Хөдөө аж ахуйн салбарт томоохон дэмжлэг үзүүлэх 500 тэрбум төгрөг

Цар тахлын улмаас үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Засгийн газраас Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөг батлан хэрэгжүүлээд багагүй хугацаа өнгөрч байна. Тус төлөвлөгөөг хэрэгжүүлж эхэлснээс хойш нийт нэг их наяд 152 тэрбум төгрөгийн зээлийг олгосон байна. Төлөвлөгөөнд тусгасан санхүүжилтийг томоохон хэд хэдэн төсөл хөтөлбөр, арга хэмжээнд зарцуулахаар хуваарилсан. Тухайлбал, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай хоёр их наяд төгрөгийн зээл олгох бол залуучуудыг ажил, мэргэжилд бэлтгэх, эрүүл чийрэг, идэвхтэй амьдралын хэв маягт хөтлөх хоёр сарын хугацаатай, сарын 500 мянган төгрөгийн тэтгэлэгт сургалтад хамруулахад 500 тэрбум төгрөг зарцуулахаар тусгасан юм.

Мөн эхний ээлжид Улаанбаатар хотод барих “Залуус I, II, III” хорооллын дэд бүтэц, газар олгох, орон сууцыг нэг маягийн зургаар барих, ипотекийн хөнгөлөлттэй зээл олгох зэрэгт гурван их наяд төгрөг, стратегийн ач холбогдол бүхий томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд хоёр их наяд төгрөг, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, малчдын орлого, амьжиргааг дэмжихэд 500 тэрбум төгрөгийг тус тус хуваарилсан. Эдгээрээс юуны түрүүнд хөдөө аж ахуйн салбарт олгох дэмжлэг олон нийтийн дунд хүлээлт үүсгээд буй. Учир нь, тариаланчид хаврын тариалалтаа эхлүүлэх бэлтгэлээ хангаж, малчид ямаагаа самнаж буй энэ цаг үед тодорхой хэмжээний санхүүжилт зайлшгүй шаард-лагатай байгаа билээ. Иймд хөдөө аж ахуйн салбарт зарцуулахаар хуваарилсан мөнгийг хэзээ-нээс, хэрхэн олгох, зээл хүсэгчид ямар шаардлага шалгуур хангасан байх ёстой зэрэг тодорхой нарийн мэдээллийг салбарын яамнаас тодруулан хүргэж байна.

ЗЭЭЛДЭГЧДИЙН ХҮСЭЛТИЙГ ЦАХИМААР ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЖЭЭ

Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөнд хөдөө аж ахуйг дэмжихэд зарцуулах зорилгоор тусгасан 500 тэрбум төгрөгийн 100 тэрбумыг хаврын тариалалтад, тус бүр 200 тэрбумыг ноолуур бэлтгэл болон малчдыг дэмжих чиглэлд олгоно. Ингэхдээ арилжааны банкуудын эх үүсвэрт тулгуурлан жилийн гурван хувийн хүүтэй олгох юм. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас зээлийн хүүгийн дэмжлэгийн санхүүжилтийн гэрээг Монгол банк, Сангийн яамтай, санхүүжилтийн ерөнхий гэрээг ХААН, Худалдаа хөгжил, Голомт, Капитрон, Хас, Төрийн банктай байгуулжээ. Ингэснээр аж ахуйн нэгжүүд дээрх арилжааны банкаар дамжуулан зээл авах боломжтой юм. Гэхдээ цар тахлын улмаас хөл хорионы дэглэм тогтоосонтой холбогдуулан зээлдэгчдийн хүсэлтийг цахимаар хүлээн авч эхэлжээ.

Ноолуур бэлтгэлийн зээлийн зориулалт, шалгуурын тухайд бизнесийн үйл ажиллагаагаа тогтвортой явуулахад шаардлагатай, ноолуур самнах болон түүнээс дээш дамжлага бүхий аж ахуйн нэгжид түүхий ноолуур худалдан авахад зориулан шинээр зээл олгох, уг зориулалтаар авсан зээлийг дахин санхүүжүүлэх зорилгоор энэ зээлийг ирэх зургаадугаар са-рын 30-ны өдрийг дуустал олгоно. Зээлд хамрагдах аж ахуйн нэгжүүд ноолуур самнах болон түүнээс дээш дамжлага бүхий байх, НӨАТ төлөгч байх, банкнаас зээлийн үйл ажиллагааны журам, зааврын хүрээнд тавигдсан бусад шаардлагыг хангасан байх ёстой аж.

