Д.Тогтохсүрэн: Өнөөдрөөс Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх ажил эхэлнэ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны (2021.04.29) хуралдаан 18 цаг 14 минутад 10 гишүүний ирцтэй эхэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Байнгын хорооны дарга Ж.Мөнхбат төслийн талаар танилцууллаа.

 Хууль, тогтоол Монгол Улсын Үндсэн хуульд нийцээгүй гэсэн Цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн бол ажлын 15 өдрийн дотор тухайн болон холбогдох бусад хууль, шийдвэрт зохих нэмэлт, өөрчлөлт оруулах бөгөөд төслийг холбогдох Байнгын хороо боловсруулж, нэгдсэн хуралдаанд оруулна, ингэхдээ уг төслийн талаар Засгийн газар, холбогдох бусад байгууллагаас санал авахыг шаардахгүй байх Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 82 дугаар зүйл дэх зохицуулалтын дагуу Төрийн байгуулалтын байнгын хороо төслийг боловсруулсан гэв.

    Монгол Улсын Их Хурлаас 2020 оны арван хоёрдугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зарим хэсэг заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох хэсгийг зөрсөн эсэх маргааныг Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2021 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр хянан шийдвэрлэсэн. Монгол Улсын Үндсэн хуулийн цэц уг маргааныг хянан хэлэлцээд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэж, Гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно.” гэж, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль ... бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж заасныг тус тус зөрчсөн байна хэмээн үзэж, 02 дугаар дүгнэлт гарган Улсын Их Хуралд ирүүлсэн. Улсын Их Хурлаас 2021 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн хуралдаанаараа уг асуудлыг хэлэлцэн, “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 02 дугаар дүгнэлтийн тухай” 38 дугаар тогтоолоороо хүлээн зөвшөөрсөн юм.

    Иймд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.2.7-д заасны дагуу Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсныг Ж.Мөнхбат дарга танилцуулав.

    Төслийн талаарх танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн “Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн авснаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн хоёр заалт хүчингүй болсон. Иймд Байнгын хороо үндсэн үүргийнхээ дагуу төслийг боловсруулж, хэлэлцүүлж байгааг дэмжиж байна. Маргаашнаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх ажил эхэлнэ. Энэ үед бид Үндсэн хуулийн зөрчлийг арилгасан байх учиртай. Энэ бол Улсын Их Хурал, Төрийн байгуулалтын байнгын хорооны үндсэн үүрэг” гээд төслийг дэмжиж буйгаа илэрхийллээ.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу төслийг зүйл бүрээр хэлэлцэж, гишүүд санал хэлээгүй.

    Байнгын хорооны дарга дээрх хуулийн төслийг уншиж танилцуулсан. Төсөлд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалтыг “3.1.2.“нэр дэвшигч” гэж Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсэг, энэ хуульд заасан шаардлагыг хангаж Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшин бүртгүүлж, нэр дэвшигчийн үнэмлэх авсан Монгол Улсын иргэнийг;”, 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсгийг “5.4.Энэ хуулийн 3.1.2-т заасан шаардлага хангасан, Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаагүй Монгол Улсын уугуул иргэн зөвхөн нэг удаа Ерөнхийлөгчөөр сонгогдох эрхтэй.”гэж өөрчлөн найруулахаар тусгажээ.     Түүнчлэн хуулийг 2021 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр төсөлд тусгасан байна.

    Ийнхүү төслийг зүйл бүрээр нь хэлэлцэн, анхны хэлэлцүүлгийг хийсний дараа Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, анхны хэлэлцүүлгийн үеэр зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй учир анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын саналыг гаргав. Энэ горимын саналаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 13 гишүүний 10 нь буюу 76.9 хувь нь дэмжсэн тул энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • зочин (192.82.87.230)

    2021-04-30

    Сонгуулийг ер нь больмоор байна.Энэ их өвчин тахал дотор заавал Сү.Батболдын шахаанд бөмбөгнөж Хүрэлсүхийг сонгох гэж ингэж өчнөөн хууль засч,ард түмнийг үймүүлж талцуулан улс төржих шаардлагагүй л байна л даа.Эсвэл зүгээр л Хүрэлсүхээ сонгуульгүй зарлачихая. Болохгүй юм огтхон ч байхгүй.

  • Баасай (202.9.41.37)

    2021-04-30

    Сонгууль хийх хэрэггүй шүү. Одоо халдвар бүүр ихсэх байхдаа. Баахан хүмүүс сонгуулийн ажлаар гадуур явна. Ардын Нам нөгөө өрсөлдөгч намуудаа хориж бөөн хэрэг гарна.