Д.Нацагдорж: Коронавирусийн эсрэг уламжлалт болон орчин үеийн анагаах ухааны хосолсон эмчилгээ өндөр үр дүн үзүүлж байна

ЭМЯ-ны дэргэдэх Уламжлалт анагаах ухааны салбар зөвлөлөөс коронавирусийн (COVID-19)-ийн эсрэг уламжлалт анагаах ухааны эмчилгээг хэрхэн албажуулж, хэрэглээнд нэвтрүүлж буй талаар мэдээлэл өглөө. Энэ үеэр “Манбадацан” хийдийн Тэргүүн хамба, “Оточ маарамба” анагаах ухааны дээд сургуулийн захирал, Монгол Улсын Хүний гавьяат эмч Д.НАЦАГДОРЖООС зарим зүйлийг тодруулж ярилцлаа.

– “COVID-19” вирусээр халдварласан өвчтөнүүдэд та бүхэн ямар эм тан хэрэглэж байгаа вэ?

-Бид нэгдүгээр сарын 24-ний өдрөөс коронавирусийн цар тахалд өртсөн өвчтөнийг хүлээн авч, уламжлалт анагаах ухааны оношилгоо, эмчилгээг дагнан хийж гүйцэтгэж байна. Өнгөрсөн хугацаанд хөнгөн болон хүндэвтэр оноштой ирсэн эмчлүүлэгчдэд уламжлалт анагаах ухааны эм тан, угаалга, утлага зэргийг хэрэглэсэн. Тэдгээр өвчтөн нь PCR шинжилгээгээр батлагдсан бөгөөд хэвтсэн даруйд шаардлагатай лабораторийн шинжилгээ болон рентген, CT хийлгэж ажиллав. Хөнгөн болон хүндэвтэр оноштой хэвтэн эмчлүүлэгчид тав дахь хоногоос давтан шинжилгээгээр CRP, IGG, HGB, RBC /цусны ерөнхий шинжилгээ/, коагулограммын үзүүлэлтүүд сайжирч эхэлсэн бөгөөд эхний хэвтэн эмчлүүлэгчид нь өдөр ирэх тутам бие нь сайжирч, хэд хэдэн удаагийн шинжилгээгээр эдгэрсэн нь нотлогдож, гэрийн тусгаарлалтад шилжиж гарсан. Ийнхүү бид амжилттай эмчилгээ үйлчилгээгээ үзүүлж, ард иргэдээ аюулт өвчнөөс гэтэлгэж байлаа. Бидний эмчилсэн иргэд эрүүлжиж, биеийн хүч дархлаа нь нэмэгдсэнд туйлийн баяртай байгаа.

 

-Танайд эмчлүүлээдп гарсан хүмүүсийн биеийн байдал ямар байна вэ. Хүндрэл гарч байна уу?

 

-Уламжлалт анагаах ухаан гэдэг таамаг төдий зүйл биш. Уламжлалт анагаах ухааны эмч мэргэжилтэн бидэнд олон мянган жилийн туршлага, түүх бий. Эдгэрсэн иргэдтэй эргээд холбоо харилцаатай ажиллаж байна. Ковидын дараах хүндрэл бага байгааг иргэд онцолж байгаа. Цаашид судалгаа шинжилгээний ажлыг гүнзгийрүүлэн хийнэ. Одоо дан ганц манайх гэлтгүй бусад уламжлалт анагаах ухааны эмч сувилагчид коронавирусийн эсрэг эмчилгээ үйлчилгээнд гар бие оролцож байна. Улмаар коронавирусийг уламжлалт анагаах ухааны онолоор оношлох, эмчлэх зааврыг шинэчилж гаргасан юм. Уламжлалт болон орчин үеийн анагаах ухааныг хослуулан энэ хорт өвчний эсрэг эмчилгээ хийж, даван гарч чадаж байгаа нь чухал юм. Цар тахлаар өвчилсөн иргэдэд олон эм танг хэрэглэж байгаа. Тэр бүрийг хэлэх боломж байхгүй. Эм тангийн нэр хэлчихээр цар тахлын хүнд, хөнгөн хэлбэрээс үл шалтгаалан иргэд авч ууж, эрсдэлд орох магадлалтай. Иргэд аливаа эм танг зөвхөн эмчийн заавар зөвлөгөөний дагуу уух ёстой.

