Хөтөлбөрөөрөө У.Хүрэлсүх тэргүүлж явна

Монгол Улс найм дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулиа явуулж, парламентад суудалтай улстөрийн намуудаас нэр дэвшигчид аймаг, хотод иргэд сонгогчидтойгоо уулзаж Мөрийн хөтөлбөрөө танилцуулж, тэдний санал бодлыг сонсож байна. Монголчууд энэ удаа зургаа дахь Ерөнхийлөгчөө сонгож, шинэ Үндсэн хуулийн заалтаар зургаан жил төрийн тэргүүнээр ажиллуулна. Иргэд, сонгогчдын анхаарал, сонирхлыг хамгийн ихээр татаж буй зүйл нь нэр дэвшигчдийн Мөрийн хөтөлбөр ажээ.

Өдөр тутмын “Зууны мэдээ” сонин 2021 оны тавдугаар сарын 28-ны өдрийнхөө №108/6585/-д “Зургаа дахь Ерөнхийлөгч юу хийх вэ” гарчгийн дор МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх, АН-ын С.Эрдэнэ, “Зөв хүн электорат” эвслээс нэр дэвшигч Д.Энхбат нарын мөрийн хөтөлбөрөөс 11 зүйлт зорилтыг онцгойлон товойлгож нийтэлжээ. Тэдний Мөрийн хөтөлбөрийг нэгд нэгэнгүй сонирхон уншлаа.

МАН-ын нэр дэвшигч Ухнаагийн Хүрэлсүх “Баялагтаа эзэн Монгол”, АН-ын нэр дэвшигч Содномзундуйн Эрдэнэ “Дарангуйлалгүй Монгол”, “Зөв хүн электорат” эвслийн нэр дэвшигч Дангаасүрэнгийн Энхбат “Монгол чадна” уриан дор сонгуулийн сурталчилгаагаа өрнүүлж, өөрсдийн Мөрийн хөтөлбөрт дэвшүүлсэн зорилтуудаа тайлбарлан таниулж байгаа юм байна.

Хүний эрх, Үндэсний аюулгүй байдал, засаглалын тогтолцоо, гадаад харилцаа, эдийн засаг, баялгийн хуваарилалт, хүний хөгжил, авлигын эсрэг хийх тэмцэл, хараат бус шүүх, боловсрол, хөдөө аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр нэр дэвшигчид хэрэв Ерөнхийлөгчөөр сонгогдвол юу юуг хийж хэрэгжүүлэх талаарх бодлого, үйл ажиллагааны чиглэлээ тодорхойлжээ. Хорхой хүрэм сонирхолтой санаанууд нэг биш орсон аж.

МАН-аас нэр дэвшигч Ухнаагийн Хүрэлсүх хүний эрхийн хэсэгтээ “Хүний эрх, эрх чөлөөг ноцтой зөрчсөн эрүүдэн шүүлт, дарамт шахалтыг тасалж, хэлмэгдлээс ангид байх зарчмыг чанд баримтлан хүний эрхийг тууштай хамгаална” гэсэн бол АН-ын нэр дэвшигч Содномзундуйн Эрдэнэ “Монгол Улсын иргэн болон дэлхийн олон улсад амьдарч байгаа Монгол угсаатан, тэдний үр хүүхдүүдэд олон улсын гэрээ, хуулиар олгогдсон бүхий л эрхийг хамгаалах бодлогыг хэрэгжүүлнэ” гэж, “Зөв хүн электорат” эвслээс нэр дэвшигч Дангаасүрэнгийн Энхбат болохоор “Хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх зарчим, парламентын засаглалд суурилсан, нийгмийн тогтвортой байдлыг хангасан ардчилсан төрийн тогтолцоог бэхжүүлэх бодлогыг хэрэгжүүлнэ” гэсэн байх жишээтэй аж.

Эдгээрээс У.Хүрэлсүхийн “Хүний эрх, эрх чөлөөг ноцтой зөрчсөн эрүүдэн шүүлт, дарамт шахалтыг тасалж, хэлмэгдлээс ангид байх зарчмыг чанд баримтлан хүний эрхийг тууштай хамгаална” гэсэн заалт нүдэнд шууд торж үлдэж байна. Учир нь сүүлийн арваад жилд Монголд “дүр эсгэсэн ардчилал” буй болж нэг хүний дарангуйлал тогтох аюул бодитой нүүрлэсний хамгийн тод жишээ бол ардчиллын анхны удирдагчдын нэг нэрт улстөрч Санжаасүрэнгийн Зоригийн аллагад холбогдуулж Содномдаржаа, Чимгээ нарыг баривчлан шоронд хорьж, эрүүдэн шүүж тамлан зовоох замаар хэрэг хүлээлгэж хуулийн дээд хэмжээ өгч шийтгэсэн явдал юм. Зарим бичлэгийг ил болгож нийтэд үзүүлсэн учраас нэг хүний дарангуйлал гэдэг шүүх засаглал, хууль хяналтын байгууллагыг юунд хүргэдгийг, хүний эрхийн наад захын хэм хэмжээг хэрхэн яаж ноцтойгоор зөрчдөгийг нийгэмд ил тод харуулсан. Түүнийг Ухнаагийн Хүрэлсүхийн Засгийн газрын үед ил болгож, Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийн тэргүүлсэн өнөөдрийн Засгийн газар үргэлжлүүлж, хэлмэгдсэн Содномдаржаа, Чимгээ нар шоронгоос батлан даалтаар суллагдаад байгаа болохоор хэрэв Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдох юм бол эрүүдэн шүүлт, дарамт шахалт арилж, хүний эрхийн зөрчил арилна гэсэн итгэлийг иргэдэд төрүүлж байгаа юм.

