М.Тулгат: Сонгууль жилээс жилд намдуу болж байна

Ардчилсан намын дарга М.Тулгаттай ярилцлаа.


-Ардчилсан нам Ерөнхийлөгчийн сонгуульд хэрхэн оролцож байна вэ

Cонгуулийн сурталчилгааны явцаас танилцуулахгүй юу?

-Сонгууль эхлээд ид дундаа орж байна. Уулзалтууд хуваарийн дагуу явагдаж байна. Нэр дэвшигч маань сая орон нутагт ажиллаад ирлээ. Би зарим аймгуудаар хамт явж ажилласан. Уулзалтад оролцсон иргэд нэр дэвшигчийн талаар зөв ойлголт авлаа, дэмжих сэтгэл төрлөө гэх мэтээр сэтгэгдлээ хэлж байсан. Миний хувьд амжилттай боллоо гэж дүгнэж байна.

-нэр дэвшигч с.эрдэнийг зарим аймагт эсэргүүцэжхүлээж авахгүй

хөөж байгаа бичлэг цахим орчинд 

явж байсан. Aрдчилсан намын гишүүд өөрсдөө С.Эрдэнийг 

эсэргүүцсэн гэх мэдээлэл цахим орчинд явж тарсан

Юу болсон талаар тодруулахгүй юу?

-Миний явсан аймгуудаас ганцхан аймагт буюу Дорнод аймаг дахь уулзалтын үеэр нэг уриа лоозон барьсан эмэгтэй нэр дэвшигчийг юм ярьж байхад арваад минут зэрэгцэж ярьж, орилж саад хийсэн. Гэхдээ тэнд байсан бусад иргэд, намын дэмжигчид тэр хүнд шаардлага тавьж, тэгсхийгээд намжсан. Дорнодын “Найрамдал” паркт болсон тэр уулзалт ерөнхийдөө их сайхан болж, сүүлд нь зураг хөргөө авахуулж, чөлөөт ярилцлага өрнөөд дууссан даа. Харин яг тэр хүний саад хийж байгаа бичлэгийг тасдаж аваад “Дорнодод хөөгдлөө” гэсэн гарчиг тавиад цахим орчинд зориуд явуулаад байна лээ. Ер нь бол орон нутагт нэр дэвшигчийг сайхан хүлээж авсан. Ардчилсан намын дотоод асуудлаас шалтгаалаад зарим орон нутагт нэр дэвшигчийг дэмжихгүй, эсрэг ажиллана гэх мэт яриа дуулдаж байсан. Санаа зовж байсан, гэтэл яг яваад очиход бол намын гишүүд, дэмжигчид маань дуу нэгтэй бид ардчиллаа дэмжилгүй яахав гэсэн байр суурьтай байна лээ. Намын дотоод асуудлын тухайд гишүүд маань “Та нар минь хурдхан учраа олоорой, итгэж хүлээж байгаа шүү. Ерөнхийлөгчийн сонгууль дээр бол намаа дэмжилгүй яахав” гэж ярьж байсан.

-Ер нь Ерөнхийлөгчийн сонгууль намдуу болоод байна уу.

 Та улстөрч хүний хувьд сонгуулийн уур амьсгалыг хэрхэн дүгнэж байна вэ?

-Сонгууль жилээс жилд намдуу болж байгаа шүү дээ. Арав, хорин жилийн өмнөх сонгуулийн үеэр энэ тэндгүй концерт, найр наадам болж, ухуулга сурталчилгаа нүсэр болдог байсан. Сүүлийн жилүүдэд үзэгдэх байдлын хувьд сонгуулийн сурталчилгаа аядуу, даруухан гэмээр болж байгаа тал бий. Нөгөө талаас, яг цаанаа бол зорилтот сегмент бүлэг рүүгээ илүү фокуслаж ажилладаг болж байна. Ялангуяа Монгол Ардын Нам төрийн аппарат, төрийн эрх мэдэл, асар их мөнгөөр бярдаж сонгууль хийж байна. Өчигдрөөс малчдад 100 мянган төгрөгийн шилжүүлэг орж эхэлсэн мэдээлэл авлаа. Засгийн газраас тусламж гэдэг нэрээр. Энэ бол шууд санал худалдан авч буй үйлдэл. Үүнийг шалгах ёстой.

-Саяхан залуучуудыг сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж санаачилга гаргадаг “өглөө” төсөл зогсож байгаагаа мэдэгдлээ.