 

-Ер нь танай хэчнээн эмч мэргэжилтэн анхлан “COVID-19”-ийн эмчилгээнд ажилласан бэ?

 

-Коронавирусийн голомтод манай 12 эмч ажилласан. Одоо бид ажиллахгүй байгаа. Бидний ажиллаж байсан Цэргийн госпитальд дан хүнд иргэдийг хэвтэн эмчлүүлэх болсон юм. Мөн барилгад хүчилтөрөгчтэй холбоотой шугам явж байгаа учраас бид ажиллах боломжгүй болсон. Онцгой байдал, ЭМЯ-наас “Манбадацан” нэгдсэн эмнэлгээ “COVID-19”-өөр өвчилсөн хүмүүсийг эмчлэх эмнэлэг болгооч гэсэн санал бидэнд ирүүлсэн. Гэвч бид тэгж чадаагүй. Ковидоос гадна өөр өвчин зовлондоо шаналж буй иргэддээ үйлчлэх хэрэгтэй гэж шийдсэн. Одоо цар тахлын эсрэг ажиллаж буй уламжлалт анагаах ухааны бусад эмч нар болон гэрээр эмчлүүлж буй иргэдэд зөвлөгөө өгч ажиллаж байна.

 

Бид Эрүүл мэндийн сайдын Бэлэн байдлыг ханган ажиллах тухай 2020 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдрийн 1а/5417 албан тоот тушаалыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Монголчууд түүхэндээ анх удаа дэлхий нийтийг хамарсан коронавирусээр үүсгэгдсэн халдварт цар тахал өвчнийг эмчлэн эдгээж байгаа нь уламжлалт анагаах ухааны мэргэжилтэн бидний бахархал юм.

 

-Өнгөрсөн хугацаанд хэчнээн хүнийг эмчлэн гаргасан бэ?

 

-Эмнэлэгт 80 орчим хүнийг эмчилсэн. Гэрээр эмчилгээтэй олон иргэнд зөвлөгөө өглөө. Энэ бүхнийг тусад нь судалгааны ажил болгохоор бэлтгэж байна.

 

-Тарни уншсанаар өвчнөөс сэргийлнэ гэхээр зарим иргэд гайхаж байна. Ер нь тийм боломжтой юу?

 

-Бид цар тахлын үеийн эмчилгээний заавраа хоёр дахь удаагаа шинэчилсэн. Сая сайдын тушаал гарлаа. Бие, хэл, сэтгэлээ хамгаалах гүрэм засал, тарнийн эмчилгээ байдаг. Үүнийг та бүхэн амьдралдаа болгоож байгаарай. Одоогоор эмнэлгүүдэд яг энэ эмчилгээг хий гээд шаардсан зүйл байхгүй. Онолын түвшинд судрын болоод тарнийн арга аргачлалыг хүмүүс амьдралдаа хэрэгжүүлэх нь халдварт өвчнөөс сэргийлэх, эмчлэхэд тустай гэж айлдсан. Амьдрал практик дээр Буддын засал ном, онол ухаан батлагддаг. Шинжлэх ухаантай яг цав нийлдэг юм. Уламжлалт анагаах ухааныг улстөржүүлэх нь явуургүй асуудал. Хүн мэдэхгүй зүйлээ мэддэг байхын тулд хичээх хэрэгтэй. Уламжлалт анагаах ухаан, буддизмд худал хуурмаг зүйл байдаггүй. Хүн бүрийн аянд тохируулна гэж байхгүй шүү дээ. Монголын ард түмний нэг хэсэг нь тарни унших хэрэггүй гэж бодож болно. Гэхдээ түүнээс ч олон иргэн тарни номоо уншиж сүсэглээд өвчнөөс урьдчилан сэргийлж, бие эрхтнээ эрүүл байлгадаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Хүмүүс өдөр тутмынхаа явдал мөрийг цэгцтэй байлгах нь халдварт өвчнийг эмчлэхэд илүү үр дүнтэй байх болно.

 

Г.Нямсүрэн

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • зочин (202.9.40.125)

    2021-06-15

    тэгээд хүн арддаа эх болсон зургаан зүйл хамаг амьтаны тусын тулд шуурхай туслаач дээ.