Холбогдох хүчин зүйлүүдээс шалтгаалж, үр тариа, улаанбуудай, төмс, зарим төрлийн хүнсний ногооны тариалалтыг тавдугаар сарын 1-25-нд, үрслэг ил талбайд шилжүүлэх болон тэжээлийн таримлын тариалалтыг тавдугаар сарын 25-наас зургаадугаар сарын 10-ны дотор эхлүүлдэг байна. Энэ онд нийтдээ 530.3 мянган га-д тариалалт хийж, 495.6 мянган тонн үр тариа, үүнээс 471.5 мянган тонн улаанбуудай, 222.4 мянган тонн төмс, 116.1 мянган тонн хүнсний ногоо, 170.1 мянган тонн малын тэжээл, 26.4 мянган тонн тосны ургамал, 3.0 мянган тонн жимс, жимсгэнэ хураан авахаар төлөвлөжээ. Мөн 360.2 мянган га-д уринш боловсруулж бэлтгэх зорилт дэвшүүлэн хаврын тариалалтын бэлтгэл ажилдаа орсон байна.

Ийм цаг үед буюу хөдөө аж ахуйн салбарын хаврын ажил ид өрнөж буй энэ цаг үед тариалалтыг дэмжих зээлийг олгож эхлэхэд бэлэн болжээ. Тус зээлийг бизнесийн үйл ажиллагаагаа тогтвортой явуулахад шаардлагатай эргэлтийн хөрөнгийг бүрдүүлэх, банкнаас ижил зориулалтаар авсан зээлийг дахин санхүүжүүлэх зориулалтаар энэ оны аравдугаар сарын 31-ний өдрийг дуустал олгох зохицуулалт хийсэн байна. Аж ахуйн нэгжүүдийн хувьд ноолуур бэлтгэлийн зээлтэй мөн адил НӨАТ суутган төлөгчөөр бүртгүүлсэн, эсвэл нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдсөн байх, өөрийн эзэмшлийн газрын өмчлөх, эзэмших эрхтэй болон түрээсийн газартай байх ёстой аж. Харин төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалах талбай 0.1 га-гаас дээш байх, өвөл, зуны хүлэмжийн аж ахуй эрхлэгчийн талбай 30 ам метр байх, үр тариа, тос, тэжээлийн тариалан эрхлэгчдийнх нэг га талбайгаас дээш байх, энэ оны хаврын урьдчилсан тариалалтын захиалгын мэдээ мөн банкны шаардлагыг хангасан байх ёстой юм байна.

Малчдад олгох зээлийн тухайд малчин, мал бүхий этгээдэд хэрэглээний зээлээс бусад банкны ижил төрлийн зээлийн бүтээгдэхүүний нөхцөлөөр олгоно. Ингэхдээ 50 сая төгрөг хүртэлх зээлийг энэ оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал олгох бөгөөд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 12 сараас хэтрэхгүй. Зээл авах малчид Үндэсний статистикийн хорооны жил бүрийн мал тооллогын “А” дансны мэдээллээр баталгаажсан байх, банкны ижил төрлийн зээлийн бүтээгдэхүүнд тавигдах бусад шаардлага болон энэ гэрээг хэрэгжүүлэхтэй нийцүүлэн тавигдсан бусад шаардлагыг хангасан байхаар зохицуулалт хийжээ.

