Г.Занданшатар: Бизнесийн таатай хууль эрх зүйн орчныг бүрдүүлнэ

“COVID-19” цар тахлын улмаас дэлхийн эдийн засаг 3.3, өндөр хөгжилтэй улс орнуудынх 4.7, хөгжиж буй орнуудынх 2.2 хувиар буурсан. Монгол Улсын эдийн засаг 5.4 хувиар буурч, энэ оны нэгдүгээр улирлын байдлаар нийт ажиллах хүч өмнөх оноос 97.1 мянгаар буурч, ажилгүйдлийн түвшин 2.2 хувиар нэмэгдээд байна. Тиймээс эдийн засгаа хөгжүүлэх салбар, төсөлд санхүүжилт олгох асуудлыг бодлогоор дэмжиж буй. Тодруулбал, Засгийн газраас Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөг хэрэгжүүлж, ажлын байрыг хадгалах, бизнес эрхлэгчдээ дэмжих зорилгоор гурван хувийн хүүтэй зээлийг олгож эхэлсэн билээ. Мөн цаашид зээлийн хүүг бууруулах чиглэлд дорвитой арга хэмжээ авахаар холбогдох албаныхан ажиллаж байна. Өнгөрсөн жил зээлийн хүүг дунджаар 1.7 нэгжээр бууруулсан.

2021 оныг цар тахлын нөлөөгөөр хүнд байдалд орсон бизнес, эдийн засгийг сэргээх чухал цаг үе, мөн төр засаг, бизнесийнхний итгэлцэл ойлголцлыг шинэ шатанд гаргах цэг, улмаар эдийн засгийн их сэргэлтийг эхлүүлэх гараа гэж харж буйг УИХ-ын дарга Г.Занданшатар баялаг бүтээгчид, бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзах үеэрээ тодотголоо. Тэрбээр “УИХ-аас бизнес эрхлэгч нарт саад тотгор болж, хүндрэл үүсгэж буй асуудлын гарц шийдлийг олох, бизнесийн таатай хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхээр ажиллаж байна. Бизнесийн орчныг улам боловсронгуй болгоход төрийн бус байгууллагууд, мэргэжлийн холбоодын хамтын ажиллагаа, нэгдэл, ойлголцол нэн чухал. Эдийн засгийн салбараар дагнасан танхимуудыг байгуулах үзэл баримтлал бүхий МҮХАҮТ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хойшлуулалгүй хэлэлцэж, ойрын үед батлан гаргах болно. Түүнчлэн ойрын үед Гадаадын хөрөнгө оруулалтын тухай, Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай, Худалдааны тухай, Виртуал хөрөнгийн тухай, Цахим гарын үсгийн тухай, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг хэлэлцэхээр төлөвлөж байна.

Мөн бизнесийн салбарынхны үйл ажиллагаанд зарим сөрөг нөлөөг үзүүлж байгаа Зөрчлийн болон Зөвшөөрлийн тухай хуулийг эргэн харж шинэчлэхээр ажлын хэсэг байгуулан ажиллах гэж байна. Цаашид анхаарах хамгийн чухал асуудал бол бизнесийнхэн, хувийн хэвшлийнхэн зохион байгуулалтад орж, санал бодлоо нэгтгэн төр хувийн хэвшлийн үр дүнтэй хэлэлцлийн механизмыг хөгжүүлэх нь чухал” хэмээв.

Түүнчлэн Монголбанкны зээлийн мэдээллийн санд бүртгэлтэй муу зээлийн “хар жагсаалт”-ын мэдээлэлд тохируулга хийж, дахин зээл авах боломж олгож буйг хэлээд энэ бол өршөөл биш, нэг удаагийн тохируулга гэдгийг онцолсон юм.

 

С.ЮМСҮРЭН

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)