Нэгдэхийн тулд салах …
- 2021-05-23
- Улс төр
- 0

МАХН гэсэн улс төрийн том хүчин МАН, МАХН болж хоёр салахад олон хүн гайхаж дургүйцсэн. Тэдний дотор эрс эсэргүүцэх хүн ч олон байсан. Миний хувьд дургүйчүүдийн нэг байлаа. Дэлхийн дансаас үндсэндээ арчигдаж байсан Монгол Улс орноо өндийлгөн босгож, өдий хүртэл авч ирсэн, хэзээ ч нэгдмэл цул байдаг улс төрийн том хүчин гэнэт хуваагдсанаас хожих юм байхгүй гэж л бодож явлаа.
Харин одоо хагарсан хүч нэгдэж, суларсан итгэл сэргэж байгаагийн тухайд хэдэн үг хэлмээр бодогдлоо. Нэгдлийн тухай шийдвэр гаргаж байгаагаа “…Ардчиллыг бататгах, хөгжлийг түргэтгэх үйлсэд зүтгэнэ. Улс орны эрх ашгаас давсан улс төрийн намуудын эрх ашиг гэж байхгүй. Монгол Улс гэсэн ганц эрх ашигт төвлөрөх ёстой. Бид хүн биш, хууль засаглахад хамтдаа зүтгэнэ”, “Монголчууд нэр бүтэн явах сайхан гэж хэлдэг. МАН, МАХН-гүйгээр, МАХН МАНгүйгээр байх нь бүтэн биш юм байна. Өвөг дээдсийнхээ хийсэн бүтээснийг хүндэтгэж МАН, МАХН хоёр нэгдэн нийлж, нэг бүтэн нам боллоо. Нэр бүтэн, бодлого бүтэн, үйл хэрэг бүтэн болж байна” гэж тодорхой хэллээ. Том зорилготой нэгдэж байгаа нь сайн хэрэг. Монголд намууд хагарч бутарч, механикаар нэгдэж нийлж байсан нэн шинэхэн түүх бий нь бий л дээ. Харин МАН-ын дарга У.Хүрэлсүх, МАХН-ын дарга Н.Энхбаяр нар удирдагч хүний зангаргийг харуулж Монголын томоохон нэгдлийг бий болголоо. Өчүүхэн жижиг ч байсан эрх мэдэл, олз омог, сандал суудлаа хадгалан үлдэх гэж улайрах болсон энэ нийгэмд улстөрчийн том соёл, цаг үеийн гойд мэдрэмж, монгол хүний саруул ухааныг тэд зааж залж ийм шийдвэр гаргалаа. Энэ бол сайны илрэл, сайхны эхлэл. Цаашдаа Монголын улс төрийн тавцан дээр энэ нэгдсэн нам /нэр нь өгөгдөнө байх/ үйл ажиллагаагаа хэрхэн явуулахыг нийгэм харж байна. Ямар ч л байсан нэгдсэний ач тус, шинэ бодлого чиглэлтэйгээ харуулна байх.

Нэгдэхийн тулд салах… гэсэн үг санаанд орж ирж, их учиртай юм байна гэж ухаарч байна. Үнэндээ, нам хоёр салснаар салах нь салж, хожих нь хожиж, хохирох нь хохирч, танигдах нь танигдсан даа. Өөрөөр хэлбэл, энэ салалтын явцад бага ч гэсэн “цэвэрлэгээ” хийгдсэн. Гэхдээ цаашид ингэж салангид явж болохгүй гэдгийг нам төдийгүй ард түмэн ойлгосон, ухаарсан. Одоо эргээд нэгдэх мөчид “талууд” нам доторх хагаралдааныг үүсгэгч бус, эвийг сахих эрүүл хүчин байна гэж бодохоор “салалт” бас хэрэгтэй ч байсан юм шиг. “Хагаралдаж салангид байснаас хожим сайнаар эргэн уулз” гэсэн үг ч санаанд орж ирж байна. Тэгээд бодохоор “салалт” бас хэрэгтэй ч байсан юм шиг.
