Сонгуулийн сүүлийн шат эхэллээ

Францын Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны санал хураалт өнөөдөр / өчигдөр/ эхэллээ. 

Францын Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны санал хураалт өнөөдөр / өчигдөр/ эхэллээ. Энэ санал хураалтаас тус улсын дараагийн Ерөнхийлөгч тодрох юм. Хоёр дахь шатны санал хураалтад Ардын хөдөлгөөний холбоо намын дарга, Ерөнхийлөгч Николя Саркози, Социалист намын дарга Франсуа Холланд нар өрсөлдөж байгаа билээ. 
Олонхи ажиглагчийн таамаглаж буйгаар өнөөгийн Ерөнхийлөгч Н.Саркози Социалист намаас нэр дэвшиж буй Ф.Холландад 53:47 гэсэн харьцаагаар ялагдах магадлалтай гэнэ. Мөн энэ удаагийн сонгууль өмнөх сонгуулиудаас илүү өрсөлдөөнтэй болж байна гэж ажиглагчид үзэж байна. Тиймдээ ч өмнөх сонгуулиас олон судалгаа явуулжээ. Нэр дэвшигчид ч гэсэн олон удаа ярилцлага өгч, чансаагаа ахиулах алхам хийсэн байна. 
Хоёр дахиа сонгогдохоор өрсөлдөж буй Ерөнхийлөгч эхний шатанд ялагдал хүлээж, хоёр дахь шатанд ялагдах магадлалтай гарч байгаагүй юм. Энэ удаагийн сонгуулиар нэр дэвшигчид нийтдээ 400 гаруй ярилцлага өгчээ. 
Энэ нь 2007 оныхоос гурав дахин их гэсэн үг юм. Сонгуулийн кампанит ажлын сүүлийн өдөр ч ялах магадлалтай байгаа Социалист намын Ф.Холланд сурталчилгаагаа үргэлжлүүлсээр байна. Тэр энэ өдрийг зүүн зүгийн Мозель хотод дэмжигчидтэйгээ уулзаж өнгөрүүлж байгаа бол Н.Саркози баруун зүгийн эртний боомт хот Ле Сабль д’Олонд сонгогчидтой уулзаж байна. 
“France Television”, “Radio France”, “Le Monde” компанийн захиалгаар “Ipsos” судалгааны компанийн сонгуулийн хоёр дахь шатны сүүлийн судалгаагаар Н.Саркози 47.5, Ф.Холланд 52.5 хувьтай гарсан бол “BFMTV”, “RMC”, “20 Minutes”, “CSC” компанийн судалгааны хүрээлэнгийн сүүлийн тооцоогоор Н.Саркози 47, Ф.Холланд 53 хувийн саналтай гарчээ. 
Харин “Channel iTele” компанийн захиалгаар явуулсан “TNS Sofres” судалгааны байгууллагын судалгаагаар Н.Саркози 46.5, Ф.Холланд 53.5 хувийн санал авах урьдчилсан дүн гарсан байна. Эдгээр судалгааны байгууллагын үзэж буйгаар хоёр дахь шатны санал хураалт дээрх дүнгээс ердөө 2-3 хувийн зөрүүтэй гарах гэнэ. 
Энэ нь 1974 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш хамгийн өрсөлдөөнтэйд тооцогдож байна. 1974 онд Валери Жискар д’Эстен хүчтэй өрсөлдөгч Франсуа Миттераныг 1.5 хувь буюу 400 мянган сонгогчийн саналаар ялж Ерөнхийлөгч болж байжээ. 
Гэхдээ 65 сая хүн амтай Францын сонгуулийн насны 45 сая хүнээс хоёр нэр дэвшигчийн хэн нь олонхийн санал авч дараагийн Ерөнхийлөгчөөр сонгогдох нь өнөөдөр тодорхой болно. 

Э.ТӨГС

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)