“Үндэсний аюулгүй байдлын Үзэл баримтлал, холбогдох хууль, тогтоомжийг үндэсний язгуур эрх ашигт нийцүүлэн шинэчилнэ. “Монгол хүний аюулгүй байдал”, “Эдийн засгийн аюулгүй байдал”, “Эм, хүнсний аюулгүй байдал” хөтөлбөрүүд санаачлан боловсруулна” гэж У.Хүрэлсүх Мөрийн хөтөлбөрийнхөө “Үндэсний аюулгүй байдал” хэсэгт тодорхойлжээ. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг шинэчилнэ гэсэн байна. Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын Ажлын албаны зөвлөлөөс төрийн өндөрлөгийн гурван гишүүн хуралдаа ирэхгүй, цуглаж чадахгүй байгаа учраас ҮАБЗ хуралдаж чадахгүй байна гэж хэлж байсан нь тун саяхных. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөө хуралдуулж чаддаггүй улс орон гэж ер нь дэлхийд манайхаас өөр байдаг юм уу? Шаардлагатай үед заавал хуралдаж зөвлөмж шийдвэрээ гаргаж байх ёстой биз дээ. Тусгаар тогтносон улсын ҮАБЗ бол цагийн механизм шиг алдаа мадаггүй байнгын үйл ажиллагаа явуулж байх үүрэгтэй. Хэн нэгний дур хүслээс үл хамаарч, гишүүд нь үүргээ үг дуугүй биелүүлэн цуглаж, хуралдаж байх үүрэгтэй. Тэгэхээр Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд гэм согог байна гэсэн үг. Тийм болж өөрчилж шинэчлэхээс өөр аргагүй. Нэмж “Монгол хүний аюулгүй байдал”, “Эдийн засгийн аюулгүй байдал”, “Эм, хүнсний аюулгүй байдал” хэмээх хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх юм байна.

“Улс төрийн дарангуйлал, дүр эсгэсэн ардчиллаас ангид байж, ардчиллын шалгуур үзүүлэлтийг ахиулан, сонгодог парламентын засаглалыг төгөлдөржүүлнэ. УИХ, Засгийн газраа сөрж биш хуулийн хүрээнд нэг бодлого, нэгдмэл үйл ажиллагаатай хамтран ажилладаг улс төрийн соёлыг хэвшүүлнэ” гэж Ухнаагийн Хүрэлсүх засаглалын тогтолцоонд хийх өөрчлөлтөө тодорхойлжээ. Монголд өнөөдөр засаглалын хямрал үүсээд байгаа нь бодит үнэн мөн билээ. Өнгөрсөн 30 жилийн туршлага үүнийг батлан харуулж байна. Тийм учраас сонгодог парламентын засаглалыг улам боловс­ронгуй болгох зайлшгүй шаардлагатай. Үүнийг олж харж хөтөл­бөртөө тусгасанд үнэхээр олзуурхаж байна.

Монгол Улс 1911 оны Богдын Засгийн газрын үеэс Дээд ба Доод танхим бүхий зөвшилцлийн засаглалыг сонирхож хэрэгжүүлж ирсэн байдаг. Ерээд онд Монгол Улсын 330 сум, нийслэл Улаанбаатар хотын дүүргүүдээс сонгогдсон 400 гаруй депутат бүхий Ардын Их Хурал, шилжилтийн үеийн Монгол Улсын хууль тогтоомж, 1992 оны шинэ үндсэн хуулийн төслийг боловсруулж хэлэлцүүлэгт бэлтгэх үндсэн үүрэгтэй Улсын Бага Хуралтай байсан нь саяхны жишээ. Өөрөөр хэлбэл Монгол Улс сонгодог парламентын засаглалтай байсан үе бий.

Харамсалтай нь 1992 оны шинэ Үндсэн хуулиар Монгол Улс 76 гишүүнтэй нэг танхимтай парламентын засаглалд шилжээд гучаад жилийг өнгөрөөв. Энэ хооронд УИХ-ын 76 гишүүдээс нэр бүхий 40 гаруй гишүүн нь эрх мэдлээ ашиглан ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас гурван хувийн хүүтэй зээл авч иргэдийн боломжийг хулгайлах, концессийн гэрээгээр өөрсддөө ашигтай гэрээ хэлцэл байгуулах, гадна дотнын пүүс, компаниудын лоббид автагдаж захиалгат хууль тогтоомж үйлдвэрлэх, хүчин, хүн амины  хэрэгт холбогдох,  төрийн эрхийг  хууль бусаар авахыг санаархан оролдох, олигархиуд болоод оффшорчдын нөлөөнд орж тэдэнд үйлчлэх зэрэг хүний санаанд оромгүй зүсэн зүйлийн хэрэг үйлдэж Монгол төрийн нэр хүндийг шалан дээр унагаж шалбаагтай хутгав.