Одоо яах вэ?
Шууд хэлэхэд, нэгдсэндээ сэтгэл ханаж, санаа амарч болохгүй. Илүү хүчтэй гэхээсээ илүү шинэлэг, шударга, ардчилсан, эрч хүчтэй, эв нэгдэлтэй байх хэрэгтэй. Нэгдлийн ач тусыг гаргаж чадахгүй бол зорилго чиглэлгүй “механик нэгдэл” болон хувирч, улс төрийн хүчнийхээ хувьд хөгжилгүй, цаашдын оршин тогтнолд тус болж чадахгүй.
Одоогийн МАН-д цөөнхийн зүгээс ирж байгаа шүүмжлэл гэвэл, “Нэг намын дарангуйлал тогтоолоо”, “Ардчиллыг багалзуурдаж байна” гэх мэт. АН-ыг төрийн эрх барьж байхад мөн л иймэрхүү шүүмжлэл байнга гарч байсан. Ямар ч үед эрх баригчдад хаяглагддаг шүүмжлэлийн үндэс юутай холбоотой вэ гэвэл, эрх барьж байгаа бүх хүчнээс урьдынхаас улам сайн шийдлүүдийг Монголын төр, ард түмний хөгжил цэцэглэлтийн төлөө гаргах ёстой гэсэн шаардлага юм. Англи хэлнээс гаралтай сөрөг хүчин гэдэг махчилсан орчуулга нь моралын философийн хувьд байж боломгүй. Монгол хүний эсрэг цаашлаад хүн төрөлхтний эсрэг сөрөх тухай ойлголт юм. Буруу орчуулга. Оpposite (оппозиц) гэдэг англи үг нь эрх барьж байгаа улс төрийн хүчнээс илүү сайн, сайхан, үнэн, зөв (шалгарсан) шийдлүүдийг гаргах тухай ойлголт болохоос биш сөрөх, сөргөлдөх, эсрэг байх хүчин гэж орчуулж болохгүй. Ер нь шалгарсан хүчин гэж орчуулбал илүү зөв байж болох. Улс төрийн хүчнийг үнэлэхдээ ямар шилдэг, шалгарсан бодлого, үйл ажиллагаа хэрэгжүүлэх санал болгож байгаагаар нь үнэлж баймаар байгаа юм.
Намуудын нэгдэл нь улс төрийн нэгэн институт болохын хувьд түгээмэл үнэт зүйлийг эрхэмлэн, бүхий л үйл ажиллагаагаа тэдгээр дээр тулгуурлаж явуулах хэрэгтэй болж байна. Энэ түгээмэл үнэт зүйлд юу ордгийг, юу байдгийг надаар хэлүүлэлтгүй мэднэ. Тодруулбал,
-МОНГОЛЫН ТӨР, МОНГОЛ ХҮНИЙГ ДЭЭДЛЭХ,
-МОНГОЛ ХҮНИЙ ТӨЛӨӨ БАЙХ,
-МОНГОЛ ХҮН ӨӨРӨӨ ЗАСАГЛАХ БОЛОМЖИЙГ ОЛГОХ,
-МОНГОЛЫН ТӨР МОНГОЛЫНХ БАЙХ,
-МОНГОЛ ХҮНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨГ ЖИНХЭНЭЭР НЬ ХАНГАХ,
-АРДЧИЛАЛ ЗАХ ЗЭЭЛИЙН ЭДИЙН ЗАСГИЙГ МОНГОЛЧУУДЫН ДАВТАГДАШГҮЙ СОЁЛД ТОХИРУУЛАН ХӨГЖҮҮЛЭХ,
-МОНГОЛ ТӨРИЙГ ДЭЛХИЙД ЖИШИГЛЭХҮЙЦ ТӨВШИТГӨН, ТЭГШИТГЭХ ёстой юм.
