Зорилтоо тодорхойлж, зоригтой шийдлүүд гаргасан 100 хоног

Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газраа байгуулах үедээ сонсоход давс мэт шорвог ч, Монгол Улсын ирээдүйд тустай хэмээн тодотгосон томоохон дөрвөн зорилтоо танилцуулж, ордны өрөөнд шигдсэн биш олон нийтийн дунд ажилладаг Ерөнхий сайд байхаа мэдэгдсэн билээ. Түүнээс хойш гурван сарын хугацаа өнгөрчээ. Тодруулбал, Засгийн газрын 100 хоног энэ долоо хоногт тохиож байгаа бөгөөд энэ хугацаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн баг онцлох ямар шийдвэр гаргав, томоохон ямар ажлыг хийж хэрэгжүүлээд байна вэ.

Засгийн газраас гаргасан онцлох шийдвэрүүдийн нэг нь Монгол Улсын иргэн бүрд 300 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлсэн явдал. Энэ тухайд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Өмнө нь Засгийн газраас бэлэн мөнгө тараах нөөц байгаагүй. Сүүлийн сар гаруйн хугацаанд Оюутолгойн татварын маргаан шийдэгдэж эх үүсвэр орж ирсэн. Үүнийг эдийн засгаа сэргээхийн тулд хөл хорио тогтоосон үед зарцуулах нь зөв гэж үзсэн. Түүнээс биш төсвөөс энэ мөнгийг гаргах боломж байхгүй. Энэ оны хоёрдугаар сарын 25-нд Төрийн санд 229.7 тэрбум төгрөг төвлөрсөн. Энэ нь Оюутолгойгоос татварт төвлөрүүлэх ёстой байсан мөнгө гэсэн үг. Засгийн газраас баялагтаа эзэн байх зорилтыг дэвшүүлж байгаагийн хувьд, мөн вакцинжуулалтаа үр дүнд хүргэж, эдийн засгаа тогтвортой нээхийн тулд, иргэдээ хөл хорионы хугацаанд сөхрөөхгүйн тулд уг эх үүсвэрээ иргэн бүртээ зориулахаар болсон. Хэний ч хүчээр бий болоогүй, газрын хэвлий дэх баялаг учраас Норвеги шиг бүх иргэнд өгөөжтэй байх ёстой. Өмнөх Засгийн газар ч тэр, ЗГХЭГ-ын дарга байхдаа ч, одоо Ерөнхий сайд болоод ч энэ зарчим өөрчлөгдөөгүй” хэмээж байв. Засгийн газар дэвшүүлсэн томоохон дөрвөн зорилтынхоо хүрээнд өнгөрсөн хугацаанд энэ мэтээр улс орныхоо ирээдүйн төлөө, ард иргэдийнхээ сайн сайхан амьдралын төлөө онцлох олон шийдвэрийг гаргаж, нэлээд ажил хийжээ.

 

АРД ИРГЭДЭЭ ВАКЦИНЖУУЛАХ АЖЛЫГ ЭРЧИМТЭЙ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

 

Нэгдүгээрт, цар тахлыг богино хугацаанд даван туулах зорилго дэвшүүлсэн бөгөөд үүний хүрээнд Засгийн газар нэн тэргүүнд хүн амаа вакцинжуулах зорилтын төлөө ажиллаж эхэлсэн. Вакцинжуулалтыг шуурхай зохион байгуулснаар цар тахлаас улбаалсан эдийн засгийн болон нийгмийн хүндрэлийг богино хугацаанд даван туулах боломж бүрдэх тул ДЭМБ-ын хүлээн зөвшөөрсөн вакцинд иргэдээ үе шаттай хамруулах ажлыг Засгийн газар эхний 100 хоногт багтаан зохион байгуулахын тулд бүх нөөц боломжоо дайчлан ажиллахаа мэдэгдсэн билээ. Тэгвэл энэхүү зорилтын хүрээнд одоогоор зорилтот бүлгийнхээ 40 гаруй хувийг вакцины эхний тунд хамруулаад байна. Тодруулбал, энэ сарын 2-ны өдрийн 20:00 цагийн байдлаар нийт 1398592 хүн дархлаажуулалтад хамрагдсан бөгөөд үүнээс 947529 нь нэгдүгээр тун, 451063 нь хоёрдугаар тунгаа хийлгээд байв. Харин өчигдөр нэг сая дахь иргэн дархлаажуулалтын эхний тунд хамрагдсан. Ард иргэдээ вакцинжуулах ажлыг эрчимжүүлэх зорилгоор нийслэлд 120 гаруй суурин цэгээс гадна 40 гаруй явуулын цэгийг ажиллуулж байгаа юм. Сүүлийн өдрүүдэд орон нутгийн иргэдийг дархлаажуулах ажлыг эрчимжүүлэхээр вакцин түгээж эхлээд буй. Тодруулбал, 21 аймгийн хүн амыг ялангуяа 50-аас дээш насныхныг нэн тэргүүнд вакцинжуулахаар өнгөрсөн сарын 30-нд 11 аймагт 22000 хүн тун вакцин хүргэсэн бол энэ сарын 2-нд 93000 хүн тун вакциныг нийлүүлэв. Орон нутгийн иргэдийг вакцинжуулах ажлыг ийн үе шаттайгаар зохион байгуулж, ирэх долоодугаар сарын 1-ний өдөр гэхэд 18-50 насныхныг бүрэн вакцинжуулж дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

