Цагдаагийн алба хаагчийн шаардлагыг биелүүлээгүй иргэнийг 250 мянган төгрөгөөр торгожээ

Хөл хорионы дэглэм зөрчиж, цагдаатай сөргөлдсөн иргэнийг 250 мянган төгрөгийн торгууль ногдуулжээ. Зөрчил гаргасан иргэнийг цагдаагийн байгууллагаас тогтоож, хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй тул Зөрчлийн тухай хуулийн 15.2-д заасны дагуу арга хэмжээ авсан байна.

Тухайн иргэн нь энэ сарын 1-нд тус дүүргийн хоёрдугаар хороонд 17.00 цагийн орчимд явган зорчиж байх үед цагдаагийн алба хаагч шаардлага тавьсан боловч эсэргүүцэж, өөрийгөө хохирогч хэмээн олон нийтийн сүлжээнд бичлэг цацсан билээ.

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн эл өдрүүдэд зөрчил гаргасан иргэдэд цагдаагийн байгууллагаас сануулаад өнгөрч байгаа ч энэ мэт цөөн хүн шаардлага биелүүлэлгүй, дэглэм зөрчих, цагдаагийн биед халдах үйлдэл гаргасаар байгааг цагдаагийн байгууллагаас мэдээлж байгаа юм.

Энэ талаар Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Л.Амармөрөн “Хөл хорионы хугацаанд зорилгогүй явган зорчиж буй тохиолдлууд гарч байгаа ч цагдаагийн байгууллагаас шаардлага тавьж, гэрт нь буцааж байна. Хэрэв шаардлага эсэргүүцэж, цагдаагийн биед халдсан зөрчил гаргавал Зөрчлийн тухай хуулиар торгууль ногдуулна” гэлээ.

Нийслэлд хатуу хөл хорио тогтоогоод 24 хонож байна. Энэ хугацаанд автозамын болон явган зорчих хөдөлгөөнийг хязгаарлаад буй. Харин энэ сарын 8-наас хөл хорионы дэглэмийг сулруулах юм.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)