Сангийн яам: 2021 онд нийтдээ 1.2 их наяд төгрөгийг ЭМД-ын сангаас зарцуулах төлөвлөгөөтэй

Дэлхий нийтийг хамарсан Коранвируст халдвар Ковид-19 цар тахлын сөрөг үр дагавар манай улс орны эдийн засаг, хүн амын эрүүл мэндийг өндөр эрсдэлд оруулж байна. Хэдийгээр хүн амыг вакцинжуулах ажил эхлээд байгаа боловч халдварын тархалт сүүлийн сард эрс нэмэгдэж, шинэ тохиолдлын тоо болон халдвараас шалтгаалсан нас баралт буурахгүй  байна. 

Одоогоор ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг гэсэн хоёр гол цэг дээр Ковид-19 ын тусламж үйлчилгээний санхүүжилтийн  дийлэнх хэсэг нь төвлөрч, ирэх ачаалал нь ч  энэ хирээр нэмэгдэж улмаар бодит хүчин чадлаас хэтэрч, хүний нөөцийн хомсдолд ороход хүрээд байна. Гэтэл эрүүл мэндийн анхан болон хоёрдогч шатлалын  эмнэлгүүд, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудад мэргэжилтэй боловсон хүчин, орны нөөц байгаа боловч ковид-19 ын эсрэг тусламж үйлчилгээ үзүүлсэн тохиолдолд өгөх санхүүжилт нь байхгүйгээс эмнэлгүүд санхүүгийн эрсдэлд орж, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн цалин урамшууллыг одоогийн төсөв санхүүгийн хүрээнд шийдэхэд хүндрэлтэй нөхцөл үүсээд байна.   

Эрүүл мэндийн санхүүжилтийн тогтолцооны шинэчлэлийн хүрээнд холбогдох хуулиудад өөрчлөлт орсны дагуу 2021 оноос эхлэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төсвийг үзүүлсэн тусламж үйлчилгээний, чанар, гүйцэтгэл, үр дүнг харгалзан  Эрүүл мэндийн даатгалын сангаас эмнэлгүүдэд олгож эхлээд байна. ЭМД-ын сан өөрийн шимтгэлийн орлогоос эмнэлгүүдийг санхүүжүүлэхээс гадна төрийн хариуцах тусламж үйлчилгээний санхүүжилтийн удирдлагыг төрийн өмнөөс төлөөлөн  хэрэгжүүлж байна.

ЭМД-ын сан 2021 онд нийтдээ 1.2 их наяд төгрөгийг зарцуулах төлөвлөгөөтэй бөгөөд үүний 60 орчим хувийг Улсын төсвөөс ЭМД-ын санд шилжүүлсэн. Нэг сард 100 орчим тэрбум төгрөг, оны эхний 3 сард 300 орчим тэрбум төгрөгийг санхүүжүүлэх боломжтой боловч одоогоор 70 хувийг л ашиглаж байгаа буюу эмнэлгүүд Ковид-19 цар тахлын улмаас үйл ажиллагаа нь доголдож санхүүжилтээ авч чадахгүй, зөвхөн урьдчилгаа авах байдлаар ажиллаж байна.

Харин Ковид-19 өвчлөлтэй тэмцэж буй санхүүжилтийн арга хэрэгслээ өөрчилж, илүү оновчтой болгох, хүртээмжийг нэмэгдүүлэх, төсвийн үр ашгийг сайжруулах үүднээс хөрөнгө, хүн хүчний одоогийн  нөөцийг оновчтой зохион байгуулбал  Ковид-19 цар тахлын эрсдэлийг хохирол багатай давах боломж байгаа гэдгийг салбарын яамтай хамтран тодорхойлж,  хуульд нийцүүлэн холбогдох зохицуулалтыг өргөн хүрээнд хийх зорилгоор 2 яам хамтран журам, тариф батлаад байна.  

Ковид-19 цар тахлын эсрэг цогц үйл ажиллагаанд дархлаажуулах, оношлох, тусгаарлах, анхан шатлалын түвшинд гэрээр нь эмчлэх, эмнэлэгт хүнд, хөнгөнөөс нь хамааруулан эмчлэх зэрэг тус тус багтаж байна. Энэхүү санхүүжилтийн бодлогын хүрээнд дараах үр дүн гарна гэж харж байна.

