Б.Мөнх-Оргил: Шавь нар маань олон улсын тэмцээнээс медаль тогтмол авчирдаг

Азийн аварга шалгаруулах таеквондогийн тэмцээнд амжилттай оролцож, алтан медаль хүртсэн “Синк” хамтлагийн Б.Мөнх-Оргилтой ярилцлаа. 
Азийн аварга шалгаруулах таеквондогийн тэмцээнд амжилттай оролцож, алтан медаль хүртсэн “Синк” хамтлагийн Б.Мөнх-Оргилтой ярилцлаа. 



-Такевондогоор хэдэн оноос эхлэн хичээллэх болов? 

-Хүүхэд байхаасаа л хичээллэж эхэлсэн. Намайг бага байхад тулаантай кино ид мандаж байлаа. Тухайн үеийн хүүхдүүд бүгд л мундаг тулаанч болохыг хүсдэг байсан байх. Нэг өдөр таеквондогийн дугуйланд орох гээд бүртгүүлтэл нас чинь хүрээгүй байна гээд аваагүй /инээв/. Дараа нь орох гээд бүртгүүлтэл шууд л авчихсан. Тэр цагаас хойш миний хамгийн хайртай спорт болж өнөөдрийг хүртэл хичээллэсээр байна даа. Монгол Улсын шигшээ багт ороод 10 гаруй жил болжээ. Өнгөрсөн хугацаанд чамлахааргүй амжилт гаргасан байна. Энэ жил олон улсын чанартай томоохон хоёр тэмцээнд оролцлоо. Өнгөрсөн гуравдугаар сард ОХУ-д болсон “Байгалийн цом” олон улсын тэмцээнд түрүүлж, сая болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэндээ баяртай байгаа. 

-Таныг бас багшилдаг гэж сонссон юм байна? 

-Такевондогийн спортоор сонирхон хичээллэдэг хүүхд үүдэд багшилдаг. Өнгөрсөн жил дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль авсан тамирчдын 60 гаруй хувь нь А.Энхтөр бид хоёрын шавь нар байсан. Манай клуб хотын бүх дүүрэгт салбартай. Багшлаад 10 гаруй жил болоход олон шавьтай болжээ. Шавь нараас маань дэлхийн аварга, олон улсын чанартай тэмцээнээс тогтмол медаль авчирч байна. Нийт давхардсан тоогоор гурван мянга гаруй хүүхдэд таеквондо заасан байна лээ. 

-Дуучин, тамирчин, жүжигчин хүн. Хамгийн сүүлд ямар кинонд тоглосон бэ? 

-Анх “Элсний нүүдэл”-д тоглож жүжигчний гараагаа эхэлж байлаа. Хамгийн сүүлд “Хайрын үнэ цэнэ” кинонд тоглосон. Харин шинэ уран бүтээл гэвэл “Уучил” цомог бэлэн болсон байна. Хамтлагийн маань “Сүүлчийн хонхны дуу”-ндаа клип хийлгэж үзэгчдэд хүргэсэн. Удахгүй “Хэн нэгэнд” дуундаа клип хийлгээд дуусаж байна. 

-Дуулж эхэлсэн үеэ дурсвал сонин байх болов уу? 

-Таеквондогийн адил багаасаа л дуулах дуртай хүүхэд байсан. Тухайн үеийнхээ алдар цуутай хүмүүсийн дууг даган дуулж сэтгэлээ баясгадаг байлаа. Яг тэр сонирхлоороо СУИСийн дуурийн дуулаачийн ангид шалгалт өгч тэнцээд сурах үеэсээ л уран бүтээл хийж эхэлсэн. 2004 онд анхны дуугаа бичүүлж байсан. Дараа нь “25 дугаар суваг” телвизийн “Миний гэр” реалити шоунд оролцож сэтгэл нийлсэн гурван найзтайгаа хамтлаг байгуулсан. 

-Хамтлаг тань ихэвчлэн поп чиглэлээр дуулдаг. Өөр төрөлд хүч үзэх бодол бий юу? 

