Э.Тамир: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих инкубатор төвтэй болно

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас Азийн хөгжлийн банк болон ЖАЙКА-гийн хоёр том төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Тодруулбал, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Ховд, Хөвсгөл, Дундговь, Дархан-Уул, Дорнод, Архангай гэсэн зургаан аймагт Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийг дэмжих төв барихаар болсон байна. Одоогийн байдлаар тендерт шалгарсан компаниуд ажлаа эхлүүлэхэд бэлэн болсон гэдгийг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга Э.Тамир хэллээ.

Түүнчлэн тэрбээр тус газраас хэрэгжүүлж буй ажлынхаа талаар “Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд бүсчилсэн хөгжлийн 2050 хөтөлбөртэй уялдуулан дээрх аймгуудад тусгай чиг үүрэг бүхий төв байгуулахаар сонгосон. Энэ аймгуудад портезийн анхан шатны үйлчилгээ үзүүлэх боломжийг олгоно.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлгөөн болон хөдөлмөр засал зэрэг үйлчилгээг орон нутагт нь үзүүлж, хөдөлмөр эрхлэлтийн заавар зөвлөгөөг тэнд нь өгнө. Манай агентлагийн харьяанд Сэргээн засах сургалт үйлдвэрлэлийн төв, Сэргээн засах эмнэлэг, Портезийн төв, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төв, Хараагүйчүүдийн сургалт үйлдвэрлэлийн төв гээд олон газар бий. Гэсэн ч эдгээр төвөөс үзүүлдэг үйлчилгээг авч чадахгүй иргэд орон нутагт амьдардаг. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ ойртож тусалж, дэмжихийн тулд анхан шатны тусламж үйлчилгээг орон нутагт нь төвлөрүүлэх нь зөв гэж үзсэн. Гэрээний дагуу энэ оны арванхоёрдугаар сарын 15 гэхэд барилгын ажлыг дуусгаж ашиглалтад оруулна. ЖАЙКА-гийн төсөл нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих юм. Энэ хүрээнд тав, зургаадугаар сард хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хөдөлмөр эрхлэлтийн талаарх ерөнхий судалгааг хийнэ. Мөн Хөдөлмөрийн тухай хуульд заасан 25-аас дээш ажилтан, ажиллагсадтай байгууллага 25 хүн тутамд нэг хөгжлийн бэрхшээлтэй иргэн ногдох байдлаар авч ажиллуулах заалтын хэрэгжилтийг судална.

Судалгааны дараа сургалтын ажлыг эхлүүлнэ. Ажилд орох гэж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсээ сургахын зэрэгцээ ажилд авах компаниудтай нь хамтран тохируулгатай ажлын байрыг бий болгоно. Энэ онд нийслэлд хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих найман давхар инкубатор төвийг барина.

Тухайлбал, гар утасны засварчнаас эхлээд энэ төвөөрөө дамжуулан тухайн иргэдийн хөдөлмөр эрхлэлттэй холбоотой бүхий л ажлыг хийх юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар байгуулагдаад гурван жил болж байна, харьцангуй шинэ газар. Шинэ учраас хууль эрх зүйн орчин талаасаа дутагдалтай тал бий. Бид боловсон хүчин, ажиллах хүчийг бэлдэхийн тулд нэгдүгээрт, байр саваа бэлдэх ёстой.

Хоёрдугаарт, ажиллах хүчээ сайн сургах шаардлагатай.

Гуравдугаарт, хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх зайлшгүй шаардлага тулгарсан. Тиймээс бид Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах саналаа нэгтгээд, УИХ-ын намрын чуулганд өргөн барихаар зэхэж байна. Түүнчлэн Саадгүй байдал, хүртээмжийн тухай хуулийн төслийг мөн өргөн барина” гэлээ.

М.ӨНӨРЖАРГАЛ

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)