Энэ нь дээрээ удирдлагагүй, дэргэдээ хэлж зөвлөх мэргэд үгүй дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэж ирсний хар гай юм. Үр дүнд нь Монгол Улс эдийн засгийн хувьд нэг гүрний хараат болж хувиран, улс төрийн тусгаар тогтнол нь урьд хожид хэзээ ч байгаагүйгээр хэврэгшин ядмагшив. Шударга ёс алдагдаж, хээл хахуул цэцэглэн дэлгэрэв. Ажилгүйдэл, ядуурал хүрээгээ улам тэлж, баян хоосны ялгаа тэнгэр газар шиг зааглагдав. 
Ардчилсан нийгмийн үнэт зүйлс үрэгдэж, дүр эсгэсэн ардчиллаар солигдов. Энэ хэвээр цаашид удаан үргэлжилбэл эрх, эрх чөлөө хумигдаж, ардчилал нэртэй дарангуйлал тогтдогийг сүүлийн хэдэн жилийн үйл явдал сүрхий тодоор харууллаа.  Ардчилсан Ерөнхийлөгчтэй “ардчилсан дарангуйлал” Монголд тогтож, хууль хяналт, шүүх засаглалын хараат бус байдал алдагдаж, “шударга бусын хонгил” ажиллаж эхэлснийг Монгол Улсын 27 дахь Ерөнхийлөгч Норовын Алтанхуяг илчлэн мэдээлж байв. 
Ийм завхарлыг  газар авахуулалгүй засч залруулах үндсэн арга зам бол хэмжээлшгүй эрхтэй нэг танхим бүхий өнөөгийн парламентыг өөрчлөн хоёр танхимтай сонгодог парламентын засаглалд шилжүүлэх явдал юм. Аман дээрээ шударга нийгэм байгуулья гэж чанга дуугаар ярьдаг хэрнээ ачир дээрээ адил тэгш эрх зүйн орчныг бүрдүүлэх гэхээр арагшаа цахдан гэдрэг суудгийн үлгэр жишээг 2019 оны Үндсэн хуулийн хагас дутуу өөрчлөлт харуулсан билээ. Ингэж болохгүй. Өөрчлөлт шинэчлэлтийг дутуу биш гүйцэд, хийвэл хийсэн шиг хийх ёстой. Эс тэгвэл нийгмийн гажуудал улам лавширч, засаглалын тогтолцооны хямрал ужгиран гүнзгийрнэ. 
Үндсэн хуулийн шинэ өөрчлөлтөөр Монголд хоёр танхим бүхий парламентын сонгодог засаглалыг зайлшгүй тогтоох учиртай. Ингэхгүйгээр юу ч өөрчлөгдөхгүйг өнгөрсөн гучин жилийн гашуун сургамж ахин дахин сануулж байна. Монголд хоёр танхимтай сонгодог парламентын тогтолцоо  ус, агаар адил хэрэгтэй байна.
“Зөв хүн электорат” эвслээс нэр дэвшигч Дангаасүрэнгийн Энхбат “Парламентын ардчилал бол Монгол Улсын тусгаар тогтнол, хөгжил цэцэглэлтийн баталгаа хэмээн үзэж, Үндсэн хуулиар тогтоосон төрийн эрх мэдлийн хуваарилалтыг төгөлдөржүүлэх, Ерөнхийлөгчийн бүрэн эрхээс шаардлагагүй бүрэн эрхүүдийг төрийн зохих байгууллагуудад шилжүүлэх шинэтгэлийг санаачлан ажиллана” гэсэн нь анхаарал мөн татаж байгаа юм. Дарангуйллаас татгалзаж, сонгодог парламентыг хөгжүүлнэ гэжээ.
Гадаад харилцааны салбар дахь 3 нэр дэвшигчийн Мөрийн хөтөлбөрийн зорилтууд ерөнхийдөө адил төстэй ажээ. Аль аль нь хөрш зэргэлдээх ОХУ, БНХАУ-тай уламжлалт найрсаг харилцаа, иж бүрэн түншлэлийн хамтын ажиллагааг хөгжүүлнэ, “Гуравдагч хөрш”-ийн бодлогод  бүгдээрээ онцгой ач холбогдол өгцгөөнө гэсэн байна.
Монгол Улсын эдийн засгийн салбарын цаашдын хөгжилд Ерөнхийлөгчид нэр дэвшигчид онцгой анхаарал хандуулсан байна. Нэр дэвшигч С.Эрдэнэ санхүү, зах зээл, эрчим хүчний хөгжилд анхаарал хандуулж олон улсын зах зээлд тоглогч болж чадах хувийн хэвшлийн компаниудыг дэмжинэ. Нийтийн өмч болох байгалийн баялаг, ашигт малтмалд анхаарлаа хандуулна гэсэн бол нэр дэвшигч Д.Энхбат баялгийн сан байгуулна. Эрүүл мэнд, нийгмийн даатгал, тэтгэврийн шинэчлэлийг дэмжих бодлого баримтална гэжээ. Харин У.Хүрэлсүх “Эдийн засгийг олон тулгууртай болгох, экспортын чиг баримжаатай үйлдвэрлэл хөгжүүлэх, иргэндээ хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийг хангах төрийн бодлогыг дэмжиж ажиллана. Авто зам, төмөр зам, агаарын тээвэр, эрчим хүч, байгалийн хийн хоолой, үндэсний хиймэл дагуул, холбоо мэдээлэл зэрэг суурь дэд бүтцийг өргөтгөн олон улсын сүлжээнд холбохыг дэмжиж ажиллана. “Мянганы төмөр зам”-үндэсний их бүтээн байгуулалтыг санаачлан, хэвтээ болон босоо тэнхлэгийн төмөр замын нэгдсэн сүлжээтэй болгохыг дэмжиж ажиллана” гэжээ. 
Эдийн засгийн олон тулгуурт бодлого баримталж экспортын чиг баримжаатай үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд түлхүү анхаарч ажиллах аж. Иргэддээ хүртээмжтэй, эдийн засгийн өсөлтийг дэмжинэ гэжээ.
Авто болоод төмөр зам, агаарын тээвэр, эрчим хүч, байгалийн хийн хоолойд, тэрчлэн үндэсний хиймэл дагуул, холбоо мэдээлэл зэрэг суурь бүтцийн хөгжлийг төрийн бодлогоор дэмжинэ гэсэн байна.
