Цэцийн дүгнэлтийг хүлээж авсан УИХ-ын тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хориг "унав"

Парламент өчигдөр нэлээд олон хуулийн төслийг хэлэлцэн заримыг нь эцэслэн баталлаа.  Үдээс өмнөх хуралдаанаар Хоршооны тухай хуулийг батлав. Мөн  Олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн төсөл,  Зохиогчийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн төсөл,Патентын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Улмаар Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн Цэцийн 2021 оны хоёрдугаар дүгнэлтийг хүлээн авсан УИХ-ын тогтоолд хориг тавьснаар Ерөнхийлөгчийн хоригийг  өчигдөр байнгын хороод болон чуулган яаралтай горимоор хэлэлцсэн.  Улмаар гишүүдийн олонхийн саналаар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж аваагүй юм.  Үндсэн хуулийн цэцээс парламентын баталсан Ерөнхийлөгчийн сонгуулийн тухайн хуулийг Үндсэн хууль зөрчсөн хэмээн дүгнэсэн.  Өөрөөр хэлбэл, энэ дүгнэлтээр одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга болон өмнө нь Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан иргэд дахин нэр дэвших эрхгүй болсон  юм.  УИХ  Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авснаар процессын дагуу одоо Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах юм.  Үндсэн хуулийн цэцийн дүгнэлттэй холбоотой өчигдөр болсон үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

 

2021.04.29 10.00 цагт: Цэцийн дүгнэлтийг хүлээн авсан УИХ-ын тогтоолд Ерөнхийлөгч Х.Баттулга хориг тавьсан бичгээ УИХ-д хүргүүлэв.  Ерөнхийлөгчийн хоригт “МАН, түүний удирдлага, гишүүдийн зүгээс явуулж буй улс төрийн өрсөлдөгчөө дарж авах, сонгуульд оролцуулахгүй байх үндсэн зорилго бүхий энэхүү зохион байгуулалттай, гэмт хэргийн шинжтэй үйл ажиллагаа нь Монгол төрийн түүхэнд гутамшиг болон үлдэх тул Улсын Их Хурал энэхүү үйлдлээ хүлээн зөвшөөрч, ард түмэнд хүлээн зөвшөөрөгдөхүйц арга байдлаар залруулах шаардлагатай гэж үзэж байна” гэдгийг дурьджээ.

 

2021.04.29 12:00 цагт: Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Цэцийн дүгнэлтийг хүлээн авсан УИХ-ын тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцээд, гишүүдийн олонх дэмжсэнгүй.  Энэ үеэр МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Монгол Улс шинэ Үндсэн хуулиа батлаад 29 жил болж байна. Энэ хугацаанд Цэцийн дүгнэлтийг хүлээж авсан УИХ-ын шийдвэрт анх удаа Ерөнхийлөгч хориг тавилаа. Цэцийн шийдвэр эцсийнх бөгөөд УИХ хүлээж аваад л эцсийн шийдвэр болдог. Цэц УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчийн шийдвэрийг хянадаг байгууллага. Гэтэл өөрийнхөө шийдвэрийг хянадаг байгууллагын шийдвэрт хориг тавьж болох уу. Үндсэн хууль зөрчсөн үйлдэл гэж харж байна гэсэн байр суурийг илэрхийллээ.

 

2021.04.29 13:00 цагт: Хууль зүйн байнгын хороо хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцээд мөн л хүлээж авсангүй. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Ерөнхийлөгч хууль зүйн үндэслэлээс илүүтэй улс төрийн гэж хэлж болохоор үндэслэлүүдийг  хоригтоо тусгасан байна. Үндсэн хуульд "Үндсэн хуулийн цэц дүгнэлт гаргаад, УИХ-д оруулна. Энэхүү гаргасан дүгнэлтийг нь УИХ хүлээн зөвшөөрөөгүй бол Цэц дахин хянан үзээд, эцсийн шийдвэр гаргана” гэж заасан байдаг. Хэрэв УИХ хүлээж авбал Цэцийн шийдвэр эцсийнх болно гэсэн үг. УИХ Цэцийн шийдвэрийг хүлээж авсан учраас Цэцийн эцсийн шийдвэр гарчихсан. Энэ шийдвэрийг Ерөнхийлөгчөөсөө эхлээд бүгд дагаж мөрдөх үүрэгтэй” гэдгийг тодотгож байв.

 

2021.04.29 14:20 цагт: УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ.  Чуулганы хуралдаанд  Ерөнхийлөгчийн хоригтой холбоотой байнгын хороодын санал дүгнэлтүүдийг танилцуулсан.  Мөн ЕТГ-ын дарга Ө.Шижир Ерөнхийлөгчийн хоригийг танилцуулж,  Ерөнхийлөгчийн зөвлөх  Л.Болд, Я.Санжмятав нар байр сууриа илэрхийллээ.  Зөвлөх Я.Санжмятав " Энэ асуудлыг УИХ авч хэлэлцэх хэрэгтэй. Цэц бол Д.Одбаяраар туг тахичихлаа. Нэгэнт заваарсан юм чинь заваараад дуус гэсэн юм байлгүй.  Удахгүй Д.Одбаярыг чөлөөлөөд Энэтхэг рүү Элчин сайдаар явуулах юм гэсэн. Цэцийн гишүүдийг томилдог байгууллага шууд Цэцийн дүгнэлтийг хүлээж авч байгаа нь зөрчлийг бий болгож байна. Нэгэнт зургаан жилээр гэж байгаа юм бол ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгчийг хууль гарангуут буцаагаад хоёр жилээр сунгах нөхцөл рүү УИХ орж байгаа юм. Ерөнхийлөгчийн сонгуулиа явуулахгүйгээр УИХ маш яаралтай зэрэгцүүлээд Ерөнхийлөгчийн зургаан жилээр сонгогдох асуудлыг хоёр жилээр сунгаж өгөхгүй бол УИХ Үндсэн хуулиа зөрчиж, тарах нөхцөл рүү орно шүү" гэлээ.  Түүнчлэн АН-ын бүлгийн гишүүд энэ асуудалд сөрөг хүчний байр сууринаас хандаж байв.  УИХ-ын гишүүн Ц.Туваан “Хууль тогтоогчид Цэц, эсвэл нэг нам болчихсон юм уу. Хуульд тийм заалт оруулаагүй байна гэж Цэц шийдвэр гаргасныг ойлгохгүй байна. Үндсэн хуульд зургаан жилээр зөвхөн нэг удаа сонгогдоно гэж заасан. Үүнд ямар нэгэн хаалт, цэг, таслал байхгүйгээр тодорхой заачихсан. Үүнийг юу гэж ойлгож байгаа юм бэ, та нар. Монгол Улсад зургаан жилээр сонгогдсон Ерөнхийлөгч нэг ч байхгүй” гэлээ. Улмаар АН-ын бүлгээс энэ асуудлаар завсарлага авахыг хүссэн.  УИХ-ын дарга Г.Занданшатар хоёр цагийн завсарлага өгсөн.

 

2021.04.29 17:40 цагт: Парламент санал хураалт явуулж, гишүүдийн олонхи Ерөнхийлөгчийн хоригийг дэмжсэнгүй.  Ингэснээр Цэцийн дүгнэлтийг хүлээн авсан  УИХ-ын тогтоол хүчинтэй хэвээр үлдэж байна.  Мөн ирэх Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах нөхцөл байдал үүслээ.

 

Т.БАТСАЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)