Миний бодоход, гол нь ардчиллын үнэт зүйлс Монголд ямар хэмжээнд хамгаалагдаж байна, түүний үнэ цэн нийгэмд хүртээмжтэй байна уу гэдэгтэй холбоотой болов уу. 1990 оноос тунхаглан зарлаж ирсэн “ардчилал” үнэн байдлаараа одоо байна уу, зах зээлийн эдийн засаг гэгчийн үр шимийг монголчууд хэрхэн хүртэж байгааг эхлээд асуух хэрэгтэй. Мэдээж, хангалтгүй байгаа учраас шүүмжлэл гарч байна.
Тэгвэл ардчиллын асуудал дээр түр тогтъё. Монголын ардчилал “Дүр эсгэсэн” гэдэг тодотголтой болоод удаж байгаа.
Ардчиллын хамгийн үнэт зүйлсийн нэг болох хууль ёсыг сахих, Үндсэн хуулиас авахуулаад бусад хуулийг дагаж биелүүлэх явдлыг уландаа гишгэж байна. Сүүлийн үед, ялангуяа Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх асуудалтай холбогдуулан ямар маргаан хаанаас гарав, юу болж байгааг нийгмээрээ харж байна. Одоо ч гомдол нь тасраагүй бололтой. Өөрсдийн хүслийг л биелүүлж байвал ямар ч хууль юу ч биш гэж төрийн түшээдээсээ авахуулаад зүтгэж, биеэрээ үлгэрлэж өлсөх цангахдаа тулав. Тэдний үйлдлийг харахад “Монголын төрийг улам бүр доройтуулах, хүчгүйдүүлэх санаа зорилготой байна” гэж үзэхээр байлаа. Энэ бол манайд “Дүр эсгэсэн ардчилал” тогтсоны сонгодог жишээ. Монголын ардчилал үнэт зүйлгүй хий хоосон, “дүр эсгэсэн” хуурамч гэдгийг харуулж байна. Цаашдаа ийм ардчилал газар авах юм бол аюултай. Үндсэн хуультай байгаад ч хэрэг алга болох нь.
Тэгэхээр ардчиллыг сэргээн босгох, хууль ёсыг сахих, сахиулах үүрэг хариуцлага МАН, МАХН-ын нэгдэлд ногдож байна.
Яагаад ардчилал дүр эсгэв, зах зээлийн эдийн засаг санасан зорилгодоо хүрэхгүй байна гэдгийн учир шалтгааныг тайлах хэрэгтэй. Юуны түрүүнд зөвлөлт маягийн социализмаас улбаатай, популист, худлаа, бүтэхгүй улс төрийн амлалтаас салах хэрэгтэй. Популист худлаа амлалт улс төр гамшгийн хэмжээнд цаашлаад, сүйрлийн түвшинд хүрч, улс төрийн түвшинд эрх мэдэл, албан тушаалаас эрхэм зүйлгүй болж нийгэм бохиртойгоо хутгалдаж байгаад хамаг учир оршино. Популист худлаа улс төрийн амлалтын хор уршгийг дэлхийн түвшинд судалсан судалгааны үр дүнг Монголын ард түмэнд танилцуулж, үүний цаана эрүүгийн гэмт хэрэг, ёс зүйн доройтол, төрийн нэр барьсан хулгайчид, цаашлаад дарангуйлагчид нь ардчиллын үнэт зүйл болох сонгох ба сонгогдох эрх чөлөөг ашиглан төрийн эрхэнд гарч, ард түмний эсрэг шинэ үеийн фашист үйл ажиллагааг явуулдаг тухай нийгэм даяар ухамсарлуулан ойлгуулахыг зэрэгцээ МАН, МАХН-ын нэгдэлд Монголын ардчиллын үнэт зүйлийг хамгаалах, хөгжүүлэх үүрэг ногдож байна гэдгийг ухамсарлах хэрэгтэй.
