Насанд хүрсэн хоёр хүн тутмын нэг нь илүүдэл жинтэй байна

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас шинэчлэн гаргасан “Идэвхтэй хөдөлгөөний зөвлөмж”-д бүх насны хүн ам, бие бялдрын байдлаас үл хамааран идэвхтэй байх боломжтой. Хөдөлгөөн бүр чухал ач холбогдолтой байдгийг онцлоод долоо хоногт 150-300 минут дунд зэргийн болон өндөр эрчимтэй дасгал, хүүхэд, өсвөр насныхан өдөрт дунджаар 60 минут хөдөлгөөн хийхийг зөвлөжээ.

Манай улсын хувьд 9-12 настай хүүхдийн таргалалтаар тивдээ тэргүүлдэг. Мөн насанд хүрсэн хоёр хүн тутмын нэг нь илүүдэл жинтэй гэсэн судалгааг ДЭМБ-аас гаргасан. Тиймээс БТСУХ нийтийн дасгал хөдөлгөөнийг өргөн хүрээтэй зохион байгуулах, олон нийтийг биеийн тамир, спортоор хичээллүүлэх, идэвхтэй хөдөлгөөнөөр эрүүл мэндээ хамгаалах дадал зуршил хэвшүүлэх, иргэдэд энэ чиглэлийн мэдлэг мэдээлэл өгөх ажлыг илүү өргөн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөөд байна. Үүний дагуу нийтийн дасгал хөдөлгөөнийг үндэсний хэмжээнд өрнүүлэх зорилгоор 21 аймаг, есөн дүүргийн БТС-ын хороодод нийтийн биеийн тамирын чиглэлээр мэргэшсэн багш бэлтгэх сургалтыг эхлүүллээ.

“Өөрчлөлтийг өөрөөсөө эхэлье” уриатай, онол, практик хослох богино хугацааны уг сургалтыг Биеийн тамирын чийрэгжүүлэлтийн арга зүйчдийн нийгэмлэгийн тэргүүн Ж.Тунгалаг, “Үнэгүй фитнесс” ТББ-ын багш, олон улсын хэмжээний мастер Л.Саруулбат болон бусад багш удирдан явуулна.

Сургалтын эхний өдөр харьяа байгууллагын 108 мэргэжилтэн “Таргалалт ба багшлах арга зүй”-н талаар мэдлэг боловсролоо дээшлүүлсэн байна. Дараа дараагийн сургалтыг сэтгэл зүй, хоол зүй, хүний биеийн бүтэц зэрэг үндсэн сэдвийн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөжээ.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)