Хүн биш хууль засагладаг шударга нийгмийг цогцлоох үндсэн зорилго дор МАН, МАХН нэгдлээ

МАН, МАХН нэгдэн нийлэх гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагааг өчигдөр цахимаар зохион байгууллаа. Хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслолд МАН-ын дарга У.Хүрэлсүх, ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, МАХН-ын дарга Н.Энхбаяр, ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга, нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазар, нийслэлийн МАХН-ын дарга Э.Эрдэнэжамъян нараас гадна хоёр намын 300 мянган гишүүн дэмжигчдийн төлөөлөл оролцов. Хоёр намын нэгдэн нийлэх асуудлыг эртнээс эхлүүлсэн бөгөөд МАН, МАХН-аас тус бүр есөн хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг байгуулан ажилласан гэдгийг МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан хуралдааны эхэнд онцолсон. Намуудын аймаг, нийслэл, дүүргийн намын хорооны удирдлага болон гишүүнээс бүрдсэн 3500 орчим хүн цахим хуралдаанд оролцож, үзэл бодлоо илэрхийлэв. Тэдний зүгээс үзэл бодол, угшил гарвал нэгтэй хоёр нам нэгдэн нийлэх нь цагаа олсон ажил болсныг тодотгоод намын гишүүдийн зүгээс гар өргөн дэмжсэнийг дуулгасан. Нэгдэн нийлэх ажлын хэсгийн ахлагч Д.Амарбаясгалангийн хэлснээр МАН, МАХН нэгдэхийг хоёр намын гишүүд дэмжигчдийн 90 гаруй хувь нь дэмжсэн байна. Харин хоёр нам нэгдэн нийлэх талаар намын бүх гишүүний саналыг авсан бөгөөд цар тахлын улмаас хөл хорио тогтоосонтой холбоотойгоор утсаар болон цахимаар холбогдож, хүн нэг бүрийн саналыг авсан гэдгийг М.Тулга дарга онцолсон.

МАН-ын дарга У.Хүрэлсүх цахим хуралдааныг нээж хэлсэн үгэндээ “МАН-ын 100 жилийн ой тохиож буй түүхэн жилд нийгмийн захиалга, гишүүдийнхээ идэвхтэй санал санаачилга, түүнийг дэмжсэн олон нийтийн хүсэл, хандлагыг миний бие МАН-ын даргын хувьд бүх талаар талархан дэмжиж, хамтран ажиллах болно. Ус сүү шиг сүлэлдэн нэгдэж, улс орныхоо төлөө хамтран зүтгэх нь Монгол Улсын эрх ашигт бүрэн нийцнэ. МАН-ын дүрмийн 1.1-д “МАН бол МАХН-ын зүй ёсны эхлэл бөгөөд үргэлжлэл” гэж манай намын дүрэмд тунхагласан байдаг. Түүх уламжлал, үзэл баримтлал, үнэт зүйл нэгтэй намууд улс эх орныхоо язгуур эрх ашгийн төлөө ойртон нягтрах нь цаг үеийн хэрэгцээ, олон түмний хүсэл шаардлагад бүрнээ нийцэж байгааг зориуд тэмдэглэе. Олон нийтийн дунд явуулсан судалгаанаас үзэхэд ард иргэд маань угшил нэгтэй хоёр нам нэгдэх нь зүй ёсны үйл явц гэж үзсэнийг онцлон хэлье. Гишүүд, дэмжигчдийн дунд гурав, дөрөвдүгээр сард хийсэн судалгааны дүнд хоёр нам нэгдэн нийлэх нь зүйтэй гэж 90-ээс дээш хувь нь дэмжсэн. Монголчууд эвдрэн талцсан бус эвлэлдэн нэгдсэн үедээ хүчтэй байсныг Монголын түүх бидэнд үргэлж сануулдаг. Монголын улс төрийн намуудын өнөөгийн нөхцөл байдал, олон нийтийн хүлээлт, улс төрийн намуудыг нэгдэж ажиллахыг зүй ёсоор шаардаж байна. Монгол Улсад Дээд шүүхэд бүртгэлтэй 36 нам байгаа ч эдгээрээс орчин үеийн улс төрийн намын шалгуурыг хангах хэмжээнд төлөвшсөн нам цөөхөн байгааг дурдаж хэлэхийг хүсэж байна.

