Хүүхдээ 3 нас хүрэхээс өмнө ажилд орсон тохиолдолд тэтгэмжийг эх, эсхүл эцэгт олгох хуулийн төсөл боловсруулжээ

  Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2021.04.29) нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 01 дүгээр дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Нийгмийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа танилцууллаа.

    Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэг, 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалт, 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 01 дүгээр дүгнэлтийг Монгол Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.2.7, 36 дугаар зүйлийн 36.5 дахь хэсэгт заасны дагуу Нийгмийн бодлогын байнгын хороо Засгийн газрын холбогдох саналыг тусган Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцжээ.

    Байнгын хороо Үндсэн хуулийн цэцийн дүгнэлттэй нийцүүлэн Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн үйлчлэлд 0-3 хүртэлх насны хүүхэд болон дөрөв хүртэлх насны ихэр хүүхдээ асарч байгаа эх, эцэгт давхардуулахгүйгээр тэтгэмж авах эрх үүсгэж, хүүхдээ 3 нас хүрэхээс өмнө ажилд орсон тохиолдолд тэтгэмжийг эх, эсхүл эцэгт олгох зохицуулалтыг тусгаж хуулийн төслийг боловсруулсан.

    Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үеэр Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг асуулт асууж, хариулт авсан бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэгдоэн хуралдаанд танилцуулж, хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.

    Нийгмийн бодлогын байнгын хорооны дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандар-Очир, Б.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, хариулт авав. Хуулийн төсөл батлагдсан тохиолдолд 30-40 орчим тэрбум төгрөгийн төсөв шаардлагатай, харин энэ оны төсөв батлагдсан тул хууль хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ, төсвийг хэрхэн шийдвэрлэхээр төлөвлөсөн талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаас тодруулав. Жилд 52 мянга орчим эхчүүд ажилдаа орсноор “Цалинтай ээж” хөтөлбөрөөс хасагддаг бөгөөд эдгээрийн 20 мянга орчмынх нь гэр бүлийн хүн хөдөлмөр эрхэлдэггүй гэх судалгааны дүн гарсан байна.

Хуулийн төсөл дэх зохицуулалтын дагуу энэ онд 6.5 тэрбум төгрөгийн төсөв шаардлагатай. Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.5-д “төсвийн жилийн дундуур орлого бууруулах, зарлага нэмэгдүүлэх үр дагавартай бодлогын аливаа шийдвэр гаргасан бол түүнийг дараагийн төсвийн жилээс хэрэгжүүлдэг байх” зохицуулалттай ч Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтэд дээрх хуулийг өөрчилж, энэ оны долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлэхээр дурдсан тул Байнгын хороо энэ дагуу шийдвэрлэсэн. Энэ жилийн төсөвт тусгасан санхүүжилтийн хүрээнд шаардлагатай төсвийг шийдвэрлэх боломж бий хэмээн А.Ариунзаяа сайд тайлбарлалаа.

    Ийнхүү Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлсэв.

Төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

    Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгээр өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан үргэжилсэн. Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг танилцууллаа.

    Улсын Их Хурал 2021 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн юм.

    Хууль зүйн байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийг баримтлан 2021 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдрийн хуралдаанаараа Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан юм. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулах үед Улсын Их Хурлын гишүүдээс асуулт, санал гараагүй байна. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн болохыг Ц.Мөнхцэцэг гишүүн танилцуулав.

    Хууль зүйн байнгын хорооны дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар асуулт асууж, хариулт авлаа. Дараа нь төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн юм.

    Патентын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт танилцуулав.

    Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурал 2021 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн.

    Хууль зүйн байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийг баримтлан 2021 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдрийн хуралдаанаараа Патентын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулжээ. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулах үед Улсын Их Хурлын гишүүдээс асуулт, санал гараагүй байна. Иймд Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэнээр үдээс өмнөх чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)