Владимир Путин тангараг өргөлөө
- 2012-05-08
- Дэлхий
- 0
ОХУ-ы н Ерөнхий сайд Владимир Путин өчигдөр Ерөнхийлөгчийн тангараг өргөлөө. Улаан хивсэн дээгүүр алхаж, тангараг өргөх нь түүний хувьд шинэ зүйл биш билээ.

ОХУ-ы н Ерөнхий сайд Владимир Путин өчигдөр Ерөнхийлөгчийн тангараг өргөлөө. Улаан хивсэн дээгүүр алхаж, тангараг өргөх нь түүний хувьд шинэ зүйл биш билээ.
2000, 2004 онд Оросын ард түмэн түүнд итгэл хүлээлгэсэн шигээ ирэх зургаан жил улс орноо удирдуулах эрх олгосон юм. Түүний тангараг өргөх ёслол Кремлийн цагаар 12.00 цагт тохиов. Кремлийн Их танхимд болсон ёслолын арга хэмжээнд Холбооны зөвлөлийн дарга, Төрийн дум, Үндсэн хуулийн цэц, парламентын дээд, доод танхимын гишүүд, гадаад улс орны Элчин сайд, консул, өргөмжит консул, олон улсын байгууллагын төлөөлөгчид зэрэг 3000 гаруй зочин урилгаар оролцлоо.
Гадаад орнуудын төрийн өндөр албан тушаалтнуудаас Украины Ерөнхийлөгч Виктор Янукович, Италийн экс Ерөнхий сайд Сильвио Берлускони нар хүрэлцэн ирсэн аж. Тангараг өргөх ёслолыг нээж ОХУ-ын одоогийн Ерөнхийлөгч Д.Медведев үг хэлж, өнгөрсөн дөрвөн жилд тус улсад өрнөсөн нийгэм, эдийн засгийн ахиц дэвшилд Ерөнхий сайд В.Путины оролцоо ихээхэн үүрэг гүйцэтгэснийг онцолсон байна.
Мөн “Владимир Путин шиг ард түмнийхээ олонхийн дэмжлэгийг хүлээсэн хүчтэй, туршлагатай улстөрч Ерөнхийлөгчөөр дахин сонгогдож байгаад би баяртай байна” гэж хэлжээ. Харин В.Путин “ОХУ-ын Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа Үндсэн хуулийг дээдлэн сахиж, хүний эрх, эрх чөлөө хүндэтгэн дээдэлж, улс орныхоо тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалж, ард түмэндээ үнэнч шударгаар зүтгэхээ амлаж байна” хэмээн хэллээ.
Тэрбээр тангараг өргөснийхөө дараа Орос орныг илүү ардчилсан, үсрэнгүй хөгжсөн эдийн засагтай, батлан хамгаалахын хувьд хэнээс ч эмээхгүй, ард иргэд нь эрүүл, аюулгүй орчинд амьдарсан улс болгохыг зорьж буйгаа мэдэгдсэн юм.
Сонирхуулахад, тус улсын Ерөнхийлөгчийн тангараг 33 үгээс бүрддэг бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгчийнхөөс гурван үгээр цөөн гэнэ. Тангараг өргөсний дараа Үндсэн хуулийн цэцийн дарга төрийн тэргүүний албан тушаал баталгаажсаныг албан ёсоор зарлав.
Ёслолын ажиллагааны тэргүүн эгнээнд ОХУ-ын төрийн тэргүүнээр ажиллаж байсан хүмүүсийн эхнэрүүд зогсчээ. Тухайлбал, Ерөнхийлөгч агсан Б.Ельциний эхнэр Наина Ельцина, Д.Медведевийн эхнэр Светлана Медведева, В.Путины эхнэр Людмила Путина нар хүрэлцэн ирсэн байна. Тангараг өргөх ёслолын ажиллагаа 40 минут үргэлжилсэн бөгөөд Оросын телевизийн зургаан суваг, гурван радио станц шууд дамжуулжээ.
Гурав дахь удаагаа Ерөнхийлөгчөөр сонгогдсон В.Путин Иосиф Сталинаас хойш тус улсыг хамгийн олон жил удирдсан удирдагч болж байна. Учир нь тэрбээр энэ бүрэн эрхийн хугацааг оруулбал нийтдээ 14 жил төрийн тэргүүнээр ажиллах юм. Түүнийг тангараг өргөхтэй зэрэгцэн өнгөрөгч арванхоёрдугаар сараас хойш тус улсад эсэргүүцлийн ажиллагаа зохион байгуулсан сөрөг хүчнийхний үйл ажиллагаа идэвхжжээ.
Тиймээс сөрөг хүчинтэй хэрхэн хэлэлцээр хийх нь түүний удирдах чадварын гол шалгуур болно гэж ажиглагчид дүгнэж байна. Тангараг өргөх ёслолын өмнөх болон мөн өдөр сөрөг хүчнийхэн Москва хотын төвд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, В.Путиныг огцрохыг шаардсан байна. Жагсаалд оролцогчид цагаан өнгийн тууз бүхий “Цагаан хотод шударга эрх баригч байх ёстой” гэсэн лоозон барьжээ.
Сөрөг хүчний энэхүү үйл ажиллагааг Борис Немцов толгойлжээ. Засгийн газрын албаныхан тангараг өргөх ёслолын ажиллагаа болохтой холбогдуулан томоохон хот, тосгон, тэр дундаа нийслэл Москвагийн гудамж, талбай дахь харуул хамгаалалтыг зузаатгаж олон зуун цэрэг, цагдаа гаргасан байна. Өнгөрөгч ням гаригийн жагсаалын үеэр хүчний байгууллагын ажилтнууд 400 гаруй хүнийг барьж саатуулсан аж.
Э.ТӨГС
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)