Улс эх орныхоо ирээдүйн төлөө нэгдмэл цул байж, улс орныхоо аюулгүй байдал, хөгжил дэвшлийн төлөө хамтран ажиллах ёстой гэдгийг буурал түүх бидэнд үргэлж сануулж байна. Энэ дэлхий дээр Монгол гэж ганц улс бий. Улс орны эрх ашгаас давсан улс төрийн намуудын эрх ашиг гэж бүр ч байхгүй. Бидэнд нэгдмэл нэг л эрх ашиг бий. Энэ бол Монгол Улсын тусгаар тогтнол, Монголын ард түмний язгуур эрх ашиг юм. Монгол Улс гэсэн ганц эрх ашигт төвлөрч, хамтран ажиллах нь улс төрийн нам, улстөрчдийн нэн тэргүүний зорилго гэж үзэж байна” хэмээн онцоллоо. Харин МАХН-ын дарга Н.Энхбаяр МАН МАХН-гүй, МАХН МАН-гүйгээр бүтэн биш хэмээн тодотгоод хоёр намын нэр, зорилго төдийгүй үйл хэрэг нэг боллоо гэсэн юм. Ийнхүү хуралд оролцсон төлөөлөл үг хэлж дууссаны дараа хүн биш хууль засагладаг шударга нийгмийг бүтээхийн төлөө хоёр нам үйл хэргээ нэгтгэснийг баталгаажуулсан гэрээг уншиж танилцуулав. Хоёр намын даргын ёсчлон баталгаажуулсан зургаан бүлэг 33 зүйл бүхий хамтын ажиллагааны гэрээнд Монгол Улсад парламентын тогтолцоог төгөлдөржүүлэн ардчилал, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн хүн биш хууль засагладаг шударга нийгмийг цогцлоон бүрдүүлэх, гагцхүү Монгол Улсын язгуур эрх ашгийн төлөө эв нэгдлийг эрхэмлэн нэгдэн нийлж үйл ажиллагаагаа нэг болгох зорилтыг дэвшүүллээ. Нэгдэн нийлэх ажлын зохион байгуулах Хамтарсан ажлын хэсгийг байгуулан ажиллаж Монгол Улсын хөгжил дэвшлийг тодорхойлсон “Хараат бус эдийн засгийн төлөө эрчим хүч, дэд бүтцийн салбарыг хөгжүүлэх, байгалийн баялагтаа эзэн байх” зэрэг Монголын ард түмний эрх ашгийг цогцоор нь тусгасан 10 зорилт бүхий хамтарсан уриалгыг өнгөрсөн сарын 17-ны өдөр гарган нийт намын гишүүд дэмжигчдээр хэлэлцүүлэн 90 гаруй хувийн дэмжлэгийг авсан байдаг. Ийнхүү хамтарсан ажлын хэсгээс намуудын нэгдэн нийлэх үйл ажиллагааг Монгол Улсын хууль, намын дүрмийн дагуу зохион байгуулах “МАН, МАХН нэгдэх нийлэх гэрээ”-г боловсруулан намын бүх шатны гишүүдийн саналыг авснаар ийнхүү баталгаажууллаа. Гэрээнд Монгол Улсад ардчилал, шударга ёсыг бэхжүүлэх, эдийн засгаа хүчирхэгжүүлж бие даасан хараат бус байдлыг бататгах, бүс нутгийн төдийгүй дэлхийн өндөр хөгжилтэй улс орон болох зорилт, 21 аймаг, нийслэл, есөн дүүргийн намын шат шатны байгууллагуудад үйл ажиллагаагаараа нэгдэн нийлэх зохицуулалтыг хэрэгжүүлэх тухай тодорхой тусгажээ. “МАН, МАХН нэгдэх нийлэх гэрээ”-г байгуулснаар улс төрийн нэгэн цул хүч болон идэвхтэй хамтран ажиллаж өмнөө тавьсан томоохон зорилго, зорилтуудыг тууштай хэрэгжүүлэх нь Монгол Улсын хөгжил дэвшлийг эрчимжүүлэх, Монголын ард түмний амар амгалан, аз жаргалтай амьдралыг цогцлоон байгуулах сайн сайхан үр дүнд хүргэнэ гэдэгт талууд бүрэн итгэж байгаа гэжээ. Түүнчлэн МАН, МАХН-ын гишүүд дэмжигчдийн удаа дараагийн санал санаачилгыг үндэслэн Монгол Ардын намын түүхт 100 жилийн ойг хамтран тэмдэглэж нэгдэн нийлэх үйл ажиллагааг өрнүүлэн тусдаа үйл ажиллагаа явуулсан жилүүдийн алдаа оноог цэгнэн дүгнэж цаашид хийж хэрэгжүүлэх зорилтоо ийнхүү тодорхойллоо. Хоёр намын нэгдэн нийлэх түүхэн үйл хэрэг амжилттай бүтэж улс төрийн нэгэн цул хүч болон идэвхтэй хамтран ажиллаж өмнөө тавьсан томоохон зорилго, зорилтуудыг тууштай хэрэгжүүлэх нь Монгол Улсын хөгжил дэвшлийг эрчимжүүлэх, Монголын ард түмний амар амгалан, аз жаргалтай амьдралыг цогцлоон байгуулах сайн сайхан үр дүнд хүргэнэ гэдэгт бүрэн итгэж байна хэмээн хамтын ажиллагааны гэрээнд онцолжээ.

М.ӨНӨРЖАРГАЛ

Монголын Үнэн сонин

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)