П.Сайнзориг: Улсаас олгодог тусгай зөвшөөрөлд хүнээс хамаарах хүчин зүйлсийг бууруулна

Засгийн газар болон УИХ-ын нэр бүхий гишүүдээс Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга буюу Зөвшөөрлийн тухай хуулийн төслийг өргөн барьсан. Үүний дагуу УИХ-аас ажлын хэсэг байгуулж, хоёр хуулийн төслийг нэгтгээд байгаа юм. Тэгвэл уг хуулийн шинэчлэлийн хүрээнд ямар өөрчлөлт оруулах, энэ нь тусгай зөвшөөрөл олголт болон үйл ажиллагаа эрхлэгчдэд хэрхэн нөлөөлөх вэ. Энэ тухайд Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг тайлбар өгчээ.

Тэрбээр “Манай улс Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийг 2001 онд баталсан байдаг. Үүнээс хойш 20-оод жил үйлчилсэн хуулийг шинэчлэн боловсронгуй болгохоор ажиллаж байна. Монгол Улсад өнөөдрийн байдлаар 914 лиценз, баримт бичиг, тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг гэсэн нэрээр эрх олгож байна. Энэ нь бизнесийн үйл ажиллагаанд саад бэрхшээл, хүнд суртал үзүүлж байна гэж үзэж байгаа. Зөвшөөрөл олгох үйл ажиллагааг өнөөдөр Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулиас гадна Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль, салбарын 90 гаруй хуулиар зохицуулж байгаа нь нэгдсэн байдлаар уялдаатай зохицуулахад хүндрэл үүсгэж байна. Өнөөдөр бизнес эрхэлж байгаа иргэн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн хуулийг хараад ямар төрлийн үйл ажиллагааг зөвшөөрөлтэй эрхэлдэг, ямрыг зөвшөөрөл авахгүй хийж болох вэ гэдгийг мэдэх боломжгүй болчихсон. Хууль бүрийг уншиж судлах шаардлагатай байдал үүсэж байна. Нөгөө талаар хуулиас давсан шийдвэрүүдээр зөвшөөрөл олгож, хэн нэгэн албан тушаалтан зөвшөөрөл бий болгодог. Энэ бүх байдлыг цэгцлэхээс өөр аргагүй байна.

Энэ хуулийн гол өөрчлөлт нь зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, дуусгавар болгох харилцааг боловсронгуй болгох юм. Хуулийн өөр нэг гол өөрчлөлт нь зөвшөөрөл олгох жагсаалт, үүнийг олгох субьектийг тодорхой болгож нэгдсэн хяналт, уялдаатай зохицуулалттай болгох явдал. Өөрөөр хэлбэл, зөвшөөрлийн харилцааг УИХ нэгдсэн бодлогоороо зохицуулна гэсэн үг. Хэн нэгэн албан тушаалтан дур дураараа зөвшөөрөл олгохгүй, бий болгохгүй. Мөн зөвшөөрлийн тоог зохистой хэмжээнд байлгана. Зөвшөөрөл олгох шаардлагагүй харилцаанд маш олон зөвшөөрөл олгож байна. Үүнийгээ бид хумья гэж байгаа. Түүнчлэн хуулиар хориглоогүй буюу хуульд зааснаас бусад үйл ажиллагааг иргэн, аж ахуйн нэгж чөлөөтэй эрхлэх боломж олгоно. Зөвшөөрөл олгох үйл ажиллагааг ил тод нээлттэй болгоно. Үүн дээр цахим технологи ашиглаж, хүнээс хамаарах хүчин зүйлүүдийг аль болох бууруулна.

Дээрээс нь төрийн олгож байгаа зөвшөөрлийг мэргэжлийн холбоодод шилжүүлэх гарцуудыг эрэлхийлж байна. Хамгийн чухал нь ил тод байдлыг хангах. Зөвшөөрлийн мэдээллийн нэгдсэн санг үүсгэнэ. Төрийн аль байгууллага, төрөөс эрх шилжүүлж авсан мэргэжлийн холбоод, ямар зөвшөөрөл олгосон байдаг, зөвшөөрөл хүсэж байгаа иргэн, аж ахуйн нэгжид зөвшөөрөл олгохгүй байх үндэслэл, бүрдүүлэх бичиг баримт, тушаах улсын тэмдэгтийн хураамж зэрэг бүх мэдээллийг ил болгоно” гэлээ.

 

М.ӨНӨРӨӨ

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)