлөлтийг тусгах, Монгол Улсын нэгдэн орсон Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенци болон Худалдаанд хамаарах Оюуны өмчийн эрхийн тухай хэлэлцээрт нийцүүлэн барааны тэмдэг, газар зүйн заалтыг эрх зүйн хувьд баталгаажуулах, эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, барааны тэмдэг эзэмших, ашиглах, захиран зарцуулах, газар зүйн заалтыг ашиглахтай холбогдсон харилцааг боловсронгуй болгох зэрэг зарчмын зөрүүтэй 4 санал болон найруулгын шинжтэй 2 саналыг ажлын хэсгээс тус тус гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.

    Байнгын хорооны дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, Ц.Мөнхцэцэг гишүүнээс хариулт, тайлбар авсан. Дараа нь зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлээд, төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн юм.

Патентын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

    Дараа нь Патентын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир танилцуулав.

    Засгийн газраас 2020 оны арван хоёрдугаар сарын 1-ний өдөр өргөн мэдүүлсэн дээрх төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурал 2021 оны нэгдүгээр сарын 15-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн юм.

    Хууль зүйн байнгын хорооны 2021 оны 3 дугаар тогтоолоор дээрх хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх, бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах ажлын хэсгийг байгуулжээ. Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Ц.Сандаг-Очир, Д.Цогтбаатар, Б.Энх-Амгалан нар болон холбогдох бусад албан тушаалтнууд орж ажилласан байна.

    Байнгын хороо 2021 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулжээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцсэн гэв.

    Улсын Их Хурлаас 2020 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр баталсан Оюуны өмчийн тухай хуулийн үзэл баримтлал, зохицуулалтад нийцүүлэн хуулийн төсөлд зохих өөрчлөлтийг тусгах, патент болон ашигтай загварын ялгааг тодорхой болгох, хуульд заасан хөнгөлөлтийн хугацаа дууссанаас хойш патент ашиглах эрхгүй этгээд патентыг ашигласан бол патент эзэмшигчийн эрхийг зөрчсөнд тооцох, патентын хураамжийг төлөөгүй бол патент эзэмшигчийг патентын эрхээсээ татгалзсанд тооцож, патентыг хүчингүй болгох бөгөөд энэ тухай албан ёсны тогтмол хэвлэлд нийтлэх зэрэг зарчмын зөрүүтэй 8, найруулгын шинжтэй 2 саналыг ажлын хэсгээс гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

    Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийгявуулах үед Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнхцэцэг хуулийн төслийн 57 дугаар зүйлийг хасаж хуулийг ердийн журмаар дагаж мөрдөх зарчмын зөрүүтэй санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.

    Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, Ч.Ундрам нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт, тайлбар авав. Дараа нь зарчмын зөрүүтэй саналыг томьёолол нэг бүрээр санал хураалт явуулан шийдвэрлээд, Патентын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороонд шилжүүлэв.

Хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

    Хуралдаанаар үргэлжлүүлэн Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ. Төсөл санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Ж.Батжаргал танилцууллаа.

    Улсын Их Хурлын 2020 оны 24 дүгээр тогтоолоор батлагдсан “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т “Атрын IV аяныг хэрэгжүүлж, тариалангийн тогтвортой үйлдвэрлэлийн хөгжлийг хангаж, бүтээгдэхүүнийг экспортлох, боловсруулах хүчин чадал, таримлын сэлгээ, тэжээл үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх замаар салбарын бүтээмж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, эрчимжсэн мал аж ахуйг дэмжих замаар хүн амын хүнсний хэрэглээг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангах зорилтыг” дэвшүүлсэн. Короновируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын тархалттай холбоотойгоор газар тариалангийн үйлдвэрлэлд ашиглагддаг техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисын үнэ гадаад зах зээл дээр 30 орчим хувиар өссөн нь дотоодын үйлдвэрлэлд сөргөөр нөлөөлж, технологийн ажилбаруудыг цаг хугацаанд нь хийх боломж багасахын зэрэгцээ бүтээгдэхүүний үнэ өсөх нөхцөлийг үүсгээд байгааг төсөл санаачлагч илтгэлдээ дурдлаа.

    Мөн хөдөө аж ахуйн салбарт техник технологийн шинэчлэлт бүрэн хийгдээгүй цар тахлын энэ үед тариаланч, үйлдвэрлэгчдэд татварын дарамт учруулахгүй байх, төмс, хүнсний ногооны механикжуулалтын түвшин хангалтгүй байгаагаас тарих, хураах, сортлох ажлын ихэнх хувийг гар аргаар гүйцэтгэж байгаа нь хөдөлмөр зарцуулалтыг нэмэгдүүлэн өрсөлдөх чадварыг бууруулж байгаа аж. Иймд  короновируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын нөхцөл байдал, эдийн засгийн хямрал, валютын өсөлттэй байгаа энэ үед хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд нэн шаардлагатай байгаа шинэ трактор, комбайн, машин механизм, усалгааны тоног төхөөрөмж, ойн болон шувууны аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисын гаалийн татварыг хөнгөлж, хөдөө аж ахуйн үйлдвэр эрхлэгчдийг дэмжих зорилгоор Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг боловсруулжээ.

    Төсвийн байнгын хороо 2021 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн хуралдаанаараа төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсэн байна. Хууль санаачлагч импортоор оруулж байгаа болон дотооддоо худалдан борлуулсан хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизм, усалгааны тоног төхөөрөмж, ойн болон шувууны аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисыг 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийг татварын бодлогоор дэмжих нь зүйтэй гэж үзэж хуулийн төслийг боловсруулсныг санал, дүгнэлтэд дурдсан байв.

