67.76, маргааш яах вэ?

За даа, бараг жил дуншсан Ерөнхийлөгчийн сонгууль ёстой л хонь бүрэн чоно цатгалан дууслаа. Элдвийн бичлэг дэлгэгдэж энээ тэрээ болсонгүй. Баахан бичлэг задарч булай юм болно л гээд байсан. Тэгсэнгүй. Ганц ч "юм" гарч ирсэнгүй. Дуутай тэнгэр хургүй гэдэг л болов.

Эрх баригч МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх 67.76 хувийн саналаар ялав. Өмнөх долоон сонгуулиар ийм өндөр санал авч сонгогдсон Ерөнхийлөгч байхгүй ажээ. Хэвлэлүүд ингэж шуугиж байна.

Ер нь бол 1992 онд Үндсэн хуулиа баталснаас хойш зургаа дахь Ерөнхийлөгчийг тодруулсан найм дахь удаагийн сонгууль юм. Гэхдээ хоёр жилийн өмнө хийсэн Үндсэн хуулийн өөрчлөлтөөр зургаан жил суух, энэ Үндсэн хуулийн өөрчлөлтөөр хэд хэдэн "үндсэн" эрх мэдлээсээ хагацсан анхны Ерөнхийлөгчийг сонголоо.

Шуудхан хэлэхэд, зургаа дахь Ерөнхийлөгч өмнөх таваасаа илүү бэлгэ тэмдгийн чанартай болсон. Одоогоор хууль  шүүхийн байгууллага дахь нөлөөлөл нь багассан. Тав дахь Ерөнхийлөгчийн сүүлийн нэг жил тун чиг “гар мухар” өнгөрснийг та бид харсан даа. Жинхэнэ шүдгүй арслан болсон. Архирсаар байгаад л нэр дэввших эрхгүй болж байлаа. Ийм ийм онцлогтой  Монгол Улсын зургаа дахь, бас зургаан жил суух анхны Ерөнхийлөгчөөр МАН-ын дарга У.Хүрэлсүх сонгогдсон.

У.Хүрэлсүх бол их улс төрд 20 гаруй жил явчихсан. 2017 оноос хойш улс төрийн "өндөр зэрэглэл"-ийн карьераа улам өсгөсөөр ирсэн. Шадар сайд, тэгээд Ерөнхий сайдаар улирч ажилласан. Хамгийн гол нь У.Хүрэлсүхийн харизм энэ цаг үетэй гайхалтай зохицсон. Нэг үгээр хэлбэл, 30 жил бугшиж бугларч ирсэн улс төрд ийм фигурын орон зай байсан хэрэг. Хүн бүр шударга ёсыг нэхсэн цаг үе. Чухам ийм сууринд цагаа олж гарч ирсэн гэсэн үг л дээ. Тиймээс ч 2017 оноос хойш рейтингээрээ тэргүүлж ирэв.

Энэ бүхэн саяын сонгуулиар У.Хүрэлсүхэд санал цуглуулж өглөө. Гэхдээ үүнээс гадна түүнийг Ерөнхийлөгчөөр сонгогдоход бодитойгоор нөлөөлсөн хэд хэдэн суурь нөхцөл бий. Нэгдүгээрт, сөрөг хүчин АН-ынхан дотроо хагарч, чанга нэр дэвшигч гаргаж чадаагүй. Намынх нь нэлээд хэсэг ХҮН-ын нэр дэвшигчийг дэмжсэн. Бас нэг хэсэг нь цагаан саналд уриалж, энэ санал нь АН-ын нэр дэвшигчид цохилт болсон. Хоёрдугаарт, ХҮН-аас мөн л сул нэр дэвшигч гарч ирсэн. ХҮН-ын нэр дэвшигчийг сошиал орчинд л мэддэг гэхэд болохоор байв. Харин орон нутаг, тэр байтугай хотын захын дүүргүүдэд түүнийг танихгүй байлаа. Гуравдугаарт, МАН энэ сонгуульд хамгийн эвгүй оролцох байсан МАХН-тай сонгуулиас өмнө нэгдэж, тус намыг татан буулгасан. МАХН хэрвээ бие дааж оролцоод нэр дэвшигчээ сойсон бол сонгуулийн дүнг хааш нь ч эргүүлж мэдэхээр байсан. Юу үнэн, энэ үнэн. Харин МАН-ынхан сайн стратеги хийж, санаачлагыг гартаа авч, нэгдэх процессыг богино хугацаанд явуулж дуусгасан. Дөрөвдүгээрт, Цэц Ерөнхийлөгч Х.Баттулгыг дахин нэр дэвших эрхгүй гэж шийдсэн. Хэрвээ Цэц өөр шийдвэр гаргаж, Дээд шүүх АН-ын дүрмийг хүлээж авсан бол бүрэн эрхтэйгээ Ерөнхийлөгчийг давна гэдэг бүтэхгүй ч байсан байж мэднэ. Тавдугаарт, Ерөнхийлөгчийн сонгуулийн халуурал эхлэхээс өмнө Ерөнхий сайдаас огцорсон. Хэрэв ингээгүй бол цар тахлын халдвар, эдийн засгийн хямралын нерв нэр дэвшигч У.Хүрэлсүхэд наалдах байв. Гэвч энэ амаргүй үеийн сонгуулийг У.Хүрэлсүхээс хойшх Засгийн газар дажгүй даагаад гарчих шиг боллоо. Ямар ч байсан нэр дэвшигчээ дэгээдчих тээг тавьсангүй.