З.МЭНДСАЙХАН: БИЕ ДААСАН ЭДИЙН ЗАСАГТАЙ БОЛГОХ ЧИГЛЭЛД ТӨВЛӨРӨН АЖИЛЛАЖ БАЙНА

Цар тахлын улмаас 2019 онд 5.2 хувийн өсөлттэй байсан эдийн засаг өнгөрсөн оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр зургаа орчим хувиар унаж огцом агшсан. Үүнийг даган 46 мянга гаруй аж ахуйн нэгжид ажиллагсдын тоо өнгөрсөн оны гуравдугаар улиралд 70 мянгаар буурчээ. Тиймээс Засгийн газар иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, эдийн засгаа сэргээх бодлого, зорилтыг 2023 он хүртэл зэрэг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн юм. Энэхүү төлөвлөгөөг хэрэгжүүлсэнээр эдийн засгийн үзүүлэлт энэ онд 2019 он буюу цар тахлаас өмнө байсан хэмжээнд очно гэж тооцоолж буй. Тэгвэл эхнээсээ нааштай үзүүлэлт гарч эхэлжээ. Тодруулбал, цахим төлбөрийн системийн e-barimt уншуулалт 2019, 2020 онтой харьцуулахад хамаагүй өндөр, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар өмнөх хоёр жилийнхтэй харьцуулахад өндөр байгаа аж. Мөн НӨАТ төлөгчөөр бүртгүүлсэн аж ахуйн нэгжийн тоо өмнөх хоёр жилийнхээс 2-3 дахин өссөн байна.

Хөдөө аж ахуйг дэмжих зээлийн үр өгөөжийн тухайд ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан “Бидний амьдралд малчид, тариаланчид буюу хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн салбар ямар нэгэн байдлаар хамаарч байдаг. Тиймээс энэ салбарыг бодлогоор заавал дэмжиж байж, өрх бүрд санхүүгийн тогтвортой байдлыг хадгалах нь чухал. Нөгөө талд цар тахлын үед хүнсний аюулгүй байдалд хамгийн найдвартай түшиц болж өгсөн хөдөө аж ахуйн салбараа бид экспортын баримжаатай, бие даасан эдийн засагтай болгох чиглэлд төвлөрөн ажиллаж байна. Тийм учраас хөдөө аж ахуйг дэмжих 500 тэрбум төгрөгийн зээл нь хаврын технологит ажлууд ид өрнөдөг энэ чухал цаг үед манай салбарт томоохон дэмжлэг болж байгаа юм” хэмээн ярилаа.

С.МӨНГӨНЧИМЭГ: БАНКУУДТАЙ ХЭЛЭЛЦЭЭР ХИЙЖ, ЗЭЭЛИЙН ШАЛГУУРЫГ ЗӨӨЛРҮҮЛСЭН

Дараагийн онцлох, олон нийтийн дунд эрэлттэй байгаа зээл бол ажлын байрыг дэмжих гурван хувийн хүүтэй зээл юм. Манай улс зах зээлд шилжсэнээс хойш анх удаа аж ахуйн нэгжүүддээ жилийн гурван хувийн хүүтэй буюу нэн хөнгөлөлттэй зээлийг банкны системээр дамжуулан олгож байгаа билээ. Одоогийн байдлаар ажлын байрыг дэмжих зээлд 589.2 тэрбум төгрөгийн санхүүжилт гарсан байна. Ингэснээрээ 22389 ажлын байрыг хадгалж чаджээ. Арван их наядын цогц төлөвлөгөөг хэрэгжүүлснээр нийт 120000 ажлын байрыг хадгалах бололцоотой гэж тооцож буй.