Хууль ёс, хүний эрхийн талаар хэчнээн зүйл амлаж байв? Ажил хэрэг болж бодитойгоор хэрэгжсэн зүйл үгүй. Цөөн хэдэд ашигтай, нийт олонд халтай ардчилал, зах зээлийн эдийн засаг тогтсон нь бодит үнэн.
Зах зээлийн эдийн засгийг бий болгоход чөдөр тушаа болж буй нэг гол зүйл бол “Ёс зүйд тулгуурласан засаглал нь хуулийн засаглалын суурь” болох ёстой юм. Ёс зүйн засаглал нь улс төрийн намууд төдийгүй шинжлэх ухаан, шашин шүтлэг, бизнесийн, цаашлаад нийгмийн бүх цар хүрээнд хэрэгжүүлэх, үндэстний ёс зүйн цэц байгуулах хүртэл ажиллах ёстой. Ингэж байж монгол хүнийг эрүүгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлж чадахаар барахгүй дэлхий дахинд монгол хүн болгон ёс зүйтэй гэдгээрээ алдарших ёстой.
“Дүр эсгэсэн ардчилал” гэсэн хочийг зүүнэ гэдэг бол монгол үндэстний гутамшиг. Зах зээлийн эдийн засаг хөгжсөн эсэхийг эдийн засгийн эрх чөлөөний индексээр тодорхойлдог. Монгол Улс эдийн засгийн эрх чөлөөний индексээр бараг эрх чөлөө байхгүй орноор тодорсныг анхаарах хэрэгтэй. Эдийн засгийн эрх чөлөө байхгүй болбол улс төрийн болон иргэний эрх чөлөө сүнсгүй болж “Дүр эсгэсэн ардчилал” гэдэг тодорхойлолтыг авдаг.
Цааш нь, эдийн засгийн эрх чөлөө нь санхүүгийн эрх чөлөөгөөр амилдгийг ойлгох хэрэгтэй. Өнөөдөр Монголд санхүүгийн эрх чөлөө байхгүй гэж хэлж болно. Банк нэртэй, ломбардын хэлбэртэй, феодолын агуулгатай мөнгө хүүлэлт, санхүүжилтээс ангижирч, Монголын төдийгүй дэлхийн зах зээлд монгол хүний оролцоог бий болгох тийм л санхүүгийн чадавх, эрх чөлөөг бий болгох цаг нь болсон. Тэгсэн цагт монгол хүн болгон дэлхийд визгүй зорчих нөхцөл бүрдэж, бидний паспорт хамгийн үнэ цэнтэй болно. Төсөөлөөд үз.
Манай буруу тогтолцоо хэсэг бүлэг хүмүүс үндэслэлгүй баяжих боломжийг бүрдүүллээ. Мөн, түрийвч дүүрэн ч толгой хоосон хүн юу ч хийж чаддаггүй гэдгийг бид харлаа. Харин, оюуны чадвартай, мэдлэг боловсролтой, хийе бүтээе гэсэн сэтгэлтэй хүмүүс бол юуг ч хийх байтал тэр боломжийг нь олгож чадсангүй. Биет бус хөрөнгө буюу мэдлэг, оюуны чадавхыг барьцаалж хөрөнгө оруулдаг санхүүгийн тогтолцоог бий болгоогүй нь том алдаа байв.
Мөн Монголоо гэсэн сэтгэлтэй, хийе бүтээе гэсэн хойч үеийг бий болгоё, залуучуудыг хөгжүүлье гэж байгаа бол Монголд инновац, старт-ап компаниудыг хөгжүүлэх ёстой. Энэ бол орчин үеийн шаардлага, залуучуудын хийх ажил. Харин ахмадууд зөвлөгөө өгдөг байх нь ухаалаг хөрөнгө оруулалтын нэгэн хэлбэр мөнөөс мөн.