Эдгээрээс “Мянганы төмөр зам” гэсэн үндэсний их бүтээн байгуулалтын төсөл уншигчдын нүдэнд онцгой содон тусч байна. Хоёр мянган оны эхэнд “Мянганы зам” байгуулна гэж Намбарын Энхбаярын Засгийн газар зориглон тунхаглахад “Мянгуужингийн үлгэр” гэж нулимж байсан. Энэ бол хориодхон жилийн өмнөх, бүр саяхных ч гэж хэлж болох мартагдаагүй үйл явдал. Тэгвэл монголчууд “Мянганы зам”-аа хорьхон жилийн дотор барьж байгуулаад 21 аймгаа нийслэл Улаанбаатар хоттойгоо засмал замаар холбож чадсан. Өглөө нийслэлээс гараад өдөртөө багтаж Говь-Алтай аймагт хүрчихэж байна. “Мянганы зам” гэдэг чинь “Мянгуужингийн үлгэр” шүү гэж чанга дуугаар шүгэл үлээж шүүмжлэн хашгиралдаж байсан “үгүйсгэгчид”  ч өнөөдөр мөн ялгаагүй мянганы замаар салхи татуулан давхилдаж явна. Зам дагаж хөгжил ирдгийг тэд бүгдээрээ нүдээрээ харцгааж, зүрх сэтгэлээрээ мэдрэн үнэмшицгээж эхэлж байна. 
Ази, Америк, Европын бүх улс орны туулсан замыг харахад зам бол хөгжил, дэвшил юм гэдэг нь хүн төрөлхтний өнгөрсөн түүхээр нэгэнт батлагджээ. Ялангуяа төмөр замын бүтээн байгуулалтыг бусад улс орнууд ихэд чухалчлан хөгжүүлж ирсэн байх юм. Монголчууд өөрсдөө төмөр зам барьж байгуулж чаддаг гэдгээ өнөөдөр нэгэнт батлан харуулсан. Таван толгой-Зүүнбаянгийн 416 км төмөр замаа сая дуусгаад ашиглалтад өгөхөд бэлэн болгочихлоо. 
Монголчууд бид мянганы дардан замаа барьж байгуулж чадсан. Одоо  “Мянганы төмөр зам”-аа бүтээн босгох цаг нь иржээ. Ховд-Дорнодыг холбосон хос төмөр замтай болж чадвал, өглөө хотоос гараад өдөржин давхиулаад унтаад сэрэхэд Увс аймаг хүрчихсэн байдаг болбол  мөн гоёо гэж хэлэх хүн олон гарна. Энэ бол 21 зууны Монгол орон дахь жинхэнэ үндэсний их бүтээн байгуулалт болно. Түүхэнд тэмдэглэж үлдэнэ.
Нэр дэвшигчдийн Мөрийн хөтөлбөр дэх эдийн засгийн холбогдолтой хэсэгт “Зөв хүн электорат” эвслээс нэр дэвшигч Д.Энхбатын дэвшүүлсэн өөр нэг зорилт анхаарал татахуйц болжээ. Тэрбээр Мөрийн хөтөлбөртөө “Ковид-19 цар тахлын дараах эдийн засгийг сэргээх, ажил эрхлэлт, гадаадын шууд хөрөнгө оруулалт, ЖДҮ, орон нутгийн хөгжил, орлого хуваарилалт, хүртээмжийн тэгш бус байдлуудыг бууруулах бодлогыг дэмжиж ажиллана. Эдийн засгаа тэтгэх банк, санхүү, хөрөнгийн зах зээлийн хүчирхэг тогтолцоог хөгжүүлж, финтекийн салбарыг бэхжүүлж, бүс нутагтаа өрсөлдөхүйц хэмжээний үндэсний корпорацуудыг тэтгэн хөгжүүлэх бодлогыг дэмжинэ” гэсэн байна.
Энд цар тахлын дараах үеийн эдийн засгийн асуудлыг хөндсөн аж. Энэ нь нэг удаа болоод өнгөрөх аюул биш гэдгийг олж харсан байна. 21 дүгээр зуунд ахин дахин дэгдэж давтагдаж болзошгүй аюул. Ийм нөхцөлд эдийн засгаа яаж хөгжүүлэх ёстой юм бэ гэдэгт иргэдийн анхаарлыг хандуулснаа сонирхолтой, бас шинэлэг сонсогдож байна.
Бүс нутагтаа өрсөлдөхүйц хэмжээний үндэсний корпорацуудыг тэтгэн хөгжүүлэх бодлогыг дэмжинэ гэсэн нь нэн чухал санаа мөн. Өнөөдөр Монгол Улсын хөдөлмөрийн баатар, үндэсний нэртэй том үйлдвэрлэгч Ц.Баатарсайханы үүсгэн байгуулсан “Говь”-ийн ноолууран бүтээгдэхүүн чанар чансаагаараа дэлхийд өрсөлдөж байна. Тэдний ажилсаг, бүтээлч хамт олны бүтээсэн ноолууран драпан пальто, эрэгтэй эмэгтэй костюм, пиджак нийлүүлэлтээрээ дэлхийд тэргүүн байранд бичигдэх болжээ. Энэ бол бүс нутаг, улмаар дэлхийд өрсөлдөх хэмжээний үндэсний үйлдвэрүүд төрөн гарч бэхжиж эхэлсний наад захын жишээ. Ийм үндэсний үйлдвэрлэлийг төрийн бодлогоор зайлшгүй дэмжвэл зохилтой. 
Байгалийн баялгийн тэгш, шударга хуваарилалтад Ухнаагийн Хүрэлсүх онцгой анхаарал хандуулсан байна. Энэ нь Монгол Улсын 30, 31 дэх Ерөнхий сайдын өөрийнх нь эхлүүлсэн ажлын үргэлжлэл учраас арга ч үгүй юм. “Байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчмын дагуу уул уурхайгаас олох өгөөжийг баялгийн болон хуримтлалын нэгдсэн сангаар дамжуулан иргэн бүрд тэгш, шударга хүртээх бодлогыг Засгийн газарт чиглэл өгч, тууштай дэмжиж ажиллана.
Тансаг хэрэглээний татварыг нэмэгдүүлэх, өндөр орлогод их, бага орлогод бага татвар ногдуулах тогтолцоо бий болгохыг дэмжинэ” гэж Мөрийн хөтөлбөртөө тусгажээ. Байгалийн баялаг, түүний тэгш шударга хуваарилалт гэдэг бол Монгол Улс, монголчуудын хувьд үнэхээрийн эмзэг нарийн асуудал юм. Оюутолгой үүнийг өдөр бүр бидэнд анхааруулж хэлж буй.
Монгол Улс зах зээлийн харилцаанд шилжсэнээс хойш хамгийн ихээр хэлмэгдсэн, бас  сүйтгэгдсэн нь монголын газар шороо, газрын хэвлий дэх эрдэнэс баялаг юм. Үг хэлдэгсэн бол манай газар шороо ёолж, бүр уйлах байсан биз. Энд тэндгүй онгойсон нүх, овоолсон шороо. Газар нутгаа сийчүүлж сэндийлүүлээгүй нэг ч сум бараг үлдсэнгүй. 
2016 оны байдлаар Монгол Улсын газар нутгийн 70 хувийг гадаад, дотоодын пүүс, компаниудад лиценз нэрээр олгочихсон байжээ. Түүнийг нь олон улсын хөрөнгийн биржүүд дээр үнэ хаялцуулан дуудаж  дамлан худалдаалж байв. Монгол нэртэй уул ус, уурхай баялаг,овоо толгод хятад нэртэй хүний эзэмшил болчихсон байхад хэн ч гайхахаа болиод удаж байна.