Үндсэндээ У.Хүрэлсүх ийм олон үндэстэйгээр энэ сонгуульд ялсан юм.

У.Хүрэлсүхийг 2021 оны зургадугаар сарын 16-нд төрсөн өдрөөрөө Ерөнхийлөгчийн тангараг өргөнө гэх мэдээлэл бий. Тэр өдрөөс хойш ирэх зургаан жилийн турш "...Ерөнхийлөгч У.Хүрэлсүх" гэж дуудуулна. Сайхан. Гэхдээ маш том хариуцлага бий. “Уриа”-гаа биелүүлэх ажил. У.Хүрэлсүхийн мөрийн хөтөлбөрт нь орсон ихэнх “амлалт”-ыг Засгийн газар биелүүлчихээр юм байна лээ. Харин сонгогчдын Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс хүсдэг байсан шударга ёсыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс ч хүссээр байх болно. МАНАН гэж нийтээрээ ярьсан. Дутуу “цохьчихсон” байж л байгаа. Өндийвөл эргээд дийлдэхгүй. Бас баялгийн эзэн болгох амлалтыг хүлээнэ. Харин хасагдаж хоцорсон Ерөнхийлөгчийн эрх мэдлийг үүнд хэрхэн хүргэх нь түүний асуудал болж байгаа юм.

У.Хүрэлсүхийн нэг характер байдаг. “...Төрийн ажлаас нэр төртэй салах” гэдэг нэг философи түүнд бий. Өөрийнх нь хэлдгээр “...Төрийн ордны хананд зураг өлгүүлсэн төдий Ерөнхийлөгч”-өөр үлдэхийг тэр хүсэхгүй. Олон жишээ, үйл явдлыг нь мэдэх юм. Тэр тал дээр итгэж болно гэж боддог.

Нөгөө талаасаа У.Хүрэлсүх ингээд МАН-аас явчихаж байгаа юм. МАН уржигдар шөнөөс хойш түүнд хамаагүй болж байна. Гэхдээ У.Хүрэлсүхэд одоо ганц л үгийн мандат бий. Тэр намынхаа дараагийн даргыг албан болоод албан бусаар нэрлэх эрхтэй. МАН-д явж ирсэн тогтсон уламжлал энэ. Үүний дараа У.Хүрэлсүх албан ёсоор МАН-аас өрх тусгаарлах юм.

Өөрөөр хэлбэл, МАН-д одоо У.Хүрэлсүхийн орыг хэн залгах вэ гэдэг “ажил” гарч ирсэн. 1970-аад оныхон, 1980-аад оныхны хооронд ийм сонирхлын зөрчил үүсэх болов уу гэсэн яриа хөөрөө их яригдаж байна. Гэхдээ одоогийн Ерөнхий сайд “...МАН-ын дарга болно” гэдгээ Засгийн газрынхаа 100 хоног дээр зарлачихсан. Тэр ингэж хэлнэ гэдэг бол МАН-ын даргад тултал “өрсөлдөнө” л гэсэн үг. Хэрвээ өрсөлдөгч гарч ирвэл шүү дээ.

 

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)