Д.Амарбаясгалан чамбай байлаа

Зургаа дахь Ерөнхийлөгчийг сонгосон сонгууль зургаа хоногийн өмнө дууслаа. Энэ сонгуульд УИХ-д суудалтай МАН, АН, ХҮН оролцов. МАН-аас Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх, АН-аас УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ, ХҮН-аас УИХ-ын гишүүн асан Д.Энхбат нар нэр дэвшиж өрсөлдсөн. Эцэст нь МАН-ын У.Хүрэлсүх өмнөх ялагчдын авч байгаагүй өндөр хувийн саналаар ялав. Ийн У.Хүрэлсүх Монгол Улсын зургаа дахь хийгээд зургаан жил суух анхны Ерөнхийлөгч боллоо.

Уг нь улс төрийн ямар ч сонгууль өөрийн дэгтэй. Эхлэл, өрнөл төгсгөлтэй. Болох ёстой, байх хэрэгтэй “эд эс”-үүдтэй. Харин энэ сонгууль асар “чимээгүй” өнгөрлөө. Элдэв дуулиан шуугиан ч үгүй. Хэрүүл уруул ч үгүй. Зардал чирэгдэл ч багатай. Тэгсхийгээд л дуусав. Өмнөх долоон сонгууль ийм байгаагүй л дээ. Гэхдээ хөндлөнгөөс ингэж үзэгдсэн бололтой. Ер нь бол ямар ч улс төрийн хүчинд амар сонгууль гэж байдаггүй. Тэр тусмаа энэ удаагийн сонгууль эрх баригч МАН-д тун эвгүй байжээ.

Энэ нам дангаараа эрх барьж байна. Нэр дэвшигч нь Ерөнхий сайдаар ажиллаж байсан, намын дарга нь. Рейтингээрээ сүүлийн дөрвөн жилийн турш нэг, хоёроос буугаагүй.

 

Гэтэл өрсөлдөгчид нь гарааны рейтинг, бусад юмаараа У.Хүрэлсүхээс хол дутуу байв.

 

АН хоёр хуваагдсан, С.Эрдэнэ нэг талаас нь гарч ирсэн. Тэгэхээр АН-ынхаа дэмжлэгийг бүрэн авах боломжгүй байлаа. Д.Энхбатын хувьд ч ХҮН-аас сонгуулийн процесс эхэлчихсэн хойно гэнэт гэмээр нэр дэвшсэн. Улс төрд үзэгдэлгүй арваад жил болчихсон. Гэхдээ интернэт орчинд өөрийн бизнестэй. Нийгмийн тодорхой хэсэгт таалагддаг ч, нийтээрээ ялангуяа, орон нутагт сайн таньдаггүй. Гэхдээ сонгууль эхэллээ, бүгд нэг шугамд зогсдог. Сул нэр дэвшигч гэж байдаггүй. Харин сонгуульд хэн яаж оролцох нь, ямар арга байдал ашиглах вэ гэдэг нь чухал болдог. Тэр жишгээр Ерөнхийлөгчид нэр дэвшээд нэг гараан дээр зогсохоор хэн хэндээ аюултай болчихдог. Энэ бол сонгуулийн бичигдээгүй хууль л даа.

Чухамдаа энэ мэт олон шалтгаан МАН-ыг улам эмзэг болгожээ. Хэрвээ сонгуулийн өрсөлдөөнийг “дүрмийн дагуу” хийвэл, бас эрх мэдэл, давуу талуудаа ашиглавал “цөмөрчих” байв. Ийм нөхцөлд ямар тактик хэрэглэж, яаж оролцох вэ гэдэг маш чухал байсан гэсэн үг л дээ. Тиймээс яах ийх нь МАН-ын сонгуулийн ерөнхий менежерээр ажилласан тус намын генсек Д.Амарбаясгалангаас шалтгаалж байв.

Д.Амарбаясгалангийн хувьд сонгууль угтаад маш том бэлтгэл хийжээ. Тэр нь МАН, МАХН-ын нэгдэл байв. МАН,МАХН-ын нэгдэл өмнө нь яригдаж байсан. Ажил хэрэг болох дээрээ тулаад ч больж байлаа.

 

Харин генсек Д.Амарбаясгалангийн хувьд хоёр намын нэгдлийг зохион байгуулах гол үүргийг гүйцэтгэжээ. Санаачилгатай ч ажилласан гэдэг. Чухам тэр нэгдэл энэ сонгуульд МАН үнэмлэхүй ялах гол үндэс нь болж өгөв. Өөрөөр хэлбэл, сөрөг хүчин АН задарч байхад МАН нэгдэх процессыг амжилттай өрнүүлсэн.

 

 

 

Ингээд сонгууль эхлэхэд тэрбээр намынхаа нэгэнт өндөр рейтингтэй нэр дэвшигчээ “нисгэчихгүй” байх тактикийг барьжээ. Нисчихвэл унана. Тиймээс бүх талаар даруухан байсаар сонгуулийг дуусгав. Энэ нь ч оносон. Хэрвээ хөдөлсөн л бол санал савлах магадлал өндөр.

 

Товчхондоо, Д.Амарбаясгалан энэ сонгуулийн кампанийг тун чамбай удирдлаа. Хий ч гаргасангүй. Түүний хувьд 2016 оны УИХ-ын сонгуулиар намынхаа сонгууль хариуцсан Нарийн Бичгийн Даргаар ажилласан. Тэр сонгуульд МАН 65 суудал авсан. 2020 оны сонгуулийг бас удирдсан. 62 суудалтай болсон. Сая Ерөнхийлөгчийн сонгуулийн ерөнхий менежерээр ажиллалаа. Үнэмлэхүй ялалт байгуулав.

 

МАН-ын сонгуулийн үйл ажиллагааг Ерөнхий сайд асан С.Баяр олон жил залж чиглүүлж ирсэн. МАН-ын олон сонгуулийн стратеги, PR санаанууд С.Баярынх байсан нь үнэн юм. Сүүлд Англид Элчингээр очсон хойноо ч намынхаа ажлыг хийсээр байсан гэдэг. 2016 оны сонгуульд зааж зөвлөсөн. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ч гар бие оролцсон. Гэхдээ одоо энэ ажил Д. Амарбаясгаланд албан ёсоор шилжжээ. Харин тэр сонгуулийн төлөвлөгөө юмаа С.Баяр шиг самбарт зурдаг уу эсвэл ширээн дээрээ дэлгэдэг болов уу, яадаг бол?

 

Б.Очир

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • иргэн (192.82.84.75)

    2021-06-17

    МАН-ын Их хурлын төлөөлөгчдийг МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Амарбаясгалан нь аймгууд руу албан бичиг явуулж их хуралд оролцох төлөөлөгчдийг сонгуульт үүргийн дагуу томилж их хуралд оролцуулдаг болсон гэж аймгийн намын дарга нь танилцуулж байна. Ингэж болох уу. Хариулт авмаар байна. Амарбаясгалан даргаас хариу өгөөрэй.