Ухнаагийн Хүрэлсүхийн Засгийн газар харин үүнтэй хатуу тэмцэл явуулж Асгат, Салхит, Тост, тосон бумбын нуруу, Гутайн даваа, Ноён уул гээд олон орд газрын олгогдсон лицензийг хүчингүй болгон цуцалж, газар нутгаа төр ард түмний мэдэлд буцааж авсан. Эдгээр нь нийлээд Увс аймгийн нутаг дэвсгэртэй тэнцэхүйц хэмжээний томоохон талбай болсон байсан гэдэг юм. Энэ тэмцэл амар хялбар байгаагүй. Эсэргүүцэл тэмцэлтэй тулгарч эрсдэл дагуулсан нь цөөнгүй. 
Үр дүн нь харин монголын ард түмний аж амьдралд шууд тусаж үр шимээ өгч байна. Салхитын мөнгөний ордыг дотоод гадаадын үгсэн хуйвалдагчдаас хураан авч тэтгэвэрийн насныхныг 6 сая хүртлэх хэмжээний өр төлбөрөөс нэг удаа чөлөөлөх тухай Монгол Улсын Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлөөс 2019-2020 оны шинэ жилийн он солигдох торгон мөчид гаргасан уг шийдвэрийг монголын ард түмэн, ялангуяа ахмадууд чин сэтгэлээсээ талархан хүлээж авсан билээ. Өр төлбөр тавилгүйгээр өөрсдийгөө яаж ийгээд аргацааж явсан үлдсэн ахмад настан тус бүрт өнгөрсөн 7 хоногт Салхитын мөнгөний ордын хуримтлалаас сая сая төгрөгийн тэтгэмж үзүүллээ. 
Эх орны эрдэнэс баялаг энэ мэтээр түрүүчээсээ эзэддээ хүрч хишгээ хүртээж эхэллээ. Дэлхийн олон улс орон, тухайлбал Норвеги, Катар зэрэг цөөнгүй  улс оронд газар нутгийн эрдэс баялгийнхаа хуримтлалаар тусгай сан байгуулаад өсгөж үржүүлэн иргэддээ тусламж дэмжлэг үзүүлдэг нь түгээмэл практик юм. Монголд л харин сүүлийн гучин жилд төрөлх газар нутаг, түмэн олны эрдэнэс баялаг маань бусдын гарт шилжиж буруу замаар орон буцахдаа шороо тээж байсныг өмнөх Засгийн газар зогсоосон.  Уг үйл хэрэг, бодлого шийдвэрийг өнөөгийн Засгийн газар үргэлжлүүлж иргэддээ ийнхүү үр шимийг нь хүртээж байна. Дээрх Мөрийн хөтөлбөрт тансаг хэрэглээний татварыг нэмэгдүүлж өндөр орлогод их, бага орлогод бага татвар ногдуулдаг тогтолцоог буй болгоно гэсэн нь зөв зүйтэй чиг хандлага юм. Ардчилал хөгжсөн улс орнуудад тийм байдаг билээ.
Нэр дэвшигчдийн хөтөлбөрт хүний хөгжлийн талаарх сонирхолтой санаанууд дэвшигджээ. У.Хүрэлсүх “Эрүүл-эх, нялхас”, “Орлоготой оюутан”, “Ахмадын хотхон” зэрэг үндэсний болон тусгай хөтөлбөр хэрэгжүүлнэ”. Нийтийн биеийн тамирыг хөгжүүлж “Эрүүл чийрэг монгол хүн” хөдөлгөөн өрнүүлнэ гэжээ. Бас архидалт, хар тамхи, донтолт зэрэг нийгмийн сөрөг үзэгдэлтэй хатуу тэмцэж “Эрсдэлгүй Монгол өрх” хөтөлбөр санаачилна гэсэн байна. “Өрх бүрт орон сууц” хөтөлбөрийг ч хэрэгжүүлэхээр тусгажээ.
Харин АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ болохоор “Монгол Улсын иргэн бус монгол хүнд харьяатын иргэншил авах асуудлаар онцгой анхаарна. Гадаад улсад ажиллаж амьдарч байгаа мөн эцэг, эх нь монгол гаралтай монгол хүн бүрийн эрх, эрх чөлөө эрх ашгийг анхаарч, дэмжлэг үзүүлж ажиллана” гэж  Мөрийн хөтөлбөртөө онцгойлжээ.
Энэ бол мянга мянган монголчуудын ихэд сонирхон хүлээж байгаа эмзэг нарийн асуудлын нэг мөн юм. Монгол Улсын 4 дэх Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж өмнө нь дэвшүүлээд хэрэгжүүлж чадалгүй орхигдсон зорилт. Монголдоо эргэж ирэх хүсэлтэй монгол хүн нэг биш бий. Халимагт ч, Өвөрмонголд ч, магадгүй Буриадад ч байж болзошгүй. Гагцхүү тэдэнд ажлын байр, орон сууц тэргүүн ээлжинд хэрэгтэй. Түүнийг нь бид эхэлж бэлтгэж бэлэн болгоод дараа нь мах, цусны тасархай нараа эх нутагт нь урин залах учиртай. Тэгж эс чадвал хэн ч ирэхгүй. Хоосон хошгируулалт болоод өнгөрнө.
1973 онд Израил улс ийм уриалга гаргаж амжилттай хэрэгжүүлсэн юм. Тэгэхэд Израилын хүн ам гурван сая орчим байсан. Дэлхийгээр нэг тарж одсон еврей үндэстнээ эх орондоо эргэж ирээч гэж урьсан. Эхлээд орон сууцаа барьж байгуулсан. Ирсэн хүн бүрт хагас жилийн цалинтай тэнцэх урьдчилгаа олгосон. Ажлын байраар бүгдийг хангасан. Эдүгээ Израил улс есөн сая хүнтэй, Арабын ертөнцийг айлган чичрүүлдэг хүчирхэг хөгжингүй улс орон болж хувирчээ.
Хүн төрөлхтөн өнөөдөр даяарчиллын эрин зуунд аж төрж байна. Монгол Улсаас л гэхэд ажил хайж гадагш гарч өөр улс оронд амь зууж буй хоёр зуу мянга хол давсан иргэд бий. Тэдний сэтгэлийг эмзэглүүлсэн хурц асуудлын нэг нь 16 нас хүрсэн хүүхдүүддээ иргэншил тогтоох асуудал байдаг юм. Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй учраас монгол эцэг эхээс төрсөн, бас гаднын иргэнтэй гэрлэсэн манай иргэдийн хүүхдүүд тэр улсынхаа иргэншил авахаас өөр аргагүй болдог. Монголдоо хааяа нэг ирвэл Монгол Улсад нэвтрэх виз авдаг. Ийм хүүхдүүд хорь гучин мянгаараа бий, хамгийн идэр сайхан хүүхдүүдээ бид харийн иргэншил авахад нь шууд түлхдэг юм.
