Томас Йакоб: Бизнесмэн хүн ямар ч шуурганд бэлэн байх ёстой

“Томми Хилфигер” брэндийг үндэслэгч  Томас Йакобын  Сатурдей фашион” сэтгүүл ярилцсаныг тоймлон хүргэе. 
1960-аад оны сүүлээр НьюЙоркийн Манхеттэний хувцас загварын ертөнцөд хүч үзэхээр сэтгэл шулуудсан шавилхан залуу бол “Томми Хилфигер” брэндийг үндэслэгч Томас Йакоб байлаа. Тэрбээр цаг үеэ зөв мэдэрч тухайн үеийн залуус юу хүсч байгааг олж харсан нь түүнийг “сонгодог дизайнер” болгожээ. 
1985 онд “Томми Хилфигер” брэндийг нийтэд танилцуулахдаа зар сурталчилгааны ертөнцийн домог болсон найруулагч Жорж Лойсоор кампанит ажлыг удирдуулсан нь тун оновчтой шийдэл болсон юм. Амьдралынхаа тэн хагасыг “нүцгэн биеийг алдаршуулахад” зориулж яваа түүнийг Жоржио Армани “Томми гаднаасаа эр хүн шиг л харагддаг. 
Гэхдээ түүний дотор эмэгтэй хүний мэдрэмж байдаг гэдэгт би бүрэн итгэдэг. Өнгөний сонголт, энгийн хэрнээ дэгжин загвар нь өөрийн эрхгүй миний харааг булаадаг” хэмээн ярьсан байдаг. 
Мөн “Nike” компанийн дизайнер Майкл Бумен “Өдөр тутмын амьдралын хэв маягийг Томмигоос өөр хэн ч ингэж гаргаж чадахгүй. Зарим дизайнер сонгодог загварт хэт их дурласан байдаг бол тэрбээр энгийн загварт дэндүү их татагдсан хүн” гэж дүгнэжээ. 
Энгийн амьдралаас эгэлгүй загварыг бүтээж чаддаг түүнтэй америкийн “Сатурдей фашион” сэтгүүл ярилцсаныг тоймлон хүргэе. 

-Загварын ертөнцөд хөл тавих болсон шалтгаан юу вэ. Жүжигчин болох боломж байсан гэж ярьсныг чинь санаж байна?

 -1960-аад оны сүүлээр “Битлз”, “Роллинг-Стоунс”, Жими Хендрикс зэрэг рок алдартныг дууриаж хувцаслах гэж оролддог байсныг санаж байгаа биз. Урт үс, трапецан өмд жинхэнэ мода болж байсан юм шүү. Улмаар ахлах сургуулийн хүүхдүүд ч оддыг дууриан хувцаслах болсноор найзуудтайгаа нийлж “People is place” дэлгүүр нээсэн. Ахлах сургуулийн сурагчид дэлгүүр нээнэ гэдэг бусад хүнд мөрөөдөл шиг санагдаж байсан байх. Гэхдээ л бидний бизнес хурдан өргөжиж 10 дахь салбараа нээж байлаа. Бизнесийн орчин нөхцөлийг таньж мэдэлгүй их мөнгөний урсгалд орсон хүүхдүүд чинь замбараагүй үрж эхэлнэ биз дээ. Нэг л өдөр бидний эхлүүлсэн бизнес далайд чулуу шидэх шиг л нурж унасан. Товчоор хэлбэл дампуурсан. Тэгэхэд би дөнгөж 23 настай байлаа. Энэ дампуурлаасаа гарах гэж хэд хэдэн удаа оролдсон боловч амжилт олоогүй. Манай хамтрагчид ч шантрах янзтай болсон. Дампуурлыг давж гарах зориг тэдэнд дутсан. Энэ дампуурал надад бизнесийн далайд зүг чигээ алдаж төөрөх юм бол буцаж харих замаа олдоггүйг ойлгуулсан. 

-Хүнд хэцүү үед ганцааранг чинь орхисон хамтрагчдадаа гомдож байв уу? 

-Үгүй шүү. Харин ч би тэдэнды баярлаж байсан. Надаас түрүүлж бизнесийн орчныг мэдэрсэн учраас надтай хамт муйхарлаж зүтгээгүй. Дээр нь намайг энэ өндөрлөгт хүрэхэд гол түлхэц болсон хүмүүс болохоор би гомдож, тунирхаж байгаагүй. Найзуудаасаа салсны дараа өмнөд Нью-Йорк уруу нүүж, хувцас загварын компанид өдөр шөнөгүй ажиллах болсон. Хүний удирдлага дор ажиллах үнэхээр хэцүү байсан шүү / инээв/. Гэхдээ уйгагүй хичээсний үр дүнд бизнесийг минь дэмжих хүмүүстэй холбоо тогтоосон.

