20 жилийн зовлон ба хоёр жилийн шийдэл
- 2021-05-24
- Нийгэм
- 0
Зорилгынхоо төлөө зогсолтгүй ажиллаж чадвал бүтэхгүй зүйл үгүй гэдгийг Монгол Улсын 30, 31 дэх Ерөнхий сайд, МАНын дарга У.Хүрэлсүхийн Засгийн газар үлгэрлэж, батлан харуулж чадсан юм. Тодруулбал, одоогоос гурван жилийн өмнө У.Хүрэлсүхийн Засгийн газар 2019 оны тавдугаар сарын 15-ны өдрөөс Улаанбаатар хотын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон түүхэн шийдвэр болох 62 дугаар тогтоолыг гаргаж байв. Түүхий нүүрсний хэрэглээг хориглож, сайжруулсан шахмал түлш хэрэглэснээр хорт утааны ялгарал их хэмжээгээр буурч, агаарын бохирдол эрс багасна гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, энэхүү шийдвэр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын дүр төрх буюу утаагүй, цэвэр агаартай мөнгөн өвлийг бий болгох том эхлэл байлаа. 20 жилд 700 тэрбум төгрөгийг утаанд зарцуулсан ч үр дүнд хүрээгүй гашуун түүхийг цагаанаар тэмдэглэсэн билээ.
АГААРЫН БОХИРДЛЫГ БҮХ ҮЗҮҮЛЭЛТЭЭР НЬ БУУРУУЛАВ
Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны мэдээллээр өнгөрсөн жил агаарын бохирдол бүх үзүүлэлтээрээ 50 хувь буурчээ. Тодруулбал, Улаанбаатар хотын агаарын чанарын суурин харуулын 15 цэгийн оргил үеийн хэмжилтийн мэдээгээр агаар дахь хүхэрлэг хий SO2 агууламжийг өнгөрсөн үеийнхтэй харьцуулахад 40, РМ10 тоосонцор 24, РМ5 тоосонцор 2.5 хувиар буурсан үзүүлэлт гарсан байна. Мөн нүүрстөрөгчийн дутуу исэл СО 37, азотын давхар исэл NO2 27 хувиар буурсан болохыг мэргэжлийн байгууллагууд тогтоожээ.
Энэ бол чамлахааргүй том амжилт, бодит үр дүн юм. Гэхдээ зарим өдөр агаар бохирдолтой, утаа ихтэй юм шиг харагдах тохиолдол байдаг. Энэ бол бид зөвхөн үзэгдэх байдлаар дүгнэж буй байдал. Харин мэргэжлийн үүднээс авч үзвэл агаарын бохирдолд олон хүчин зүйл нөлөөлдөг учраас зарим үед бохирдол нэмэгдсэн мэт харагдах тохиолдол байдаг аж. Хотын агаарын бохирдлыг гэр хорооллын 200 мянган айл өрх, 3000 орчим халаалтын зуух болон цахилгаан станц, мөн 500 мянга гаруй автомашины яндангийн утаа бий болгодог. Гэр хорооллын айл өрхүүд жилдээ 1.1 сая тонн түүхий нүүрс түлж, агаарын бохирдлын 80 гаруй хувийг бүрдүүлдэг учраас эхний ээлжид нийслэлчүүдийн түлшний хэрэглээг өөрчлөх явдал хамгийн чухал байв.
Ямартай ч түүхий нүүрсийг хэрэглээнээс халж, сайжруулсан шахмал түлшийг нэвтрүүлснээр Улаанбаатар хотын агаарын бохирдол, утаа мэргэжлийн үзүүлэлтийн хувьд багагүй хувиар, нүдээр бол бодитоор буурсан гэдэгтэй иргэд, олон нийт санал нэгдэж байгаа билээ. Тухайнд үед У.Хүрэлсүхийн Засгийн газраас үе үеийн Засгийн газрын нэгэн адил холбогдох ямар нэгэн тогтоол шийдвэрийг бэлгэдэл төдий гаргаад орхисон бол, олон нийтийн шүүмжлэлээс айсан бол, бодит байдалд нийцэхгүй шийдвэр гаргаж, түүнийгээ хэрэгжүүлэх гэж маш их хэмжээний мөнгийг үр дүнгүй зарцуулсан бол нийслэлчүүд нөгөө л янзаараа урдах замаа харахгүй шахам бүдчсээр л байх байсан. Техник технологи хурдацтай хөгжиж, хүсэл, зорилго байвал ямар ч асуудлыг шийдвэрлэх боломжтой эрин зуунд амьдарч буй тул улаанбаатарчуудыг утаагаар амьсгалж амьдруулахыг хүсээгүй учраас дээрх тогтоол шийдвэрийг гаргаж, хэрэгжүүлэхэд ханцуй шамлан орсон билээ. Түүхэн шийдвэр гаргаж, хэрэгжүүлэх хүртэлх хугацаанд бэлтгэлээ хэрхэн хангав, хэрэгжүүлж эхэлснээс хойш ажлаа сайжруулах, шат ахиулах, хүчин чадлыг нь нэмэгдүүлэхэд хэрхэн анхаарч ажиллав.