Үүнийг юу гэж харж байна?

-Залуучуудын төлөөлөл болж ажилладаг энэ байгууллага өмнөх сонгуулиар иргэд, олон нийт, залуучуудыг сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж, хүчтэй акц хийсэн.

Гэтэл сая ямар нэг нууцлаг шалтгаанаар үйл ажиллагаагаа зогсоох болсон тухай мэдэгдлээ. Улс төрийн дарамт шахалт юмуу, юу юм. Хачирхалтай л санагдаж байна. Эрх баригч намын хувьд сонгуулийн ирц муу байх нь ашигтай. Учир нь найдваргүй, савласан саарал хэсэг цөөн байх тусмаа, өөрсдийнх нь хайрцагласан, сүлжээ үүсгэж ажилласан хатуу хэсэг нь жин дарна гэсэн үг.

-Уих дахь Ардчилсан намын гишүүд нэр дэвшигч С.Эрдэнийг дэмжиж байгаа юу

Тэд өлсгөлөн зарлажэсэргүүцэж байсан шүү дээ

Одоо ямар байр суурьтай оролцож байгаа вэ?

-Бүлгийн дарга Н.Ганбат, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Д.Бат-Эрдэнэ нарын тухайд намынхаа албан ёсны нэр дэвшигчийг дэмжинэ гэсэн байр суурьтай, өөр өөрийн онцлогтойгоор дэмжиж ажиллаж байгаа. Бусдын тухайд тодорхой мэдээлэл байхгүй байна.

-Ардчилсан нам үе үеийн сонгуульд амжилттай оролцож ирсэн

Гэтэл Ардчилсан намаас нэр дэвшигч С.Эрдэнэ сонгуульд ялна гэсэн итгэлгүй 

оролцож байгаа нь гайхширал төрүүлж байна гэх шүүмжлэл гарч байна

Та үүнд юу хэлэх вэ?

-Нэр дэвшигчтэй ойр байгаа хүний хувьд хэлэхэд, манай нэр дэвшигч ялна гэсэн гүн итгэл үнэмшилтэй явж байгаа. Дээрх асуултын буюу сонгууль даруухан болж байна гэдэг утгаар тэгж харж байхыг үгүйсгэхгүй. Үндэсний хэмжээнд явагдаж байгаа сонгууль болохын хувьд маш өндөр зардалтай байдаг, үүний нэлээд хэсгийг олон нийтийн хандив, дэмжлэгээр бүрдүүлж явдаг. Ардчилсан намыг дэмждэг үндсэн масс бол баялаг бүтээгчид, тэр дундаа олигархиуд биш, жижиг дунд бизнесийнхэн байдаг. Гэтэл хувийн хэвшлийнхэн маань сүүлийн хоёр жилд цар тахлын нөлөөгөөр гүн хямралд өртсөн. Ер нь Ковидын энэ хүнд үед сонгуулиар хамаа намаагүй цацаж байх нь утгагүй юм. Харин нөгөө талд эрх баригч намд юу л байна, данхайсан том төр, данхайсан том төсөв л байна. Хэдий тийм ч, Ерөнхийлөгчийн сонгууль бол Ардчилсан намын “бөхөд” ээлтэй “наадам”. Бид ялна гэсэн итгэлтэй байгаа. Ер нь манай төрийн тогтолцоон дахь Ерөнхийлөгч гэдэг инстутици бол дэлхийд ховорхон жишиг, өөрийн гэсэн онцлогтой. Үндсэн хуулиар манайх парламентын засалалтай орон хэдий ч, парламент дээр аль нэг нам хэт давуу болж, ноёрхох тохиолдолд сөрөг хүчнээс сонгогдсон Ерөнхийлөгч хяналт, тэнцвэрийг бий болгож өгдөг онцлогтой. Тиймээс ч Монголын ард түмэн өнгөрсөн хугацаанд хүний эрх, эрх чөлөөг үнэт зүйлээ болгосон Ардчилсан намын нэр дэвшигчид илүүтэй итгэл өгч байсан.

Ардчилсан намын зүгээс нэр дэвшигчдийн дунд таван удаагийн мэтгэлцээн хийе, бусад зардлуудаа хэмнэе, иргэд сонгогчиддоо өөрсдийнхөө үзэл бодол, бодлого төлөвлөгөө, мөрийн хөтөлбөрөө ярьж уралдая гэдэг уриалга гаргасан. Үүнийг “Зөв хүн электорат” эвсэл дэмжсэн. МАН-аас хараахан хариу ирээгүй байна. Дахиад бид энэ хүсэлтээ тавина. Ийм байдлаар монголчууд бид сонгуулийн утга учиргүй их зардал, хэнээрхлийг хэмнэх, илүү үр дүнтэй уралдаан зохиох ёстой юм.