 

Манай улс БНЭУ-ын Засгийн газраас хүмүүнлэгийн шугамаар олгосон “Астразенека” вакцины 150 мянган тунг хамгийн анх өнгөрсөн хоёрдугаар сарын 22-нд татан авч, дараах өдөр нь буюу өнгөрсөн хоёрдугаар сарын 23-нд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхний тунг хийлгэж, дархлаажуулалтыг албан ёсоор эхлүүлж байв. Түүнээс хойш “Астразенека”, “Синофарм” компанийн “Вероселл”, “Спутник V”, “Файзер” зэрэг дөрвөн төрлийн вакциныг татан авч, хүн амаа дээрх байдлаар дархлаажуулж байна. Хамгийн сүүлд энэ сарын 1-нд ОХУ-тай нэг сая тун “Спутник-V” вакцин худалдан авах гэрээ байгуулсаны дагуу эхний ээлжийн 20 мянган тунг хүлээн аваад байна. БНХАУ-аас авч буй вакцины татан авалт хуваарийн дагуу үргэлжилж буй. Энэ мэтээр өнгөрсөн хугацаанд дээр дурдсан дөрвөн төрлийн вакцинаас 4.2 сая орчим тунг татан авсан бөгөөд ийм байдлаар дотоодын хэрэгцээнээсээ илүүчлэн вакцин нийлүүлж буй улс оронд бид талархаж, дархлаажуулалтад идэвхтэй хамрагдах учиртайг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тодотгосон. Тэрбээр “Засгийн газар байгуулагдсанаас хойш 100 дахь хоног энэ сарын 9-нд таарч байна. Энэ хугацаа дархлаажуулалтын 100 хоног байлаа гэж хэлж болно” хэмээв.

 

ЭРҮҮЛ МЭНДЭЭ ХАМГААЛЖ, ЭДИЙН ЗАСГАА СЭРГЭЭХ ТӨЛӨВЛӨГӨӨ ХЭРЭГЖҮҮЛЭВ

 

Дараагийн зорилго бол эдийн засгаа сэргээх явдал юм. Тиймээс Засгийн газар хоёрдугаар сарын 17-нд Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх арван их наядын цогц төлөвлөгөөг батлан хэрэгжүүлсэн нь онцлох шийдвэрүүдийн нэг байлаа. Энэ нь Засгийн газар мөнгө хэвлэхгүй, Монголбанканд байгаа найман их наяд төгрөгийг эргэлтэд оруулах замаар эдийн засгаа идэвхжүүлж, ажлын байр бий болгон, иргэдээ орлоготой байлгахаар зорьж буй арга хэмжээ юм. Тус цогц төлөвлөгөөнд жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай зээл олгох, залуучуудыг ажил, мэргэжилд бэлтгэх, эрүүл чийрэг, идэвхтэй амьдралын хэв маягт хөтлөх хоёр сарын хугацаатай, сарын 500 мянган төгрөгийн тэтгэлэгт сургалтад хамруулах, эхний ээлжид Улаанбаатар хотод барих “Залуус I, II, III” хорооллын дэд бүтэц, газар олгох, орон сууцыг нэг маягийн зургаар барих, ипотекийн хөнгөлөлттэй зээл олгох, стратегийн ач холбогдол бүхий томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, малчдын орлого, амьжиргааг дэмжихээр тусгасан юм. Ажлын байрыг дэмжих зорилтын хүрээнд энэ сарын 26-ны байдлаар 604.2 тэрбум төгрөгийг 8784 зээлдэгчид олгосон байна. Дээрх байдлаар тус цогц төлөвлөгөөг 2023 он хүртэл хэрэгжүүлсэнээр эдийн засгийн үзүүлэлт цар тахлаас өмнө байсан хэмжээнд очно гэж тооцоолж буй.

