Э.Даваажамц 600 гаруй км замыг туулаад байна

Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн ахлах ахлагч Э.Даваажамц 16 дахь өдрөө гүйж байна. Ховд аймгаас Улаанбаатар хот хүртэл 1500 км замыг туулах тэрбээр 619 км замыг ардаа орхижээ. Э.Даваажамц өнгөрсөн хугацаанд Ховд, Говь-Алтай аймгийг өнгөрч, Баянхонгор аймагт ирээд байгаа аж. Тэрбээр орчин цагийн Зэвсэгт хүчний 100 жил, ирэх онд түүхт 100 жилийн ойтойгоо золгох Зэвсэгт хүчний 123 дугаар ангидаа жирийн алба хаагчийн хувиар бэлэг барьж, цэргийн алба хаагчдын тэсвэр хатуужил, эр зоригийг олон нийтэд харуулж, цэрэг хүн өмнөө тавьсан зорилгоо хэрхэн биелүүлдгийг ойлгуулахаар зорьж буй нь энэ юм.

Тэрбээр ирэх сарын 10-нд “Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаалын дараа Д.Сүхбаатарын талбайд орж ирэхээр төлөвлөн гүйж байгаа билээ. Түүний гүйх замд таарсан хүмүүс амжилт хүсэн ерөөж, зарим нь багахан замыг хамт гүйж, ахлах ахлагчийн гүйлтийг дэмжиж байгаагаа илэрхийлж байна. Харин замд таарсан орон нутгийн иргэд түүнийг монгол ёсоороо угтан зорилгодоо хүрэхийг хүсэн ерөөж байгаа аж. Э.Даваажамц өдөрт 40-45 км гүйхээр төлөвлөж гараанаасаа гарсан. Гүйлтээ эхлүүлсэн цагаасаа төлөвлөсөн замаа туулж байгааг тэрбээр дурдсан юм. “Замд таарсан тээвэрчин болгон алга ташиж, уухайлж байна. Зарим нь хамтдаа зургаа авахуулъя гэдэг.

Миний хувьд цар тахлаас сэргийлэх хүрээнд аль болох гар барихгүй ярилцаж, дэмжиж байгаад талархсанаа илэрхийлж байгаа. Зам дагуух айлын бяцхан багачууд ундаа, ааруул тэврээд угтсан нь сайхан санагдсан” хэмээн ярьжээ.

 

Б.НОМУУН

 

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)