-Сонгуулийн сурталчилгаа эхлэхийн өмнө Ардчилсан намаас СЕХ-нд мэдэгдэл хүргүүлсэн

Сонгуулийн санал хураалт шударга болж чадах эсэхэд та бүхэн юу хэлэх вэ?

-2020 оны УИХ-ын сонгуулиар программ хангамжид зохион байгуулалттайгаар нөлөөлсөн байх магадлалтай баримтууд дэлгэгдэж байна. Тэр хэргийг хууль хяналтын байгууллага шалгаад, “хохирогчгүй хэрэг” гээд хаасан байна. Хохирогчгүй гэж юу гэсэн үг вэ? Сонгууль шударга бус явагдвал хохирогчид нь Монголын нийт сонгогчид, мөн нэр дэвшсэн, саналаа луйвардуулан ялагдсан бүх нэр дэвшигчид юм. Ер нь 2020 оны сонгуулиас хойш хар машиныг тойрсон янз бүрийн мэдээлэл гарч байгаа. Тиймээс үүнийг маш сайн шалгаж, үнэн мөнийг ньтогтоож мухарлаад явах ёстой гэдэг байр суурин дээр байна. Шударга сонгууль байхгүй болвол Монголын ардчилал мөхнө. Тэгэхээр Ардчилсан нам энэ асуудал дээр цаашид ч анхаарал тавьж, сонгуулийн луйвар гаргуулахгүй байхын төлөө хүчин чармайлт гаргаж ажиллана.

-Ардчилсан нам дотооддоо нэгдэхээр боллоо гэсэн мэдээлэл цацагдаж байгаад 

чимээгүй болчихлооЮу болсон бэ?

-Ардчилсан намын гишүүд нь хоёр хуваагдаад хагарчихсан зүйл байхгүй байна. Сонгуульдаа бүгд нэгдмэл байр сууриндаа, Ардчилсан намын нэр дэвшигчээ дэмжиж оролцож байна. Харин намын дунд шатанд зарим дарга нар эсрэг байр суурь илэрхийлж, түүнийгээ нийт гишүүдийн санал мэтээр зарлаж яваа тал бий. Гэхдээ анх эсэргүүцэж байсан хүмүүс хүртэл одоо дэмжинэ ээ, ардчиллаа хамгаалж авч үлдэх үү, үгүй юү гэдэг энэ сонгуулиас ихээхэн хамаарна гэж ярьж байна. Нам бус хүмүүс ч гэсэн манай нэр дэвшигчийг дэмжиж, уриалж байгаад баяртай байна. Нэр дэвшигч С.Эрдэнэ хүний зовлонг сонсдог, ойлгодог, олон хүнийг чирч явдаг ийм онцлогтой нэр дэвшигч. Хуурамч гоё сайхан ярьдаггүй, хэлье гэснээ шулуухан хэлчихдэг. Сурталчилгааны явцад нэр дэвшигчийн маань чанар чансаа хүмүүст танигдаж, үнэлгээ нь өссөөр байна.

Харин хоёр даргын асуудал нэг талдаа шийдэгдэж байна уу гэвэл, одоогоор үгүй. Би О.Цогтгэрэл гишүүнд уулзах саналыг сүүлийн гурван долоо хоногийн турш тавьсан ч, хүлээж авсангүй. Хамгийн сүүлд манай намын Open democracy буюу “Нээлттэй ардчилал”гэдэг клубийн залуучууд хоёр талыг зуучлах уулзалт зохион байгуулахаар болсон. Яг уулзахаар болж байтал, нөгөө талаас сонгуулийн дараа болъё гээд цуцалсан. Миний хувьд, сонгуулийн өмнө уулзаж, ойлголцох санаатай байсан ч, бүтэлтэй болсонгүй.

-Та ойрын үеийн улс орны нийгэмэдийн засгийн байдлын тухайд юу хэлэх вэ?