 

НҮҮРС БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭРИЙГ АШИГЛАЛТАД ОРУУЛАХ ШИЙДВЭР ГАРГАЛАА

 

Засгийн газрын баримталж буй бас нэгэн бодлого, зорилт бол уул уурхайн салбарын орлогыг илүү өгөөжтэй байлгаж, байгалийн баялгыг шударга хүртээмжтэй хуваарилахын тулд Үндэсний баялгын сан байгуулах явдал юм. Баялгын сангийн орлогыг байгалийн баялаг ашигласны онцгой татвар, төрийн өмчит компаниудын ашгаар бүрдүүлж, эдийн засгийн тэргүүлэх чиглэлийг дэмжих, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд зарцуулахаа Ерөнхий сайд мэдэгдсэнд олон нийт талархалтай хандаж байна.

Иргэд нь ажилтай, орлоготой, орлого нь амьдралд нь хүртээмжтэй, сэтгэл хангалуун байх боломжийг бүрдүүлэхэд хуримтлалын санг хэрхэн бүрдүүлж, зарцуулах хууль эрх зүйн болон зохион байгуулалтын талаас нь зөв хийх хэрэгтэйг Үндэсний баялгийн сан, Хуримтлалын нэгдсэн сангийн төсөл боловсруулах ажлын хэсгийнхэнд хэлж, холбогдох үүрэг даалгаврыг өгөөд буй. Одоогоор Ирээдүйн өв сан, Тогтворжуулалтын сан үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд цаашид ажилтай, орлоготой чинээлэг дундаж давхаргыг бий болгох зорилготой Хөгжлийн санг байгуулж, уялдаа холбоотой ажилласнаар Үндэсний баялгийн сангийн тогтолцоо бүрдэх боломжтой.

 

 

Мөн Хуримтлалын нэгдсэн сангаар дамжуулж, иргэн бүрийн боловсрол, эрүүл мэнд, тэтгэвэр, орон сууц, нийгмийн хамгааллын үйлчилгээг цогцоор нь шийдвэрлэх тогтолцоонд үе шаттай шилжүүлэх аж. Эдгээр сангаар дамжуулж, баялгийг нийт иргэнд тэгш хүртээмжтэй хүргэх, эдийн засаг, нийгмийн хөгжлийг богино болон урт хугацаанд хугацаанд урагшлуулах нь Засгийн газрын туйлын зорилго юм.

 

Байгалийн баялагтаа нэмүү өртөг шингээх бодлогыг Засгийн газар баримталж буй. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ны олборлолтын аманд нэг тонн коксжсон нүүрсний үнэ 63 ам.доллар байдаг бөгөөд түүнийг тээвэрлэн Ганцмод боомтод хүргэж, угаахад 200 ам.доллар болж өсдөг байна. Тиймээс дээрх зорилтын хүрээнд Тавантолгойн ордыг ашиглах үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай тогтоолыг Засгийн газар батлав. Ингэснээр Тавантолгойн үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтад багтаж буй төсөл, нүүрс баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын техник, эдийн засгийн үндэслэлийн дагуу энэ оны гуравдугаар улиралд багтаан эхлүүлэхээр болов. Нүүрс баяжуулах үйлдвэрийг ашиглалтад оруулснаар мянга орчим ажлын байр шинээр бий болж, улсын болон орон нутгийн төсөвт 208.45 сая ам.доллар төвлөрүүлэх боломжтой аж.

 

“ЗАЛУУС” ОРОН СУУЦНЫ ЦОГЦОЛБОР БАРИХ АЖЛЫГ ГАРААНААС НЬ ХӨДӨЛГӨВ

 

