Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалт эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн санал хураалт өнөө өглөө 07:00 цагт улс, орон даяар эхэллээ. Энэ удаагийн сонгуулийн санал хураалтад оролцох сонгогчдын нэрсийн жагсаалтад 2 151 329 сонгогч бүртгэгджээ.

Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн үйл явцыг хөндлөнгийн хараат бус ажиглагчид ажиглаж, дэлхий нийтэд нээлттэй мэдээлдэг уламжлалтай. Энэ удаагийн сонгуулийг ажиглах гадаадын болон олон улсын байгууллагын ажиглагч 43, хэвлэл мэдээллийн байгууллагын 40-өөд сэтгүүлч сурвалжлахаар мэдэгджээ.

Тус сонгуулийг Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлан хэрэгжүүлж байгаа үед зохион байгуулж байгаагаарай онцлогтой.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль нь дэлхий нийтэд тархсан цар тахлын үед зохион байгуулагдаж байна. Иймд коронавируст халдвар, цар тахлаас урьдчилан сэргийлж, халдвар хамгааллын чанд дэглэмийг сахиулахад онцгойлон анхаарч, Сонгуулийн ерөнхий хорооны 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн тогтоолоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн үед зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах, санал авах үед коронавируст халдвар /КОВИД-19/-аас сэргийлэх ажлыг зохион байгуулалтын нэгдсэн удирдлагаар хангах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан.

Сонгуулийн ерөнхий хорооны санал, дүгнэлтийг үндэслэн Монгол Улсын Засгийн газар 2021 оны 152 дугаар тогтоолоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн үед коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх түр журмыг батлан, орон даяар хэрэгжүүлэн ажиллаж байна.

Санал авах байранд сонгогч бүхэн амны хаалтаа зүүж, иргэний баримт бичгээ авч очих бөгөөд дархлаажуулалтын гэрчилгээ зэрэг нэмэлт баримт бичиг шаардахгүй.

Сонгуулийн үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалтаас сонгогч зөвхөн өөрийн мэдээллийг шалгахаас гадна оршин суугаа хаяг дээрх бусад сонгогчийн мэдээлэлтэй танилцах боломж бүрдсэн.

Бүх хэсгийн хороо, санал авах байруудад хяналтын камер суурилуулж, санал авах бүхий л үйл явцыг дүрс бичлэгт үлдээж баримтжуулах юм. Санал өгсөн сонгогчийн хуруунд бэхээр тэмдэглэгээ хийнэ.  Санал тоолох төхөөрөмжид тоологдсон бүх саналын хуудсыг дахин гараар тоолж, сонгуулийн 2087 хэсгийн хороод 100 хувь хяналтын тооллого хийнэ.

Санал авах байранд очих боломжгүй, цар тахлын улаан бүсэд ажиллаж байгаа төрийн албан хаагчид, гэрээр болон тусгаарлах байранд байгаа иргэд өчигдөр зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгсөн. Эдгээр саналыг хэсгийн хороод өнөөдөр санал хураалт эхлэхэд үед төхөөрөмжид уншуулж байна.

Харин 2021 оны 5 дугаар сарын  30, 31-нд Монгол Улсаас гадаадын 30 улсад зохион байгуулсан санал хураалтын үеэр авсан 5618 нь саналын хуудсыг өнөө орой 20:30 цагт төхөөрөмжид уншуулна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалт өнөөдөр 22.00 цагт дуусна.

Сануулахад: Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.7-д “Сонгуульд оролцохоос татгалзахыг болон сонгуулийн хууль тогтоомж зөрчихийг уриалсан агуулга бүхий сурталчилгаа явуулах”-ыг хориглосон байдаг.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)