Засгийн газрын түүхэн хэмээн тодотгож буй 62 дугаар тогтоол технологийн шинэчлэл хийхийг шаардсан. Учир нь, цахилгаан дулааны эрчим хүч үйлдвэрлэж буй томоохон халаалтын зуух, станцаас бусад бүх аж ахуйн нэгж, айл өрх түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон. Тиймээс нийслэлчүүдийн хэрэглэдэг түүхий нүүрсний хэрэглээг 600 мянган тонн шахмал түлшээр солихын тулд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн дэргэд “Тавантолгой түлш” ХХК байгуулж, улмаар Сайжруулсан шахмал түшний үйлдвэрийг ашиглалтад оруулж, тээвэрлэх, түгээх, хэрэглэгчдэд хүргэх ажлыг нэгдсэн зохион байгуулалтаар хангаж ажиллав.
Нийслэлчүүд түлшээ шинэчилснээр эрүүл мэнд, эдийн засгийн хувьд ч ихээхэн давуу тал, ач холбогдолтой. Тухайлбал, сайжруулсан шахмал түлш шаталт сайн, шаталтын хугацаа урт, хоруу чанар багатай тул нийслэлчүүд жилд нэг сая 200 мянган тонн түүхий нүүрс түлдэг байсан бол 600 мянган тонн сайжруулсан шахмал түлш хэрэглэж байна. Айлын хувьд халаалтын улиралд 4-5 тонн түүхий нүүрс хэрэглэдэг бол гурван тонн шахмал түлш хэрэглэх зэргээр хэрэглээ нь буурч, эдийн засгийн хувьд ихээхэн үр ашигтай байгаа юм. Сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлэхээс өмнө гэр хорооллын айл өрх нэг тонн нүүрсийг 180-220 мянган төгрөгөөр худалдан авдаг байсан бол сайжруулсан шахмал түлшний үнийг үүнээс хямд төдийгүй хөдөлшгүйгээр тогтоож өгсөн. Тодруулбал, нэг шуудай нь 3750, нэг тонн нь 150 мянган төгрөгийн үнэтэй. Ийм байдлаар чанар, үнийн асуудлыг бодлогоор зохицуулснаар нийслэлчүүд 20 гаруй жил хэрэглэж хэвшсэн түүхий нүүрсээ сайжруулж, боловсруулсан шахмал түлшээр сольж, гал алдахгүй, хөгшид, хүүхдүүд даарахгүйгээр гурав дахь өвлөө үдэв.
СЭТГЭЛ БАЙВАЛ ХИЙЖ БОЛДГИЙГ ҮЛГЭРЛЭВ
Сайжруулсан шахмал түлшний хамгийн эхний үйлдвэрийг дэд бүтцээ дагаж баруун бүсэд байгуулсан бол алслагдсан дүүргүүдийн болон зүүн бүсийн хэрэгчлэгчдийг түлшээр хангах зорилгоор хоёр дахь үйлдвэрийг барьж, ашиглалтад оруулаад буй. Монгол Улсын Засгийн газраас нийслэл Улаанбаатар хотын зүүн бүсэд сайжруулсан шахмал түлшний үйлдвэр барьж ашиглалтад оруулах тухай тогтоолыг гаргасан юм. Үүний дагуу жилд 600 мянган тонн сайжруулсан шахмал түлш бэлтгэн үйлдвэрлэх хүчин чадал бүхий бүтээн байгуулалтыг өнгөрсөн оны тавдугаар сард эхлүүлж, зургаан сарын хугацаанд ашиглалтад оруулсан нь агаарын бохирдлыг бууруулахад томоохон хувь нэмэр оруулж байна. Зүүн бүсийн үйлдвэр түүхий эдээ Тавантолгойн ордоос төмөр замаар тээвэрлэн авах боломж бүрдсэн, мөн бүтээгдэхүүнээ төмөр замаар тээвэрлэж буйгаараа онцлогтой аж.
