Францын шинэ ерөнхийлөгч олон улсын анхаарлыг татаж байна
- 2012-05-09
- Дэлхий
- 0
- В.Путин ч Орос, Францын харилцааг шинэ шатанд гаргана гэв – 

- В.Путин ч Орос, Францын харилцааг шинэ шатанд гаргана гэв –
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Ерөнхийлөгчийн тангаргаа өргөж үүрэгт ажилдаа орсон даруйдаа улс орныг хөгжүүлэх олон талт шинэ төлөвлөгөөнүүдэд гарын үсэг зурлаа. Тэрбээр ОХУ-ын цаашдын хөгжил дэвшилд дотоод, гадаадын дэмжлэг адилхан хэрэгтэй хэмээн үзэж буйгаа илэрхийлэв.
В.Путин тангараг өргөхөөсөө өмнө буюу энэ сарын 6-нд Францын шинэ Ерөнхийлөгч Франсуа Холландад Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсанд нь баяр хүргэжээ. Тэрбээр Ф.Холландад илгээсэн цахилгаан мэдээндээ, Орос, Францын харилцааг шинэ шатанд гаргахыг хүсч буйгаа илэрхийлж, хамтарч ажиллахад бэлэн байгаагаа дурдсан байна.
Ф.Холланд 1981-1995 онд Францын Ерөнхийлөгчөөр хоёр удаа сонгогдон ажилласан Франсуа Миттеранаас хойшхи тус улсын анхны социалист үзэл баримтлалтай Ерөнхийлөгч болж байгаа юм. Харин 1995 оноос тус улс Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг таван жил болгон богиносгосон юм. Энэ сарын 15-нд Ерөнхийлөгчийн тангаргаа өргөснөөр Ф.Холланд ирэх таван жилд тус улсыг удирдана. Түүний өмнөх Ерөнхийлөгч Николя Саркози барууныг дэмжсэн бодлого баримталдаг байсан юм.
Барууны түрэмгийлэх бодлого ялангуяа Ливи, Сири, Ираны асуудал, НАТО-гийн Европт байрлуулж буй пуужингийн хамгаалалтын системийн төлөвлөгөөний талаар Францтай мухардмал харилцаанд орсон ОХУ тус улсын шинэ Ерөнхийлөгчийг дэлхийн бөмбөрцгийн зүүн хагаст илүү анхаарлаа хандуулж ажиллахыг хүсч байна.
Нөгөөтэйгүүр Н.Саркози хоёр дахиа сонгогдож чадаагүй нь барууны хүчийг сулруулсан явдал болсон байна. Н.Саркози АНУ, НАТОгийн бодлогын гол дэмжигч, Германы Канцлер Ангела Меркелийг ойрын холбоотон байсан. Түүнгүйгээр А.Меркель Европт ганцаардаж эхэлсэн гэнэ. Түүнчлэн Грек, Испани, Италийн эдийн засгийн хямралыг тогтоон барьж, евро бүсийн санхүүгийн чадавхийг нэмэгдүүлэхэд Германд Францын дэмжлэг шаардлагатай.
Тэгвэл ОХУ төв барууны үзэлт Николя Саркозийг албан тушаалаа хүлээлгэн өгсний дараа тус улсыг хэт баруунжсан бодлогоос нь “тусгаарлах”-ыг хүслээ.
Франц болон Орост “добрый” улстөрч гэж нэрлэгдээд буй Франсуа Холландыг зөвхөн Орос төдийгүй бусад орнууд ч сонирхож байна. Палестины засаг захиргааны тэргүүн Махмуд Аббас түүнийг эх орондоо зочлохыг урьсан байна.
М.Аббас түүнийг сонгуульд ялалт байгуулсанд баяр хүргээд Палестиныг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн тусгаар улс болоход дэмжлэг үзүүлэхийг хүсчээ.
Түүнчлэн түүний айлчлал Палестиныг хүлээн зөвшөөрүүлэхэд бүс нутаг болон олон улсын тавцанд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг онцолжээ. Ф.Холланд ч түүнтэй уулзахад бэлэн байгаагаа мэдэгджээ.
Э.ТӨГС
www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)