Х.Нямбаатар: Далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөг цуцлах саналаа “Рио Тинто”-гийн талд тавьсан

Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай 92 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар тавьсан асуулгын хариуг сонсох үеэр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “Бид Оюу тойлгойн ордын далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөг цуцлах саналаа Рио Тинтогийн талд тавьсан. Оюу толгой төсөл таван сая ам.долларыг нийгмийн хариуцлагын хүрээнд хот байгуулалт болон бусад төсөлд шийдвэрлэж, цаашид нэмэгдүүлэх боломжтой гэдгээ бидэнд танилцуулж байсан. Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээгээр Монголын тал тодорхой төрлийн татваруудыг тогтворжуулсан байдаг. Тухайлбал, Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг таван хувиар тооцож авахаар тусгасан байна. Өөрөөр хэлбэл, нийт гарч байгаа баялгийн таван хувьд нь АМНАТ авч байна” хэмээн онцлов.

“Оюутолгой” компанийн Монгол Улсын Засгийн газрын эсрэг Лондон хотын олон улсын арбитрын шүүхэд гаргасан нэхэмжлэлд Засгийн газар 2021 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн дотор хариу тайлбар хүргүүлэх хуваарьтай байсан бөгөөд хариу тайлбар, сөрөг нэхэмжлэлийг энэ хугацаандаа гаргаж арбитрын бүрэлдэхүүнд хүргүүлжээ.

Түүнчлэн АНУ-ын Нью-Йорк мужийн Дээд шүүхэд гаргасан нэхэмжлэлээс нэхэмжлэгч талын төлөөлөгч ямар шалтгаанаар татгалзсан тухайд “Оюу толгой ордын Хөрөнгө оруулалтын гэрээ болон далд уурхайн бүтээн байгуулаллтын санхүүжилтийн төлөвлөгөөтэй холбоотой асуудлаар АНУ-ын Нью-Йорк мужийн Дээд шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хэний санаачилгаар цуцалсан талаар Засгийн газар цахим сүлжээнд олон нийтэд нээлттэй байгаа эх сурвалжаас олж мэдсэн мэдээллийг хүргүүлсэн. Эх сурвалжид АНУ-ын Нью-Йорк мужийн Дээд шүүхэд гаргасан нэхэмжлэлээс нэхэмжлэгч талын төлөөлөгч болох Кинг&Спалдинг хуулийн фирм хүсэлтээрээ татгалзсан гэж дурдсан байсан” хэмээн онцлов.

Шүүхийн маргааны нэхэмжлэгч тал болох Монгол Улсын нийслэлийн Прокурорын газрыг Нью-Йорк мужийн шүүхэд төлөөлж буй Кинг&Спалдинг хуулийн фирмд хандаж Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараас энэ оны нэгдүгээр сарын 29-ний өдөр АНУ-ын Нью-Йорк мужийн Дээд шүүхэд гаргаад байсан нэхэмжлэлийн шаардлагыг хэвээр хадгалж, шүүхийн үйл явцыг сэргээх хүсэлтийг Монгол Улсын Ерөнхий прокурорын газарт уламжилж буй талаар албан бичиг хүргүүлжээ.

С.АЗ

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)