Ийн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэдэг хоёр үйлдвэрийг ашиглалтад оруулснаар түлшний хангамжид асуудал үүсэхгүй, алслагдсан дүүрэг, хороодын агаарын бохирдлыг бууруулах боломж бүрэн дүүрэн бүрдүүлээд байна. Шахмал түлшний үйлдвэрүүдийг ашиглалтад оруулж, нээх үеэр Монгол Улсын 30, 31 дэх Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Сүүлийн 20 жил утаа, агаарын бохирдлын талаар ярилаа. Утаа бол манай улсын үндэсний аюулгүй байдалд заналхийлж байгаа хамгийн том дайсан. Утаанаас салах, угаарыг багасгах нэг л арга бий. Хамгийн төгс шийдэл бол иргэдийг орон сууцжуулах. Гэхдээ үүнд урт хугацаа шаардлагатай. Тиймээс нэн тэргүүнд богино хугацаанд утааг багасгах шийдэл нь сайжруулсан шахмал түлшийг нэвтрүүлэх юм. Агаар, орчны бохирдол, Улаанбаатар хотын утааг бууруулах нь манай Засгийн газрын тулгамдсан асуудал байлаа. Олон хүн бүтэхгүй, хотыг сайжруулсан түлшээр хангах хүчин чадалгүй гэж байсан ч зориг гаргаж, эрсдэл үүрч шийдвэр гаргасны дүнд өнөөдөр 1.5 сая орчим хүн төвлөрсөн хотын утааг 50 хувь бууруулж чадсан. Бид хийе, бүтээе гэсэн сэтгэлээр хандаж, хийж чадлаа, болж байна. Засгийн газар сайжруулсан шахмал түлшний үнийг 50 хувь бууруулсан. Үүний үр дүнд олон хүний амь насыг аварч, эрүүл мэндийг хамгаалах нь гарцаагүй” хэмээн тодотгож байв.
АГААРЫН БОХИРДЛООС ҮҮДЭЛТЭЙ ӨВЧЛӨЛ БУУРЧЭЭ
Агаарын бохирдлоос үүдэлтэй өвчлөл нэмэгдэж байсан бол одоо буурч эхэлжээ. Агаарын бохирдлын шууд болон дам нөлөөгөөр жил бүр 0-3 насны 400-450 хүүхэд, 2-2.5 мянган хүн эндэж байсан судалгаа бий. Тэгвэл сайжруулсан шахмал түлшийг хэрэглэж эхэлснээр утаанаас үүдэлтэй өвчлөл буурчээ. Тодруулбал, Үндэсний статистикийн хороо, Эрүүл мэндийн хөгжлийн төвтэй хамтран агаарын бохирдлын хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг судалсан судалгаагаар Улаанбаатар хотын амбулаторид бүртгэгдсэн нийт өвчлөлийн тохиолдлын түвшин сүүлийн таван жилийн эхний гурван сарын дунджаар харвал 2019 онд 1041 байсан бол өнгөрсөн оны дунджаар 963, амьсгалын тогтолцооны өвчний түвшин 2016 онд 202 байсан бол өнгөрсөн оны эхний гурван сарын дунджаар 144 болж буурчээ. Мөн өсөлтгүй жирэмслэлт ч буурсан байна. Түүнчлэн Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлтөөр олгодог амьсгалын замын үйл ажиллагаанд нөлөөлөх эмийн борлуулалт өнгөрсөн оны эхний гурван сарын дунджаар 7.3 сая төгрөг болж, өмнөх оноос 7.4 сая төгрөгөөр буурсан байна.
Монгол Улсын Засгийн газар, улаанбаатарчуудын хэтийн зорилго бол гэр хорооллыг орон сууцжуулах, утаа гаргадаггүй технологи, эрчим хүчний өөр эх үүсвэр хэрэглэх, эрчим хүчний хэмнэлттэй технологи нутагшуулах явдал юм. Засгийн газраас түүхий нүүрсэнд ногдуулах агаарын бохирдлын төлбөрийн орлого болон газрын тосны лицензийн төлбөрийн орлогын зарцуулалтыг оновчтой болгох, сайжруулсан түлш үйлдвэрлэх, сайжруулсан түлшээр нийслэлийн айл өрхүүдийг бүрэн хангах, халаалтын зуухны янданд шүүлтүүр суурилуулах зэрэг ажлыг шат дараалалтай авч хэрэгжүүлсний үр дүнд нийслэлийн агаарын бохирдол 50 хувиар буурсан. Цаашид энэхүү үр дүнгээ бататгаж, авч хэрэгжүүлсэн арга хэмжээгээ улам сайжруулж, Улаанбаатар хотын утааг 80 хувь бууруулах зорилтыг энэ Засгийн газар үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна. Үүний хүрээнд хийж хэрэгжүүлж буй томоохон ажлын нэг нь “Залуус I, II, III” хороолол барих явдал юм. “Гараа сайн бол бариа сайн” гэдэг.
Хүн амын дийлэнх нь ажиллаж, амьдарч буй Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх эхлэл суурийг У.Хүрэлсүхийн Засгийн газар зоригтой тавьж, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар тууштай үргэлжлүүлж байгаад олон нийт талархалтай хандаж байна.
С.ЮМСҮРЭН

Сэтгэгдэл (0)