Бидэнд ийм их хүч боломж бэлэн байсаар байхад ганц нүүрс ярьсаар, түүнийг бүхнийг шийдэх шийдэл хэмээн харж хилийн хэдэн боомт, нөгөө төрдөггүй төмөр замтайгаа ноцолдсоор хэчнээн ч жилийг барав даа. Энэ хооронд ард түмэн шоронд орсон мэт болсон. Учир нь, улс төр иргэний эрх чөлөөтэй гэж байгаа ч эдийн засгийн эрх чөлөө байхгүй, нийгмийн эрх чөлөө байхгүй, соёлын эрх чөлөө байхгүй, хөгжлийн эрх чөлөө байхгүй нийгэм, улс орныг нийгмийн шорон гэж тодотгодог. Ингэхлээр, өнөөдөр Монгол Улс нийгмийн шорон болсон байгаа юм биш үү?
Улс төрийн намын тухай хуулийг шинээр гаргах сураг байна.
Улс төрийн оппозиц хүчний хэлээд байгаа, зарим намыг татан буулгах тухай асуудал бол үнэндээ тун ядуухан үндэслэл. МАН-ыг татан буулгаж л байвал хүсэл нь биелэх юм шиг, өөрсдөө оронд нь гараад ирэх юм шиг гэнэхэн бодол, хүсэл явцгүй юм.
Улс төрийн намын тухай хууль боловсронгуй биш байгаагаас их талцал, улстөржилт газар авч, Монголын хувьд савнаасаа хальж мөхөл сүйрэл рүү хөтлөх мунхаглал, тэнэглэл болж даамжирч байна. Нам, хэсэг бүлгийн эрх ашгийг бүхний дээр тавихын хор гор үүгээр илэрч байна.
Энэ бас хүний боловсорсон байдалтай холбоотой юм. Нэг үгээр хэлбэл, боловсон хүний асуудал гэсэн үг. Сонгон шалгаруулах, мэргэжил, дадлага, туршлага, ёс зүйн шаардлагыг төрийн боловсон хүчин болгонд тавих хэрэгтэй байна. Ингэж байж “Цүнх баригчид”-аас салах болно. Энэ зарчмыг хэрэгжүүлэх нь нийт сонгогчдод ч хамаатай асуудал. Мэдлэг чадваргүй, ёс зүйн ичмээр алдаа дутагдал гаргаж байгаа Төрийн түшээдээ харцгаа л даа. Зүгээр л хараад байх юм уу, цаашдаа ингээд байлгаад байх юм уу? Ёс зүйн шаардлага юу юунаас чухал гэдгийг дэлхий даяар хүлээн зөвшөөрч байна, үүнийг угтаа бол агуу монголчууд баримталж дэлхийг түвшитгэсэн түүхтэй.
Энэ бүгдээр би юу хэлэх гээд байна гэвэл, МАН, МАХН-ын нэгдэл нь “механик” нэгдэл биш, харин Монголыг аврах, хүн төрөлхтний түгээмэл үнэт зүйл дээр тулгуурласан төрийг цогцлоох, ардчиллын үнэт зүйлийг дээдлэх, нийгмийг эмх журамд оруулах, монгол үндэстэн дэлхийн хэмжээнд санаачилгатай, ухамсартай, ёс зүйтэй байж, хүн төрөлхтний энх тайван, хөгжил дэвшил нь Монгол Улсын энх тайван, хөгжил дэвшлийн суурь гэж ойлгодог МОНГОЛ ҮНДЭСТНИЙГ ДАХИН СЭРГЭЭН МАНДУУЛАХ том зорилгыг эрхэмлэсэн нэгдэл юм гэдгийг харуулаасай гэж бодсоных юм.
Механик салалтаас том зорилготой нэгдэл рүү МАН, МАХН ирлээ.
Ц.ШАРАВДОРЖ
/Монгол Улсын гавьяат хуульч/

Сэтгэгдэл (0)