АН-аас 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Эрдэнийн мөрийн хөтөлбөр дэх “загатнасан газар” маажиж чадсан онцгой содон, олон хүний сонирхол татсан заалтын нэг нь энэ байлаа. Гадаадад суугаа монголчууд үүнийх нь төлөө л түүнд саналаа өгцгөөнө. Хөтөлбөрийн зүйл, заалт нүдээ олно гэж үүнийг хэлэх байх.
Авлигын эсрэг тэмцлийн талаарх Мөрийн хөтөлбөрийн зорилтууд иргэдийн анхаарлыг онцгой татах нь ойлгомжтой юм. МАН-ын нэр дэвшигч У.Хүрэлсүх авлигаас ангид байх хатуу зарчмыг тогтоосон хууль санаачлан хэрэгжүүлнэ гэсэн бол “Зөв хүн электорат” эвслээс нэр дэвшигч Д.Энхбат авлигаас ангид ажиллаж амьдрах ёс зүй, соёлыг хэвшүүлж, нийгмийг соён гэгээрүүлэх ажлыг бүхий л талаар дэмжинэ хэмээжээ. Харин АН-ын нэр дэвшигч С.Эрдэнэ авлига бол Үндэсний аюулгүй байдалд ноцтойгоор заналхийлэгч дайсан гэж олон нийтэд зарлаж, түүнтэй тэмцэх стратеги боловсруулж ажиллана гэсэн байна. Цахиагийн Элбэгдорж “авлигачдын нурууг бөхийлгөнө, ард түмний нурууг тэнийлгэнэ” гэсэн уриатай гарч ирж бүтэн найман жил ажиллаад бараагүй билээ. С.Эрдэнэ барах эсэхийг цаг хугацаа харуулна буй заа.
Мөрийн хөтөлбөрүүд дэх хараат бус шүүх засаглалын талаарх нэр дэвшигчдийн зорилтуудаас МАН-ын У.Хүрэлсүхийн томьёолол илүү анхаарал татаж байна. Тэрбээр “Шүүх, прокурорыг улс төр, бизнесийн бүлэглэлийн сонирхлоос ангид байлган, шударга бусын хонгилыг нурааж, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг сэргээнэ. Эрх мэдэлтэн, эд хөрөнгөтөнд зөөлөн, эгэл ардад хатуу ханддаг завхралыг засч, хүн бүрт хууль тэгш үйлчилдэг зарчмыг хэрэгжүүлнэ” гэж Мөрийн хөтөлбөртөө тусгажээ.
“Шударга бусын хонгил”-ыг нураана гэсэн байна. Энэ ажил Монголд эхэлсэн, тэгэхдээ тогтолцоогоороо нуран унах болоогүй байгаа. Нурааж чадвал шүүхэд итгэх иргэдийн итгэл сэргэнэ. Эс чадвал улам дордоно, үл итгэл лавширна. Ер нь шүүгчдийг иргэд өөрсдөө сонгодог чиглэл рүү Монгол Улс явах нь зүйтэй болов уу.
Эрх мэдэлтэн, эд хөрөнгөтөнд зөөлөн, эгэл ардад хатуу ханддаг завхралыг засна. Хууль тэгш үйлчилдэг зарчмыг хэрэгжүүлнэ гэжээ. Хүн бүрийн хүлээж байгаа хүлээлт энэ мөн байх шүү. Ухнаагийн Хүрэлсүхийн “Хүн засагладаггүй, хууль засагладаг” болгоно гэсэн үг, өөрөөр хэлбэл хүн бүр хуулийн өмнө адил тэгш байна гэсэн үг иргэдэд их хүрч наалдаж байх шиг байна.
Нэр дэвшигчдийн Мөрийн хөтөлбөр дэх боловсролын салбарт дэвшүүлсэн зорилтууд анхаарал татахаар болжээ. С.Эрдэнэ “Зөв Монгол хүүхэд” хөтөлбөрийг дэмжиж ажиллана гэсэн бол Д.Энхбат монгол хүний дэлхийд өрсөлдөх боловсрол, хөрвөх чадварыг чухалчилна гэсэн байна. У.Хүрэлсүх болохоор боловсролын тогтолцоо, сургалтын хөтөлбөрийг тогтвортой байлгана гэжээ. Малчин өрхийн хүүхдийн  боловсролд онцгойлон анхаарна гэсэн байна.
Боловсролын салбарыг толгойлох нэг сайд гарч ирэнгүүт л өмнөхөө үгүйсгэж өөр хөтөлбөр дэвшүүлэн боловсролын тогтолцоо, сургалтын чиглэлийг самарч хаяад байж болохгүй л дээ. Шинэчлэл байлгүй яахав, тэгэхдээ өмнөх уламжлалын сайн сайхныг өвлөж үргэлжлүүлсэн, улам боловсронгуй болгож сайжруулсан л байх шаардлагатай юм. Даяарчлалын давалгааг дагаж байгаа нь энэ гээд малчин айлын, давруулж хэлэхэд бараг эхийнхээ хөхнөөс салаагүй шахам байгаа 6 настай балчир хүүхдүүдийг сумын төвд авчирч нийтийн дотуур байранд оруулаад хорьчихоор ямар байхав. Эхчүүд нь гэр орон, мал сүргээ орхиод араас нь ирцгээнэ. Үлдсэн малчин айл өрх ямархуу байдалд орох билээ. Даяаршилд зохицсон дангаарчлал хэмээх өвөрмөц шийдэл жишээ нь малчин өрхүүдийн бага балчир насныхны хүүхдүүдийн сургалт дээр байж л таарах гээд байгаа юм. Энэ бол зөвхөн Монголд тохиолдож буй бэрхшээл.
Эхлээд эх хэл, бичгийг бага ангид нь эзэмшүүлээд улмаар “хоёр дахь гадаад хэл”-ийг ерөнхий боловсролын дунд, ахлах анги болон коллеж, их дээд сургуулиудаар сургана. Монгол Улсын дээд боловсролын чанарыг олон улсын жишигт ойртуулж “судалгааны их сургууль”-иудыг хөгжүүлэхээр У.Хүрэлсүх мөрийн хөтөлбөртөө тусгасан нь зөв зүйтэй болжээ.
Монгол Улс бол уламжлалт мал аж ахуйн орон. Социализмын он жилүүдэд хөдөө аж ахуй, үйлдвэржсэн улс орон болж ахиж дэвшсэн. Улмаар үйлдвэр, хөдөө аж ахуйн орон болгох зорилтыг дэвшүүлэн хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Ер нь мал аж ахуй, газар тариалан бол манай онцгой салбар. Улс орны эдийн засгийн найдвартай үндэс, хөгжил дэвшлийн эх ундарга нь юм.