Ажын байрыг дэмжих зээлд аж ахуйн нэгжээс гадна иргэдийг хамруулж буйгаараа онцлогтой. Өөрөөр хэлбэл, бичил бизнес, өрхийн үйлдвэрлэл эрхэлдэг айл өрх, иргэн тус зээлийг авах боломжтой. Иргэдэд ямар нэгэн шалгуур тавихгүй, харин аж ахуйн нэгжүүдийн хувьд НӨАТ төлөгчөөр бүртгүүлсэн байх ёстой. Зээл олголтыг хурдасгаж, хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд банкны шалгуурыг үе шаттай бууруулах хүрээнд Монголбанктай хамтран арилжааны банкуудтай хэлэлцээр хийж буйг Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг хэллээ. Тэрбээр “Энэ дагуу зарим банк зээлийн шалгуураа буулгасан. Тодруулбал, хувь хүн зээл авахын тулд сүүлийн зургаан сар тасралтгүй бизнес эрхэлсэн байх шалгуурыг зөөлрүүлж, тасралтгүй гэхийн оронд цар тахлын үед зургаа хүртэл сарын хугацаанд бизнесээ хийгээгүй байж болох, орлогыг нь нотлохдоо эдийн засаг хэвийн буюу 2019 оныхоор тооцож байгаа. Мөн зээлийн найдваргүй түүхтэй байж болно. Үүнийг харгалзахгүйгээр, зөвхөн зээлээ барагдуулж үлдэгдэлгүй байх гэх зэргээр аль болох уян хатан зохицуулалтыг хийж байгаа” гэлээ.

1.НООЛУУР БЭЛТГЭЛИЙН ЗЭЭЛ

Зориулалт: Бизнесийн үйл ажиллагаагаа тогтвортой явуулахад шаардлагатай, ноолуур самнах болон түүнээс дээш дамжлага бүхий аж ахуйн нэгжид түүхий ноолуур худалдан авахад зориулан шинээр зээл олгох, уг зориулалтаар авсан зээлийг дахин санхүүжүүлэх;

Зээл олгох хугацаа: 2021 оны 6-р сарын 30-ны өдрийг дуустал

Шаардлага: Ноолуур самнах болон түүнээс дээш дамжлага бүхий аж ахуйн нэгж байх;

Банкнаас зээлийн үйл ажиллагааны журам, зааврын хүрээнд энэ гэрээг хэрэгжүүлэхтэй нийцүүлэн тавигдсан бусад шаардлага.

2.ХАВРЫН ТАРИАЛАЛТЫН ЗЭЭЛ

Зориулалт: Бизнесийн үйл ажиллагаагаа тогтвортой явуулахад шаардлагатай эргэлтийн хөрөнгийг бүрдүүлэх, банкнаас ижил зориулалтаар авсан зээлийг дахин санхүүжүүлэх;

Зээл олгох хугацаа: 2021 оны 10-р сарын 31-ний өдрийг дуустал

Шаардлага: Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлсэн, эсвэл нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдсөн байх;

Өөрийн эзэмшлийн газрын өмчлөх, эзэмших эрхтэй болон түрээсийн газартай байх /гэрчилгээ болон түрээсийн гэрээтэй байх/;

Төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалах талбай 0.1 га-гаас дээш байх;

Өвөл-зуны хүлэмжийн аж ахуй эрхлэгч 30 м2 талбайгаас дээш тариалан эрхлэгч байх;

Үр тариа, тос, тэжээлийн тариалан эрхлэгчид 1 га талбайгаас дээш байх;

2021 хаврын урьдчилсан тариалалтын захиалгын мэдээ;

Банкнаас зээлийн үйл ажиллагааны журам, зааврын хүрээнд энэ гэрээг хэрэгжүүлэхтэй нийцэж тавигдсан бусад шаардлага.

3.МАЛЧДЫГ ДЭМЖИХ ЗЭЭЛ

Зориулалт: Малчин, мал бүхий этгээдэд хэрэглээний зээлээс бусад банкны ижил төрлийн /малчны/ зээлийн бүтээгдэхүүний нөхцөлөөр олгох;

Зээлийн хэмжээ: 50 сая төгрөг хүртэл

Зээл олгох хугацаа: 2021 оны 12-р сарын 31-ний өдрийг дуустал

Зээлийн хугацаа: 3 жил хүртэл, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 12 сараас хэтрэхгүй

Шаардлага: Үндэсний статистикийн хорооны жил бүрийн мал тооллогын “А” дансны мэдээллээр баталгаажсан байх;

Банкны ижил төрлийн зээлийн бүтээгдэхүүнд тавигдах бусад шаардлага болон энэ гэрээг хэрэгжүүлэхтэй нийцүүлэн тавигдсан бусад шаардлага.

 

С.ЮМСҮРЭН

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)