Монгол Улсын хөгжлийн нэг жилийн төлөвлөгөөг батлахаар хэлэлцэж эхэллээ

УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын журмыг баталж, Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө батлах тухай тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ.

Ээлжит чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10:00 цагт гишүүдийн ирц бүрдсэнээр цахимаар эхэлж, хэлэлцэх асуудлаа тогтсон юм. Ингэснээр эхлээд Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө батлах тухай тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж танилцууллаа. Түүний танилцуулснаар төлөвлөгөөнийтөслийг “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл зэрэг бодлогын арга хэмжээний төлөвлөгөөтэй тус тус уялдуулан боловсруулжээ. Мөн төрийн захиргааны төв, төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллагаас ирүүлсэн саналд үндэслэн Монгол Улсын 2021-2025 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөр болон бусад хөрөнгийн эх үүсвэртэй уялдуулсан байна. Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд нийт 10 их наяд төгрөгийн санхүүжилт шаардагдахаас улсын төсвийн хөрөнгөөр 870.4 тэрбум, орон нутгийн төсвийн хөрөнгөөр 111.7 тэрбум, гадаад зээл тусламжаар 2.2 их наяд, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хөрөнгө оруулалтаар 1.2 их наяд, бусад эх үүсвэрээс 5.7 их наяд төгрөгөөр санхүүжүүлэхээр төлөвлөжээ. Төлөвлөгөөний төсөл нь зургаан бүлэг, 23 зорилттойбөгөөд 263 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүн С.Бямбацогт Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу сүүлийн 30 жилд анх удаа Монгол Улсын хөгжлийн нэг жилийн төлөвлөгөөг батлах гэж буй нь их хариуцлагатай ажил гэдгийг онцлоод жилийн төлөвлөгөө нь хөгжлийн дунд, урт хугацааны бодлоготой хэр уялдсан, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг хангахад хэрхэн нөлөөлөх талаар тодруулав. Мөн гишүүн С.Чинзориг хөгжлийн жилийн төлөвлөгөөг анх удаа хэлэлцэж байгаа хэдий ч энэ нь ирэх жилийн төсвийн суурь болно. Гэтэл төсөлд макро эдийн засгийн суурь үзүүлэлт болон бодлогын томоохон асуудлуудаа тусгаагүй, хөтөлбөрийн шинжтэй болсон байна гэж үзэж буйгаа хэлсэн. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Х.Булгантуяа нар төрийн өмчийн байгууллагуудыг цэгцлэх, алдагдалгүй ажиллуулах, менежментийг боловсронгуй болгох, засаглалыг сайжруулах асуудлыг тусгаагүйд шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийлж байлаа. Гишүүдийн асуултад ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж хариулсан. Тэрбээр “Хөгжлийн нэг жилийн төлөвлөгөөний тухайд анх удаа орж ирж байгаа баримт бичиг учраас дутуу дулимаг зүйл байгааг үгүйсгэхгүй. Цаашид боловсронгуй болгох талаар ажиллах болно. Төлөвлөгөөнд оруулах бодлого, арга хэмжээний талаар яамдаас санал авч, хөрөнгийн эх үүсвэртэй, эх үүсвэр бүрдэх боломжтой гэж үзсэн ажил, арга хэмжээг тусгахыг хичээсэн. Энэ жил болон ирэх жилийн тухайд “Чингис”, “Гэрэгэ” бондын төлбөрийн асуудал бий. Өрийн удирдлагын тухай хууль, өрийн менежментийн стратегийн дагуу Засгийн газарт өрийн зохицуулалт хийх эрх өгсөн. Энэ жилийн тухайд улсын төсөв батлах үед 2.4 их наяд төгрөгт багтааж ийм зохицуулалт хийх эрх олгосон. Энэ хүрээнд Засгийн газар тодорхой шийдвэр гаргаад ажиллаж байна” гэлээ.