Тийм болохоор нэр дэвшигчид уг асуудалд бүгдээрээ ихээхэн ач холбогдол өгч Мөрийн хөтөлбөртөө хүн бүр тодорхой зорилтыг дэвшүүлсэн байна. Ерөнхий агуулга нь адил төстэй ч ялгарах онцлогууд бас байна. Арай дэлгэрэнгүй авч үзсэн нь МАН-ын нэр дэвшигч Ухнаагийн Хүрэлсүхийн Мөрийн хөтөлбөр аж. Тэрбээр “Уламжлалт нүүдлийн мал аж ахуйн давуу талыг эрчимжсэн мал аж ахуйн ололт амжилттай хослуулан загварчлан хөгжүүлэх, “Хөдөө аж ахуйн хоршоолол”-ын бодлогыг дэмжинэ. “Малчны хотноос үйлдвэрийн цехэд” хөтөлбөр санаачлан, стандартын шаардлага хангасан түүхий эд бэлтгэн нийлүүлэх тогтолцоог төрийн бодлогоор дэмжиж ажиллана. 
Малын гаралтай түүхий эдийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, импортыг орлох, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх “Хөнгөн, хүнсний үйлдвэрлэлийн цогцолборууд”-ыг сэргээн байгуулах ажлыг дэмжинэ.
Малын удмын сан, сүргийн бүтцийг сайжруулж, үржил селекцийн ажлыг шинэ түвшинд гаргах эрх зүйн орчныг бүрдүүлнэ. Бэлчээр усжуулах, худаг гаргах, малын тэжээлийн тариалалт, үйлдвэрлэл, хангамжийг өргөтгөх ажлыг төрийн бодлогоор дэмжинэ.
Газар тариалангийн усжуулалт, эрчимжүүлэлт, хөрс хамгаалалт, үр сортын ажлыг сайжруулан “Атар IV аян”-ыг өрнүүлж, тариалангийн тогтвортой үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх бодлогыг дэмжиж ажиллана” гэсэн байна.
 Уламжлалт мал аж ахуйн давуу талыг эрчимжсэн мал аж ахуйн ололт амжилттай хослуулж загварчлан хөгжүүлнэ гэжээ. Өөрөөр хэлбэл “Хөдөө аж ахуйн хоршоолол”-ын бодлогыг дэмжинэ гэсэн байна. “Малчны хотноос үйлдвэрлэлийн цехэд” хөтөлбөрийг санаачлан, стандартын шаардлага хангасан түүхий эд бэлтгэн нийлүүлэх тогтолцоог буй болгож төрийн бодлогоор дэмжихээ илэрхийлжээ.
Малын гаралтай түүхий эдийн үнэ цэнийг нэмэгдүүлнэ. Импортыг орлох эцсийн бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэнэ. Үүний тулд “Хөнгөн, хүнсний үйлдвэрлэлийн цогцолборууд”-ыг сэргээн байгуулах ажлыг дэмжинэ гэсэн байна.
Малын удмын сан, сүргийн бүтцийг сайжруулж, үржил селекцийн ажлыг шинэ түвшинд гаргах эрх зүйн орчинг бүрдүүлнэ. Бэлчээр усжуулах, худаг ус гаргах, малын тэжээлийн тариалалт болон үйлдвэрлэл, хангамжийг өргөтгөх ажлыг төрийн бодлогоор дэмжинэ. “Атрын IV аян”-ыг өрнүүлж, тариалангийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ гэсэн байна. Өнгөрсөн гучин жилийн түүхэнд амжилтад хүрч чадсан атрын аяныг үргэлжлүүлж, газар тариаланг эрчимжүүлэх зорилтыг дэвшүүлжээ.
УИХ-д суудалтай 3 намын нэр дэвшигчдийн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр өргөн олон түмэндээ өргөн барьж дэвшүүлсэн Мөрийн хөтөлбөрөөс товч өгүүлэхэд ийм байна.
Ардчилал хөгжсөн улс орнууд дахь Ерөнхийлөгчийн сонгуулийн практикаас харахад хамгийн гол нь Мөрийн хөтөлбөр байдаг юм билээ. Аль нам, хэн гэдэг хүн байх нь чухал биш, харин юу юуг хийж хэрэгжүүлэх нь амин чухал гэж тэд үздэг байна.
Олон жилийн өмнө бидний хэсэг хүн ХБНГУ-д Бундестагийн сонгуулийн өмнөхөн Берлинд очиж тус улсын Ерөнхий сайд Герхард Шрёдер хүнд үйлдвэрийн арван мянган ажилчинтай уулзалт хийхийг үзэж сонирхох аз завшаан тохиосон билээ. Ерөнхий сайд индрээс гал цогтойгоор илтгэж, арван мянган ажилчин хоолой нийлүүлэн хашгиралдах нь нэн сүртэй аж. Тэгтэл цуглаанд оролцогчдын дундаас нэг эмэгтэй гэв гэнэтхэн чанга дуугаар түүнд хандаж хэдэн үг хашгиран хэлэв. Хүмүүс нижигнэтэл алга ташин дэмжицгээлээ. Юу болж буйг орчуулагчаас сониучирхан асуувал “Ерөнхий сайд манай нам социал демократ үзэл номлолдоо үнэнч хэвээрээ байна. Зуун жилийн өмнөөс бид Германы иргэд их, дээд сургуульд үнэ төлбөргүй суралцаж боловсрол эзэмших эрхтэй гэж тунхагласан. Өнөөдөр ч тэр үзлээсээ ухраагүй. Залуу үеийнхнийгээ үнэ төлбөргүй их, дээд сургуульд сургадаг дэлхийн хуруу дарам цөөн улсын нэг бол ХБНГУ. Үүгээрээ та бид бахархах эрхтэй. Үр хүүхдүүдийнхээ төлөө санаа битгий зовиноорой” гэж хэлсэн юм. Тэр эмэгтэй түүнд нь талархалтай байгаагаа илэрхийлээд “Ерөнхий сайдаа, өнөөдөр герман хүн бүр сард дунджаар 17 өндөг хэрэглэж байгаа гэж бодвол түүнийгээ 18 болгож нэмэгдүүлэх тэр л замаар яваарай. Тэгвэл таныг бүгдээрээ дэмжиж сонгоно шүү” гэж хэлж байна гэж билээ.
Мөрийн хөтөлбөр гэж үүнийг хэлдэг ажээ. Хийж хэрэгжүүлэх ажлаар нь иргэд нэр дэвшигчдийг үнэлж дүгнэдэг аж. Хөтөлбөрт дэвшүүлсэн тов тодорхой зорилтуудаараа бол Хүрэлсүх нэр дэвшигчдээ аргагүй л тэргүүлж байна даа гэж эрхгүй бодогдсоныг нуугаад яахав. Тэр хэлсэндээ хүрдэг хүн. Ард түмэн амласныг нь асууж нэхэж шаардах эрхтэйг мартаж болохгүй.

