Гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, урьдчилан сэргийлэх ач холбогдолтой хуулийн төслийг хэлэлцэв

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлэв. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх үр дүнтэй ажлын нэг нь дүрс бичлэгийн техник, хэрэгсэл буюу теле хяналтын нэгдсэн систем ашиглах явдал аж. Улсын хэмжээнд 6686 камер суурилуулсан ч 4216 нь ажиллаж байгаа ч эдгээрийн 1251 нь дүрсний шаардлага хангахгүй бол 2470 нь огт ажилладаггүй байна. Энэ нь арчлалт хамгаалалт хийдэггүй, засвар, үйлчилгээний зардлыг төсөвт тусгадаггүй зэрэг асуудалтай холбоотой аж. Камерын хяналтгүй орчинд гарах гэмт хэрэг, зөрчлийн тоо цаашид өсөх хандлагатай тул нийслэлд 5008 цэгт 20032, аймгуудын төвийн 3339 цэгт 13356 камер нэмж суурилуулах шаардлагатай гэсэн тооцоо гаргажээ.

Иймд, камержуулалтын нэгдсэн системийг үе шат-тайгаар нэвтрүүлэх, зөрчил болон эрүүгийн хэрэг хянан шалгах байгууллагын мэдээллийн нэгдсэн системийг сайжруулах ажилд зарцуулах санхүүжилтийн эрх зүйн орчныг тодорхой болгохоор торгох ял, зөрчилд ногдуулсан торгох шийтгэлийг биелүүлснээр төсөвт төвлөрүүлсэн мөнгөн дүнгийн 20-оос доошгүй хувьтай тэнцэх хөрөнгийг эдгээр арга хэмжээнд зарцуулах, 20-оос доошгүй хувьтай тэнцэх хөрөнгийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх бусад арга хэмжээнд зарцуулдаг байхаар, түүнчлэн энэхүү хөрөнгийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний багцад төвлөрүүлэн хуваарилж, санхүүжүүлэх зэрэг заалтыг төсөлд тусгажээ.

ЭРГҮҮЛИЙН ЦАГДААГИЙН ОРОН ТОО БУУРАХ ЗЭРЭГ АЧ ХОЛБОГДОЛТОЙ

Камерын хяналтын системийг ашиглан хүний эрхийг зөрчих асуудал гарч буйг УИХ-ын гишүүд тодотгож, төсөл санаачлагчид үүнд ямар шийдэл, зохицуулалт тусгасныг тодруулав. Монгол Улсын цахим харилцааны эрх зүйн суурь зохицуулалт болох Нийтийн мэдээллийн тухай, Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай, Цахим гарын үсгийн тухай, Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төслийг боловсруулсан бөгөөд эдгээрийг ойрын хугацаанд өргөн мэдүүлэхээр төлөвлөжээ. Эдгээр төсөлд аливаа төрлийн камерын системийн хяналтаар хүний эрхийн зөрчил үүсгэхгүй байх асуудлыг нарийвчлан зохицуулахаар тусгасан байна. Мөн улсын хэмжээний камерын хяналтын нэгдсэн теле системтэй болоход 300 гаруй сая ам.доллар буюу нэг их наяд төгрөгийн үндсэн зардал, үүн дээр урсгал зардал нэмэгдэнэ. Одоогоор аймаг, дүүргийн ИТХ торгуулийн орлогын 40 хувийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор зарцуулдаг бөгөөд үүний 20 хувийг камерын хяналтын теле системийн шинэ суурилуулалт, ашиглалт, арчлалтад зарцуулахаар төсөлд тусгажээ.

Цагдаагийн албаны тухай хуульд заасны дагуу 2010 оноос хойш цагдаагийн ажилтнууд энгэрийн камер зүүж, ашиглаж эхэлсэн байна. Харин Дүрс бичлэгийн техник, хэрэгслийг цагдаагийн байгууллагын мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбох журмыг Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар батлан, мөрдөж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар энгэрийн 3600 камер орчим камер ашиглаж байгаа аж. “Теле эргүүл” хэмээн нэрлэж буй энэ төрлийн үйл ажиллагааг хэрэгжүүлснээр гэмт хэрэг, зөрчил буурах, түүнчлэн цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүний ажил, үүргийн хуваарьт өөрчлөлт орох, эргүүлийн цагдаагийн орон тоо буурах зэрэг ач холбогдол гарна гэж хууль санаачлагчид тооцсон байна.

БАРЬЦААЛАН ЗЭЭЛДҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ НЭГДСЭН БҮРТГЭЛИЙН САН ҮҮСГЭХ ШААРДЛАГАТАЙ

Үүний дараа Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төслийн хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв. Барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхлэгчид буюу ломбардуудын үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийхэд барьцааны эд зүйлийг зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур /50-80 хувь/ үнэлж авдаг, гэрээний хугацаанаас өмнө эд зүйлээ авсан ч тухайн зээлийн гэрээнд заасан хоногоор хүү тооцож, төлөх талаар гэрээнд тусгадаг, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5-1 хувийн алданги, торгууль тооцож авахаар гэрээндээ тусгасан байдаг зэрэг нийтлэг зөрчил илэрчээ. Мөн иргэнд 7-30 хоногийн хугацаанд 3.5-8 хувийн хүүтэй зээл олгож, хугацаа дуусмагц нэг удаа сануулах зурвас илгээж, дараагийн өдрөөс үл маргах журмаар барьцааны эд зүйлийг худалдан борлуулж, ломбардны орлого болгох талаар гэрээнд тусгадаг байна. Хяналт, шалгалтад хамрагдсан барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхлэгчдийн 63.3 хувь нь дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдааны хэлтсээс олгосон батламжтай байсан бол 36.7 хувь нь зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлж байжээ.

Түүнчлэн ломбардууд татвараа шударгаар төл-дөггүй, олон төрлийн үйл ажиллагааг эрхэлдэг төдийгүй үйл ажиллагаанаас олсон орлого нь тодорхойгүй, орлого нь холилдсон байдаг нь мөнгө угаах эрсдэлт орчин болохын зэрэгцээ далд эдийн засаг үүсгэх эрсдэлийг тооцож барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагааны нэгдсэн бүртгэлийн сан үүсгэх шаардлагатай хэмээн үзэж, холбогдох зохицуулалтыг төсөлд тусгажээ.

 

С.ЮМСҮРЭН

 

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)