-Ер нь цэвэр поп чиглэлээрээ дагнаж дуулах бодолтой байгаа. Ямар нэгэн юманд баригдаад хэмжүүлээд байхыг манай хамтлагийнхан хүсдэггүй. Монголчуудын сонсох дуртай дуу бол уянгын дуу шүү дээ. Ард түмэн маань их уужуу тайван болохоор уянгын дуунаас хэзээ ч уйдахгүй байх. Зарим хүмүүс манай хамтлагийг уянгын дуу дуулдаг гэж тодорхойлдог нь их таалагддаг шүү. 

-Ихэвчлэн бэлтгэлийн хувцастай явж харагддаг. Өөрийн чинь имиж гэж ойлгож болох уу?

-Ерөнхийдөө тэгж ойлгож болно /инээв/. Гэхдээ өөртөө таарсан эвтэйхэн хувцас өмсөхийг хичээдэг. Хослол өмсөхөөр бие бариад эвгүй болчихдог юм. Залуус өнөөдөр мода, брэнд их ярих болжээ. Миний хувьд тэгтлээ мода, брэнд хөөгөөд байдаггүй. 

-Урлаг, спортыг үнэлэх төрийн үнэлэмжийг юу гэж боддог вэ?

-Миний бодлоор спортыг төр засгаас үнэлэх, дэмжих хандлага сайн байгаа. Энэ нь ч үр дүнд хүрч байгааг ард түмэн харж байгаа байх. Харин урлаг соёл дээр төрөөс тавих анхаарал, урлагийг хөгжүүлэх, тусалж дэмжих нь дутуу, дулимаг юм шиг санагддаг. Үнэндээ залуу хамтлаг, дуучид бор зүрхээрээ, өөрийн бөндгөрөөрөө л амжилтад хүрч байна шүү дээ. 

-Рок, поп урсгалын дууны шүлэг, ая утгаа алдлаа гэх шүүмж байдаг. Энэ тал дээр ямар бодолтой байна? 

-Дууны ая, үг дээр асуудал байгааг үгүйсгэхгүй. Шинээр төрөн гарч байгаа залуу хамтлаг, дуучид хайрын сэдэвтэй дуу их дуулдаг. Сүүлийн үед хүн ярьж байгаа юм шиг үгтэй дуунууд их гарч байна. Үүнийг нэртэй яруу найрагч, зохиолчид их шүүмжилдэг л дээ. Манай хамтлаг ч ялгаагүй хайраасаа хагацаж чадаагүй л явна. Залуу хүмүүс болохоор л хайрын сэдэвтэй дуу дуулж байгаа шүү дээ. Гэхдээ дараа дараагийн цомог маань аав ээж, эх нутаг гээд өргөн сэдэв хамарсан уран бүтээлээр дүүрэн байх болно гэдгийг амлаж байна. 

-Тусдаа гарч амжсан уу? 

-Спорт, урлаг гэж яваад тусдаа гарч амжаагүй л байна. Би доороо нэг дүүтэй. Дүү маань харин эхнэр хүүхэдтэйгээ тусдаа гарсан. Одоо аав, ээжтэйгээ гурвуулаа л амьдарч байна. Яг хувийн амьдралдаа гаргах цаг зав их хомс юм. Үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл ажил гээд л гүйж явна. Хүссэн хүсээгүй хүмүүс намайг тусдаа гараачээ гээд шахаж байна /инээв/. “Дүү чинь гарчихсан байхад чи хурдхан тусдаа гараач” гээд байдаг юм. Гэхдээ болдог юм болдгоороо болно. Нэг сайхан нартай өдөр эхнэр хүүхэдтэй болох байлгүй гэж залбирч явна.

-Олон нийтийн ажилд идэвхтэй оролцож байгаа харагддаг? 

-Би МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны удирдах зөвлөлд ажилладаг. Оюутнуудын сургалт, амьдралд хувь нэмрээ чадах чинээгээрээ оруулахыг зорьж явна. Ер нь залуу хүн завгүй ажиллах ёстой. Энэ зарчмыг амьдралынхаа гол шугам болгож явдаг даа. 




В.НЭРГҮЙ

www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)