Т.БААСАНСҮРЭН

/МУСГЗ, доктор, профессор/

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (7)

  • zochin (202.126.89.145)

    2021-06-09

    Yahaaraa hudlaa tarhi ugaagaad bdg uom.Erseldegchee zahialdag hun MGLiin tuuhend bgaagui.Neg eder naimaa hiigeegui hun 1.8 terbumtai baihiig.Ueiin ued boldog Metgeltseen hiihgui baihiig ...geed olon 2 ov. zali mehnii ezen gedgee haruulj bn

  • Munguntsooj Enkhjargal (202.21.108.47)

    2021-06-08

    Ял авч байсан хүнийг төрийн тэргүүнээ болгох зүгээр үү тэ? Нударгаар бүхнийг шийдэж бас болохгүй л дээ!!!

  • иргэн (66.181.187.182)

    2021-06-08

    Хүрэлсүхээс өөр ерөнхийлөгч болох хүн үнэхээр алга даа. Хийсэн зүйлтэй хүн дээ.

  • иргэн (66.181.187.182)

    2021-06-08

    алтанхуяг эрдэнээ энхбат ерөнхийлөгч болоод махны үнийг буулгах уу битгий тэнэгт

  • Үнэн (66.181.161.94)

    2021-06-08

    өөрийн толгойгүй хүн л цагаан сонголт хийдэг гэнээ

  • zochin (122.201.23.84)

    2021-06-08

    Сонгуулийн сурталчилгаа хуулийн дагуу зогссон байгаа шүү!!!

  • Иргэн (103.212.117.71)

    2021-06-08

    Цагаан сонголт дээр бат тогтсон шүү.Нэг удаа бус нэлээн хэдэн удаа хулхи түгжил зан гаргасан хүнийг сонглхгүй ээ.