    Байнгын хорооны хуралдаанаар төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал газар тариалангийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх томоохон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх, ковидын цар тахлын энэ үед эдийн засгаа сэргээх, хүнсний хангамжаа дотоодын нөөц бололцоогоор хангах, техник тоног төхөөрөмжөө сайжруулах зэрэг цогц бодлогыг хэрэгжүүлэхийн тулд хуулийг 2025 он хүртэл мөрдөх нь зүйтэй, түүнчлэн хүлэмжийн аж ахуйн тоног төхөөрөмжийг мөн татвараас чөлөөлөх нь зүйтэй гэсэн саналыг гаргасан байна.

    Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзжээ.

    Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Х.Баделхан, Н.Алтанхуяг, Г.Мөнхцэцэг, Б.Жаргалмаа, Т.Аубакир, Ч.Ундрам, Х.Ганхуяг нар асуулт асууж, хариулт авсан. Дараа нь хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн Байнгын хорооны саналыг дэмжих томьёоллоор санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь буюу 55.4 хувь нь дэмжсэн тул хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн. 

    Дараа нь Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, төсөл санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Ж.Батжаргал танилцуулсан.

    Импортоор оруулж байгаа хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизм, усалгааны тоног төхөөрөмж, ойн болон шувууны аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодист ногдуулах гаалийн албан татварыг 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд хөнгөлж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийг татварын бодлогоор дэмжих нь зүйтэй хэмээн үзэж боловсруулсан төслийг 2021 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүлжээ. Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Төсвийн байнгын хороо 2021 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн байна.

    Байнгын хорооны хуралдаанаар төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал хуулийн төслийг үзэл баримтлалын хувьд дэмжиж байна, цаашид хэлэлцүүлгийн явцад хүлэмжийн аж ахуйн тоног төхөөрөмжийн гаалийн албан татварыг хөнгөлөх асуудлыг төсөлд нэмж тусгах, мөн хуулийг 2025 оны нэгдүгээр сарын 01-ний өдөр хүртэл хэрэгжүүлэх, ингэснээр үндэсний үйлдвэрлэгчдээс дотоодын хэрэгцээгээ хангадаг байх нөхцөл бүрдэнэ гэсэн саналыг гаргасан байна. Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн гэв.

    Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир гишүүн асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авав. Төрөөс авч хэрэгжүүлж буй татварын хөнгөлөлтийн үр ашгийг эцсийн дүндээ ард иргэд хүртэж, чанартай хүнсийг тогтвортой үнээр худалдан авах ёстой. Эдгээр арга хэмжээний эцсийн үр дүнг салбарын яам хэрхэн үнэлдэг талаар тодруулсан. Аж ахуйн нэгжүүд л хүртэж байгаа гэж ойлгох нь өрөөсгөл гэдгийг З.Мэндсайхан сайд онцлов. Төрөөс татварын дээрх төрлийн бодлого хэрэгжүүлсний үр дүнд гурил тэргүүтэй гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнүүдийн үнэ харьцангуй тогтвортой байгааг тэрбээр дурдсан. Төр, бараа бүтээгдэхүүний үнийг хянах гэхээсээ илүүтэй чанартай, эрүүл, аюулгүй хүнсээр ард иргэдээ тасралтгүй хангах үүрэгтэй учир төрөөс авч хэрэгжүүлж буй дээрх төрлийн татварын хөнгөлөлт энэ зорилтод онцгой түлхэц үзүүлдэг, үр дүнтэй арга хэмжээ хэмээн хариуллаа.

    Төслийн хэлэлцэх, эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан, Н.Ганибал гишүүн үг хэллээ. Цар тахлын нөхцөл байдал нь тариалан эрхлэгчдийн үйл ажиллагаанд хүндрэл үүсгээд байгаа энэ үед төрөөс татварын хөнгөлөлтийн дээрх бодлогыг авч хэрэгжүүлж байгаа нь чухал ач холбогдолтойг гишүүд тэмдэглэж байв. Түүнчлэн төрөөс авч хэрэгжүүлж байгаа бодлогуудыг зорилтот бүлэгтээ шуурхай хүрэхэд салбарын яамнаас онцгой анхаарч, нэн шуурхай ажил хэрэг болгохыг хүслээ. Ц.Сандаг-Очир гишүүн, нийслэлийн ойр орчимд дэд бүтэц бүхий бүс нутагт дөрвөн улирлын хүлэмжийн аж ахуй байгуулах, үүнийг салбарын яам бодлогоор дэмжих шаардлага байгааг хэлсэн.

    Ингээд уг хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн Байнгын хорооны саналыг дэмжих томьёоллоор санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 66.2 хувь дэмжсэн тул хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

 

“Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолыг баталлаа

    Хуралдаанаар зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж, Улсын Их Хурлын дэд дарга Т.Аюурсайхан энэ талаарх Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулав.

    Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6 дахь заалт, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсгийг үндэслэн Улсын Их Хурлын гишүүн С.Амарсайханыг Төсвийн байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболорыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдиннямыг Инновац, цахим бодлогын байнгын хорооны бүрэлдэхүүнээс тус тус чөлөөлж, Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяаг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболорыг Төсвийн байнгын хорооны, Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар, Г.Дамдинням нарыг Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны гишүүнээр батлахаар тогтоолын төсөлд тусгажээ.

    Улсын Их Хурлын дэд даргын дээрх танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул санал хураалт явууллаа. Чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанд оролцсон 65 гишүүний 63.1 хувь нь дэмжиснээр “Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдав. Иймд Улсын Их Хурлын дэд дарга Т.Аюурсайхан эцсийн найруулгыг уншиж танилцуулсан.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)