Харин Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан 2022 онд улсын хэмжээнд 113 цэцэрлэг, 176 сургууль, 121 дотуур байр барихад 83.2 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөсөн. Гэхдээ хөдөөгийн сумд болон Улаанбаатарт байгаа сургуулиудын ачаалал өдөр шөнө шиг ялгаатай болсон. Ганц жишээ хэлэхэд, 300-гаас доош хүүхэдтэй 90 орчим сумын сургууль байна. Ер нь сум, нийслэлийн хороо бүрд 12 жилийн тогтолцоотой сургууль барих шаардлагагүй гэсэн байр суурьтай байгаа. Цаашид нийслэлд үүсэж буй сургуулийн ачааллыг цэцэрлэг-бага сургуулийн цогцолборын хэлбэрээр, дунд болон ахлах ангиудыг төрөлжсөн сургууль болгож зохион байгуулах чиглэлээр шийдэх бодлого барьж байгаа юм. Одоогоор нүхэн жорлонтой байгаа 800 гаруй сургуулийн ариун цэврийн асуудлыг шийдэхийн зэрэгцээ сурагчдын үдийн цайг үдийн хоол болгох хөтөлбөрийг бодитоор хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Эхний ээлжинд 670 гаруй сургуулийн гал тогооны нөхцөлийг сайжруулна, ийм боломж бий. Харин ирэх онд 5-9 дүгээр ангийн сурагчдыг “Үдийн хоол” хөтөлбөрт хамруулахад 200 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай байгаа” гэлээ. Сангийн сайд Б.Жавхлан Төв банк түүхэндээ байгаагүй ихээхэн хэмжээний валютын нөөцтэй болсон, гадаад худалдааны тэнцэл эерэг гарсан, валютын ханш 10 сарын туршид тогтвортой байгаа зэрэг сайн үзүүлэлт байна. Мөн төсвийн орлого таван сарын байдлаар 98 хувьтай гарсан нь чамлахаар тоо биш. Гэхдээ гол түүхий эдийн үнэ ханшид асуудал бий, санаж бодсоноор болж өгөхгүй байгаа зүйл ч бас байна, удахгүй хэвийн байдалд орно гэсэн өөдрөг төсөөлөлтэй байгаа гэдгээ хэлж байв. Түүнчлэн гишүүдийн асуултад Засгийн газрын бусад гишүүн болон Үндэсний хөгжлийн дарга, холбогдох бусад албан тушаалтан хариулт, нэмэлт тайлбар, мэдээлэл өгсөн юм.

Асуулт асууж, үг хэлсэн гишүүд хөгжлийн төлөвлөгөөний төсөлд тухайн жилд бодлогын ямар арга хэмжээг авч хэрэгжүүлснээр ямар үр дүнд хүрэх, хөрөнгө санхүүгийн эх үүсвэр зэрэг нь тодорхой бус байгааг анхааруулахын зэрэгцээ зарим салбарт хэрэгжиж нэгэнт эхэлсэн ажлуудыг төлөвлөгөөнд тусгах шаардлагагүй. Төлөвлөгөөнд хөгжлийн бодлогын асуудлуудыг бүрхэг тусгасан, салбарын яамдын жилийн үйл ажиллагааны хөтөлбөр маягтай болсон байна гэж үзэж буйгаа хэлж байв. Нөгөө талаар энэ нь хийж гүйцэтгэх ажил, арга хэмжээний төлөвлөгөө биш хөгжлийн төлөвлөгөө учраас бодлогын асуудалд анхаарлаа хандуулж, хөрөнгийн эх үүсвэр нь тодорхой, ТЭЗҮ нь хийгдсэн, хэрэгжих бодитой ажлуудыг тусгах шаардлагын үүднээс ажлын хэсэг гарган сайн ярилцаж чамбайруулах хэрэгтэйг онцолж байв. Ингээд санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 66.2 хувь нь Монгол Улсын 2022 оны хөгжлийн төлөвлөгөө батлах тухай тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн учраас анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын журам батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэв. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 5 дугаар зүйлд “Шинэ сонгогдсон Ерөнхийлөгч нь Улсын Их Хурал Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль гаргаснаас хойш З0 хоногийн дотор Улсын Их Хуралд Үндсэн хуулиар тогтоосон тангараг өргөнө. Ерөнхийлөгч тангараг өргөх өдрийг Улсын Их Хурал товлон тогтооно” гэж заасан. Хуулийн энэхүү зохицуулалтын дагуу шинэ сонгогдсон Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх өдөр, цагийг 2021 оны зургаадугаар сарын 25-ны өдрийн 11:40 цагт байхаар товлож, УИХ тогтоолыг баталсан. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд “Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын журмыг Улсын Их Хурал тогтооно” гэж заасан. Үүний дагуу УИХ-ын даргын 2021 оны зургаадугаар сарын 10-ны өдрийн захирамжаар байгуулагдсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол, хүндэтгэлийн ажиллагааны бэлтгэлийг хангаж, зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсэг энэхүү журмын зарим заалтад өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзсэний дагуу Төрийн ёслолын газраас журамд нэмэлт, өөрчлөлт оруулах санал ирүүлжээ.

Үүний дагуу Байнгын хорооноос ирүүлсэн санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 70.6 хувь нь дэмжсэнээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын журам батлах тухай тогтоолыг баталлаа.

 

М.ӨНӨРЖАРГАЛ

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)