-Одоо бол их шуурганы өмнөх нам гүм байдал гэдэг шиг л байна. Удаан хөл хорионд байсан аж ахуйн нэгжүүд дөнгөж ажиллаж эхэллээ. Цар тахал хумигдаагүй байгаа ч гэсэн иргэд маань ажил төрлөө амжуулах гээд бүгд л хөлхөлдөж байна. Жинхэнэ хямралын гамшиг долдугаар сараас эхэлнэ. Зээлийн хүү, нийгмийн даатгалын шимтгэл чөлөөлөлт, хүүхдийн мөнгө олголт, ус цахилгааны төлбөрийн чөлөөлөлт гээд Засгийн газраас хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд долдугаар сарын 1-нээр дуусгавар болно. Эрх баригчдаас эдгээр арга хэмжээг цааш сунгах талаар судална гэж байгаа ч, үнэндээ бол үүнээс цааш төсөв санхүүгийн боломж байхгүй.

Ердөө сонгуулийн өмнө аргацаасан мэдэгдэл. Ерөнхийлөгчийн сонгууль дууссаны дараа “Уучлаарай бид нар чадахгүй нь ээ” гэх болов уу. Ер нь Монгол Ардын Нам, Засгийн газар иргэд, аж ахуйн нэгжүүдээ бодохгүй, тэдний үйл ажиллагаанд санаа зовохгүй байна. Ганц жишээ хэлэхэд худалдаа эрхлэгчид, бизнес эрхлэгчид маань хил гаалийн асуудалд үнэхээр үгээ барж байна. Хил гаалийн зардал нь дөрөв дахин өссөн. Захиалсан бараа, түүхий эд хил дээр гацчихсан. Хурдан гаргаж авах нь авлигаас хамааралтай. Худалдаа наймаа хийдэг хүмүүсийн хувьд, өндөр хүүтэй зээл аваад эргэлтийн хөрөнгөөрөө бараа, түүхий эдээ захиалчихдаг. Гэтэл тэдгээр нь хил дээр нам гацаатай. Хэн ч үүн дээр ажиллахгүй байна. УИХ-ын гишүүд, сайд нар, агентлагийн дарга нар нь орон нутагт хуваарилагдан явж, нэр дэвшигчийнхээ сурталчилгааг хийгээд явж байна.

-Та Ерөнхий сайд асан М.Энхсайхантай хорих ангид очиж уулзсан

Юу ярилцсан бэ?

-Сая хэд хоногийн өмнө миний бие Ерөнхий сайд асан Мэндсайханы Энхсайханыг эргэж очлоо. Өмнө нь 2020 оны аравдугаар сарын 10-нд хүний эрхийн өдрөөр мөн би үзэл санааны хоригдол болсон Ардчилсан намын лидерүүдээ эргэж очиж байсан. Ардчилсан нам шударга шүүхээр шүүлгүүлж чадаагүй үзэл санааны хоригдол болсон энэ хүмүүсээ хамгаалж өмгөөлж дуугарах ёстой. Олон нийтэд шүүхийн хараат бус байдал, хэргийн цаад учир шалтгаан, үнэн мөнийг олон нийтэд гаргаж тавьж, сануулж байх ёстой.

Бид хуулийн засаглалтай оронд амьдарч байгаа учраас шүүхийн шийдвэрийг хүндэтгэнэ. Хамгийн гол нь тэр шүүх маань хараат бус байж, шүүхийн процесс нь хуулийн дагуу байх ёстой. XX зуунд Монголын тусгаар тогтнолын төлөө явсан төрийн зүтгэлтнүүд толгой дараалан хядуулсан. Хилсээр цаазлуулж, шоронд тамлагдсан. Тэгвэл өнөөдөр гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтыг дэмжиж ажилласан, чөлөөт зах зээлийн нийгэм, эдийн засгийн тэлэлтийн бодлого дээр гардаж ажилласан төрийн зүтгэлтнүүд шоронд хоригдож байна.

Дубайн гэрээ гэдэг ч юм уу сүртэй нэртэй хэрэг ярьж байгаад, эцэст нь албаны автомашины үнийн зөрүү гэх мэт зүйл ангиар яаж ийгээд буруутгах жишээтэй. Сталины “Хүн нь байвал хэрэг нь олдоно” гэдэг зарчим шүү дээ. Тиймээс цаашид ч бид энэ хэргийн үнэн мөнийг тогтоох хүртэл явах ёстой.

ХИШИГТИЙН ЦЭНД-АЮУШ

Эх сурвалж: ӨДРИЙН СОНИН

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • zochin (202.179.26.40)

    2021-06-06

    daranguilal al chediin togtson,odoo bid darluulachgui