Засгийн газрын дараагийн гурав дахь зорилго бол дундаж давхаргыг дэмжих үндэсний шинэ тогтолцоог бүрдүүлэх юм. Дундаж орлоготой иргэдийг цаг алдалгүй дэмжиж чинээлэг дундчуул зонхилсон нийгмийг бүрдүүлэхэд хамгийн чухал нь орон сууцжуулах гэдгийг Ерөнхий сайд хэлж, ирэх гурван жилийн хугацаанд “Залуус 1, 2, 3 хороолол”-ыг нэгдсэн зургаар барих ажлыг эхлүүлж, өдгөө эхний ээлжийнхийг барих бэлтгэл ажлыг хангажээ. “Залуус” орон сууцны цогцолбор хорооллын төслийг хэрэгжүүлэхэд хамгийн чухал нь газрын асуудлыг бөгөөд үүнийг шийдвэрлэж, Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд буюу одоогийн онгоцны буудлын баруун талд ТОСК-ийн нэр дээрх 57 га газарт “Залуус 1” хорооллыг барихаар шийдэж, төлөвлөлтийг хийж эхэлсэн байна. Нийт газрынхаа 3/1-д 5000 айлын орон сууц барихаас гадна 2500 ажлын байр бий болгохоор шийдэж, арван га газарт дэд бүтцийг нь төлөвлөж буй аж. Дараагийн асуудал болох цахилгаан, дулаан, цэвэр бохир ус, холбоо зэрэг дэд бүтэцтэй холбоотой асуудлыг бүгдийг нь шийдвэрлэсэн байна. Тодруулбал, сүүлийн арван жилийг зарцуулж, ашиглалтад оруулсан хоногт 20 мянган куб метр бохир ус хүлээн авах чадалтай цэвэрлэх байгууламжийг ашиглах бол ус хангамжийн тухайд Нисэхийн эцэст байрладаг 1000 кубын усан санг өргөтгөх байдлаар шийдэхээр болжээ. Энэ мэтээр барилгын ажлыг эхлүүлэхэд шаардлагатай асуудлыг шийдвэрлэсэн байна.

 

Дундаж давхаргыг дэмжиж, чинээлэг дундчуул зонхилсон нийгмийг бий болгох хоёр дахь хөшүүрэг бол чанартай боловсрол тул Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгийг жил бүр зарлаж, Монгол Улсад зайлшгүй хэрэгтэй шинэ үеийг бэлтгэхэд анхаарч ажиллахаа Ерөнхий сайд мэдэгдсэн.

 

 

ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ИРГЭДЭД ТҮРГЭН ШУУРХАЙ, ЧИРЭГДЭЛГҮЙ ҮЗҮҮЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЖ БАЙНА

 

Энэ Засгийн газрын дөрөв дэх зорилго бол шударга ёс, цахим засаглалг бий болгох тул цахим үндэстэн байгуулах ажлаа илүү далайцтай өрнүүлэх юм. Энэхүү зорилгын хүрээнд иргэдэд шаардлагатай 592 үйлчилгээг 100 хоногтоо багтаан Е-Mon­golia системд оруулж, “Цахим үндэстэн” болох уриалга дэвшүүлээд буй. “E-Mongo­lia” буюу төрийн үйлчилгээний нэгдсэн системийг өнгөрсөн оны аравдугаар сарын 1-нд олон нийтэд албан ёсоор танилцуулахад төрийн 23 байгууллагын 181 үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж байсан бол өдгөө 400 орчим үйлчилгээг үзүүлдэг болов. Өнгөрсөн гуравдугаар сарын 31-нд нэг сая дахь иргэндээ цахимаар үйлчилгээ үзүүлжээ. Ийн өдөр бүр тодорхой үйлчилгээг тухайн системд нэгтгэж, төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, чирэгдэлгүй бөгөөд ил тод, нээлттэй үзүүлэх зорилтдоо хүрэхийн тулд алхам алхмаар урагшилж байна. Цахим шилжилтийг 2021-2024 оны хооронд 90 хувь хүртэл хийж, төрийн бүх шатны байгууллагын орон тооны давхцлыг арилгаж, данхайсан бүтцийг 30-40 хувиар бууруулах Цахим хөгжлийн яам байгуулах бэлтгэлээ хангаж эхэлжээ.

Цаашид Засгийн газрын залгамж чанарыг хадгалж, улс орны хувь заяатай салшгүй холбоотой томоохон төслүүдээ хэрэгжүүлж дуусгахаа мэдэгдсэн. Монгол Улс тээврийн зардлаас жилд 600-900 сая ам.доллар хэмнэж, нийт экспортын хэмжээг 30 орчим хувиар нэмэгдүүлэх боломжтой Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам, Тавантолгойн цахилгаан станц, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, газрын тосны үйлдвэр, байгалийн хийн хоолойн төслийг хэрэгжүүлж дуусгах, V цахилгааны станцын ажлыг эхлүүлэхийн төлөө ажиллаж байна. Мөн эрхтэн шилжүүлэн суулгах үндэсний төв, Зүрх судасны үндэсний төв, Түлэнхийн төв, Хавдар судлалын үндэсний төвийг шинээр барих юм.

 

 

С.Юмсүрэн

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)