-“Томми” брэндийг гаргаж ирэхэд хүндрэл байсан байх?

 -Дандаа амжилттай үргэлжилдэг бизнес гэж хаана ч байдаггүй. Унаж, босож, инээж, уйлж байж их амжилтын ард гарна. Анхны бизнес дампуурсны дараа надад банкнаас зээл өгөхөө больчихлоо. Харин Мохан Муржани гэдэг энэтхэг залуутай танилцсан. Түүний санхүүгүйгээр “Томми Хилфигер” брэндийг төсөөлөхөд бэрх. Өнөөдөр ч миний бизнесийн амжилтын талаас илүү хувь нь түүнтэй салшгүй холбоотой. 

-Бизнес нь нэг удаа бүтэлгүйтсэн хүн дахин бизнес эхлэхэд хэцүү байдаг. “Томми” брэндээ гаргачихаад дахиад дампуурвал яах вэ гэж айж байв уу? 

-Надад тэгж бодох цаг байгаагүй. Учир нь хөл дээрээ дахиж босохын тулд би юу ч хийхэд бэлэн байсан. Ер нь бизнесмэн хүн ямар ч “шуурганд” бэлэн байх ёстой. Ажлаа амжилттай болж байна гэж бодож болохгүй. Тэгэх юм бол санаа сэтгэл тайвширч ажил цалгардах, дампуурах аюултай. 

-Брэндийн чинь бэлгэдэл сонин санагддаг. Улаан, цагаан, цэнхэр. Яагаад эдгээр өнгөөр бэлгэдлээ хийх болов? 

-Дизайнер болгон өөрсдийн зан ааш, имиж, сонирхдог зүйлээсээ хамаарч янз бүрийн таних тэмдэгтэй байдаг. Улаан, цагаан, цэнхэр өнгө бол миний дуртай өнгө. Мөн хэзээд “Томми”-гийн таних тэмдэг байх болно. 

-Зарим хүн АНУ-ын төрийн далбаанаас санаа авч хийсэн гэж ярих юм билээ? 

-Яг үнэнийг хэлэхэд АНУ-ын далбаа гэхээсээ илүү, америк брэнд болохоор л тэгж ойлгоод байгаа байх. Ер нь иймэрхүү өнгө зонхилсон зүйл маш энгийн, цэмцгэр харагддаг биз дээ. 

-Та америкчуудыг кантри соёлоос хотын соёлд уруу татсан хүн. Энэ нь Таны бизнесийн нэг хэсэг байсан уу? 

-1990-ээд оны эхээр “сонгодог дизайнер” гэдэг хэлцийг гаргаж ирсэн хүн нь би. Үүнийг ам бардам хэлж чадна. Загварын бизнес надад маш том боломж олгосон. Түүнийгээ бүрэн дүүрэн ашиглаж чадаагүй ч чамлахааргүй амжилтад хүрсэн. Хамгийн гол нь бизнесээ олон улсын тавцанд гаргаж, өргөжүүлж чадсан болохоор “сонгодог дизайнер” гэдэг хэлц гарсан байх л даа. 

-Хувцас загварын ертөнцөд Танд хийж үзээгүй зүйл үлдээгүй байх гэж бодож байна? 

-Яалаа гэж дээ. Би бурхан биш шүү дээ. Надад хийж үзээгүй, хийж үзэхийг хүсдэг олон зүйл байна. “Томми” брэнд хэзээ ч тансаг, дээд зэрэглэлийн бүтээгдэхүүн гаргаж байгаагүй юм билээ. Энэ бол миний хийдэг зүйлээс огт өөр ч гэсэн надад оролдож үзэх санаа бий. 

-Сонин санагдаж магадгүй. Та хэн нэгэн дизайнерт атаархаж байсан уу? 

-“Ралф Лаурен”-ы дэлгүүрийн хажуугаар өнгөрөх бүртээ түүнийг булааж авахыг хүсдэг /инээв/. Би Ралфийг хувь хүнийх нь үүднээс, мөн чадалтай дизайнер гэдгээр нь хүндэлдэг. Бас түүнд атаархдагаа нуухгүй.

 -Та “Хилфигер”-ийг компанийнхаа нэр болгоно гэж анхнаасаа бодсон уу?

-Өмнө нь “Томми Хилл” гэж нэрлэсэн ч энэтхэг хамтрагч маань “Хилфигер нэрээ ашигла. Ийм нэртэй хүн ховор болохоор хэзээ ч андуурахгүй” гэж ятгасан. Түүний зөвлөгөө зөв байсныг өнөөдөр л ухаарч байна. 




Р.ОЮУНГОО

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)