Тусгаарлалтад байгаа иргэдийн саналыг ирэх сарын 8-нд зөөврийн хайрцгаар авна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа эхэлж байгаатай холбогдуулан Сонгуулийн ерөнхий хороо /СЕХ/-оос өчигдөр мэдээлэл хийж, сонгуулийн сурталчилгааг хэрхэн зохион байгуулах, тусгаарлалтад болон гадаадад байгаа иргэдийн саналыг ямар зарчмаар авах зэрэг талаарх мэдээллийг өглөө. Саналын хуудас болон санал тоолох төхөөрөмжийг орон нутагт хүргэж эхэлсэн байна. Үүсээд буй нөхцөл байдал буюу цар тахлын улмаас тусгаарлагдсан болон эмчлүүлж буй иргэдийн саналыг зөөврийн хайрцгаар авах ажлыг халдвар хамгааллын өндөр дэглэм баримталж, ирэх сарын 8-ны өдөр 09.00-20.00 цагийн хооронд зохион байгуулах юм байна. Зөөврийн хайрцагаар санал өгөх иргэдийн хүсэлтийн загварыг Засгийн газраас баталсан тул тусгаарлалтад байгаа, халдвар авсан иргэд СЕХ-нд хүсэлт гаргаж, саналаа өгөх боломжтойг холбогдох албаныхан тодотголоо.

СУРТАЛЧИЛГААНЫ ХЭВЛЭМЭЛ МАТЕРИАЛЫГ ХААЛГАНЫ ГАДНА ТАЛД ҮЛДЭЭНЭ

Нэр дэвшигчид сонгуулийн сурталчилгаагаа хуулиар зөвшөөрсөн найман төрлийн арга хэлбэрээр зохион байгуулах бөгөөд Ерөнхийлөгчийн тухай хуулиас гадна цахим орчинд болон телевиз радиогоор сурталчилгаа явуулах журмыг давхар мөрдөнө.

Тус арга хэлбэрт хэдэн ухуулагч, шадар туслах, штаб нь хэдэн хүний бүрэлдэхүүнтэй байх зэргийг нарийн зааж өгдөг нь Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн нэг онцлог. Энэ удаагийн сонгуулийн сурталчилгаанд оруулсан бас нэгэн шинэлэг өөрчлөлт, зохицуулалт нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах үүднээс телевизийн нэвтрүүлэг болон дүрстэй мэдээ мэдээлэл ихэвчлэн хадмал болон дохионы орчуулгатай байх ёстойг СЕХ-ны Мэдээлэл, судалгаа, арга зүйн хэлтсийн дарга Б.Оюумаа хэлж, сурталчилгааг хийхдээ ард иргэдийг халдвараас сэргийлсэн байх ёстойг анхаарууллаа. Түүнчлэн сурталчилгаа, уулзалтыг аль болох задгай талбайд зохион байгуулахын зэрэгцээ хүүхэд оруулахгүй, оролцогчид амны хаалт, бээлий хэрэглэх ёстойг санууллаа.

Монгол Улсын Засгийн газраас баталсан 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үед цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх түр журмыг өнөөдрөөс хэрэгжүүлж эхэллээ. Журамд зааснаар уулзалтад оролцохоор ирсэн хүн амны хаалтгүй бол нэг ширхэг амны хаалт өгч болох бөгөөд тэр нь сурталчилгааны шинж агуулаагүй байх ёстой. Мөн сурталчилгааны хэвлэмэл материалыг айл өрхөд тараах бол гэр бүлийн гишүүдтэй харьцахгүйгээр, хаалганы гадна талд үлдээнэ. Түүнчлэн нэр дэвшигч сонгуулийн сурталчилгааны хугацаанд уулзалт, хурал, цуглаан хийсэн газар, цаг хугацаа, оролцсон хүний баримжаа тоо, сурталчилгаа хийж замын зураглалыг нотолсон бүртгэлийг хөтөлж, гэрэл зураг эсвэл дүрс бичлэгээр баримтжуулах бөгөөд шаардлагатай тохиолдолд тухайн мэдээллийг эрх бүхий байгууллагуудад гаргаж өгөхөөр журамд тусгажээ.

ГАДААД БАЙГАА ИРГЭДИЙН САНАЛЫГ ЭНЭ САРЫН 30, 31-НД АВНА

Дэлхийн 30 оронд байрладаг Дипломат төлөөлөгчийн 45 газарт санал өгөх сонгогч бүртгэл хийхэд нийтдээ 7400 орчим сонгогч энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож, саналаа өгөхөөр бүртгүүлжээ. БНХАУ, БНСУ, Герман зэрэг улсад сонгууль өгөхөөр бүртгүүлсэн сонгогч хамгийн олон бол зарим улсад арав хүрэхгүй сонгогч бүртгүүлсэн байна. Сонгуульд оролцохоор бүртгүүлсэн дээрх иргэд энэ сарын 30, 31-нд бүртгүүлсэн Дипломат төлөөлөгчийн газартаа биечлэн очиж саналаа өгнө. Тодруулбал, одоогийн хүчин төгөлдөр мөрдөж буй хуулиар сонгогч санал авах байранд биечлэн очиж санал өгнө гэсэн зохицуулалттай. Гадаадад амьдарч байгаа сонгогчдын санал өгсөн хуудсыг санал өгсөн сүүлийн өдөр буюу ирэх сарын 31-ний орой тухайн улсын цагаар 22:00 цагаас хойш салбар комисс зориулалтын хайрцагт битүүмжлээд төв комиссоор дамжуулан СЕХ-нд хүлээлгэж өгөх бөгөөд түүнийг Монгол Улсад Ерөнхийлөгчийн санал авах ажиллагаа дууссаны дараа буюу зургаадугаар сарын 9-ний 22:00 цагаас хойш тоолж, дүнг нь гаргах юм байна.

Сонгогчдын нэрийн жагсаалтыг үйлдэх нягтлан шалгах, давхардлыг арилгах, иргэдийн гомдлыг шийдвэрлэх асуудлыг УБЕГ хариуцдаг. Тиймээс тус газрын цахим хуудаст хандаж, сонгогчийн нэрийн жагсаалтад бүртгэлтэй эсэхээ шалгах боломжтойг анхаарууллаа. Нэрийн жагсаалтад үнэн зөв бүртгэгдсэний үндсэнд тухайн сонгогчийн сонгох эрх баталгаажна. Мөн хуульд орсон нэг шинэ зохицуулалт нь сонгогч өөрийн мэдээлэлтэй танилцахаас гадна өөрийн байнга оршин суугаа бүртгэлтэй хаягт байгаа нийт сонгуулийн насны иргэдийн мэдээллийг харах боломжтойг холбогдох албаныхан анхаарууллаа. Өнгөрсөн сарын сүүлийн мэдээгээр хоёр сая 100 мянган сонгогч сонгуульд оролцох бүртгэлтэй байна.

 

С.ЮМСҮРЭН

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)