“Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль бий болгох тухай” тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль бий болгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.  

    Тогтоолын төслийн талаар Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар  нар тус тус танилцуулав. 

    Монголчууд 2021 онд хувьсгал хийж, үндэсний төр, засгаа дахин сэргээж, эрх чөлөө, тусгаар тогтнолоо бататган бэхжүүлж, олон улсад хүлээн зөвшөөрүүлэх, үндэсний дэвшилд хүрэх их үйлсийг эхлүүлсэн нь ХХ зууны Монгол түмний гардан хийсэн түүхэн, онцлох үйл хэрэг болсон билээ. Иймээс Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүрээнд Монголын ард түмний хүсэл зориг, эв нэгдэл, хичээл зүтгэл, үйл хэргийг гадаад, дотоодод сурталчлан таниулах, энэхүү түүхэн үйл хэргийн төлөө ажил, амьдралаа зориулсан хүмүүсийг шагнаж урамшуулах, алдаршуулах шаардлагатай гэж үзсэний үндсэн дээр “Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль бий болгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулжээ.

Төрийн байгуулалтын байнгын хороо тогтоолын төслийг 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн бөгөөд Монгол Улс 100 жилийн хугацаанд 1924 онд Анхдугаар үндсэн хуулиа баталж, гадаад орнуудад тусгаар улс гэдгээ бүрэн хүлээн зөвшөөрүүлж, 1945 онд улс орныхоо бүрэн эрх, тусгаар тогтнолыг бүх ард түмний санал асуулгаар баталгаажуулж, 1961 онд Нэгдсэн Үндэстний байгууллагад гишүүнээр элссэн. Үүний зэрэгцээ ард түмний эрүүл мэндийг хамгаалах, боловсрол, соёл, шинжлэх ухаан, төв суурин газрын хөгжил, газар тариалан, хөдөө аж ахуй, мал аж ахуй, үйлдвэржилтийн томоохон бүтээн байгуулалтыг бий болгосон. Мөн 1992 онд хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, хувийн өмчийг зөвшөөрсөн, Ардчилсан Үндсэн хуулиа баталсан гэдгийг санал, дүгнэлтэд тэмдэглэснийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар онцлоод, тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг Байнгын хорооны  хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнийг дурдав.

    Тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, Х.Болорчулуун, С.Чинзориг, Д.Тогтохсүрэн нар асуулт асууж, үг хэлэв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль бий болгохыг дэмжиж байгаа ч цаашдаа тэмдэглэлт ойн медаль гаргах, олгох шалгуурыг тодорхой болгох шаардлагатай. Учир нь шагнал, медаль олгох явдал хэт хавгайрах нөхцөл бүрдэж байна гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Х.Болорчулуун нар Засгийн газраас улсын баяр наадмыг цахимаар зохион байгуулахыг дэмжиж байгаа ч, ногоон бүсэд байгаа сум, орон нутагт халдвар хамгааллын дэглэмийг сайтар хангаад баяр наадмыг нь тэмдэглэх боломж, бололцоог нь нээж өгөх асуудлыг эргэн харах шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийлсэн. 

    Ингээд “Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль бий болгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)