  1. Ковид-19 цар тахлын үед эмнэлгүүд нь эмчилсэн, оношилсон, дархлаажуулсан тохиолдол бүрээр эрүүл мэндийн даатгалаас санхүүжилт авах боломжтой болж байна. Ингэснээр тусламж, үйлчилгээний хүртээмж нэмэгдэх бөгөөд эмчилгээний чанарт Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас эмнэлзүйн удирдамжийн дагуу хяналт тавина.
  2. Эмнэлгүүд Ковид-19 цар тахлын цогц тусламж, үйлчилгээг үзүүлсний тоогоор санхүүжилт орж ирэх тул тус үйл ажиллагаанд ажиллаж буй эмч, сувилагч, бусад ажилчдаа цалин, урамшууллыг санхүүгийн хүндрэлгүй олгох, төсөв, санхүүгийн зохицуулалтууд хялбар болж байна гэсэн үг. Тухайлбал Ковид-19 эмчилж буй эмнэлгийн илүү цаг, цалин хөлс, эм, эмнэлгийн хэрэгслийг тухай бүр ЗГ-аас шийддэг, шийдвэр гаргах явц цаг алддаг байсан бол одоо эмчилсэн, оношилсон, дархлаажуулсан хүний тоогоор эмнэлэг санхүүжилтээ аваад олсон орлогоо эмч, сувилагч, бусад мэргэжилтэн, эм, эмнэлгийн хэрэгсэл болон бусад зардалдаа хуваарилах боломжтой болж байна.
  3. Ковид-19 цар тахлын тархалт одоогоор эрчимтэй нэмэгдэж байгаа хэдий ч тийм ч хурдан хугацаанд хумигдах боломжгүй байгаа тул төсөв, санхүүгийн хувьд уян хатан, урт хугацааны эрсдэлээ бодсон шийдвэр гаргах шаардлага байгааг анхаарч цаашид тархалтын хэмжээ хэрхэн нэмэгдэх талаар мэргэжлийн байгууллагаас хийж буй тооцоололд үндэслэн санхүүгийн нөөцөө хуваарилах, тогтвортой санхүүжүүлэх боломж уг шийдвэрээр баталгаажиж байна.
  4. Ковид-19 цар тахлын дэгдэлтийн үед халдвар авсан бүх өвчтөнг эмнэлэгт хэвтүүлэх боломж ч байхгүй үед хөнгөн хэлбэрийг гэрт нь тусгаарлаж анхан шатны эрүүл мэндийн байгууллагаас тусламж, үйлчилгээ үзүүлж, хяналт тавих бөгөөд санхүүжилтийг гүйцэтгэлээр нь ЭМД-ын сангаас олгоно.
  5. Мөн зөвхөн улсын томоохон эмнэлгүүд Ковид-19 эмчилгээг хийж байсан бол аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төв, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд КОВИД-19 эмчилгээг хийж санхүүжилтээ гүйцэтгэлээр нь авах боломжийг бий болгож байна.
  6. Ковид-19 халдвараас урьдчилан сэргийлэх дархлаажуулалтыг ЗГ-аас эрчимтэй хэрэгжүүлж буй үед дархлаажуулалт хийж буй эмч, сувилагч, холбогдох мэргэжилтнүүдийг үйл ажиллагааг дэмжиж гүйцэтгэлээр нь санхүүжүүлэхээр төлөвлөлөө.
  7. Тарифын тухайд нэг удаагийн дархлаажуулалт бүрт 5 мянган төгрөг, шинжилгээний сорьц авах бүрт 5 мянган төгрөг, өрх, сум, тосгоны эмнэлгээс хөнгөн өвчтөнг гэрт нь тусгаарлаж, эмчлэхэд 70 мянган төгрөг, эрсдэлтэй хөнгөн, хүндэвтэр, хүнд, маш хүнд тохиолдлыг эмнэлгүүдэд эмчлэхэд 1 - 4.3 сая төгрөг байхаар холбогдох тооцооллыг хийж шийдвэр гаргалаа.

Ковид-19 цар тахалтай  тэмцэх эрүүл мэндийн үйл ажиллагаа болох халдварыг илрүүлэх, оношлох, баталгаажуулах, эмчлэх, түүний эсрэг дархлаажуулах арга хэмжээг цогц байдлаар харж,  санхүүжилтийг нь улсын хэмжээнд оновчтой хуваарилах зохицуулалт болон цар тахлын эсрэг хэрэгжүүлэх тусламж үйлчилгээний төлбөрийн хэмжээг тогтоож байгаа болно.   

 Ковид-19 эсрэг цогц  тусламж үйлчилгээний санхүүжилтийн нэгдсэн зохицуулалт болон бодит тарифтай  болсноор  эмч, сувилагч, асрагч болон эмнэлгийн  ачаалал жигд хуваарилагдаж хүн амд тусламж үйлчилгээг шуурхай үзүүлэх, улмаар цар тахлын үеийн эрсдэлийг хохирол багатай даван туулах боломж бүрдэх болно гэж Сангийн яамнаас мэдээллээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)