Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ

Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг, Б.Саранчимэг, Ч.Ундрам нараас  өргөн мэдүүлсэн, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгээр үргэлжиллээ.

    Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд нар тус тус танилцуулсан.

Төсөл санаачлагч гишүүн Б.Саранчимэг танилцуулгадаа, Монгол Улсын Үндсэн хуулийн Долдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монголын ард түмний түүх, соёлын дурсгалт зүйл, шинжлэх ухаан, оюуны өв төрийн хамгаалалтад байна.” гэж, Арван зургадугаар зүйлийн 16.8 дахь хэсэгт “Соёл, урлаг, шинжлэх ухааны үйл ажиллагаа явуулах, бүтээл туурвих, үр шимийг нь хүртэх эрхтэй. Зохиогч, шинэ бүтээл, нээлтийн эрхийг хуулиар хамгаална” гэж, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4.7 дахь заалтад “Монгол соёл иргэншлийн аюулгүй байдал нь үндэсний аюулгүй байдлын бүрэлдэхүүн хэсэг байна” гэж, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын 1 дүгээр зүйлийн 1.1.6 дахь заалтад “Үндэсний түүх, хэл, соёл, өв уламжлал, зан заншлаа хадгалж, хамгаалж хөгжүүлэх нь монгол үндэстний оршин тогтнохын үндэс, амин чухал дархлаа мөн” гэж тус тус заасныг онцлов. 

    Дэлхийн 100 гаруй улс оронд иргэдээ соён гэгээрүүлж, оюуны хэрэгцээг хангах зорилгоор номын баярыг тусгайлан тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай бөгөөд зарим улс орон энэхүү баярыг үндэсний баярын хэмжээнд хүндэтгэн дээдэлж, тэмдэглэсээр хэдэн зуун жилийг өнгөрөөснийг төсөл санаачлагч гишүүн танилцуулгадаа дурдаад манай улсын хувьд 2000 оны эхэн үеээс эхлэн зарим төрийн бус байгууллагууд өөрсдийн санаачилгаараа “Үндэсний номын баяр”-ыг олон янзын хэлбэрээр тэмдэглэж ирсэн. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны зарлигаар “Номын баярын өдөр тэмдэглэх тухай” 158 дугаар зарлиг гаргаж жил бүрийн 09 дүгээр сарын 3 дахь долоо хоногийн бямба гаригт “Номын баярын өдөр” арга хэмжээ улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлэх зарлиг гаргасан гэв.

    Иргэдийн ном унших идэвх, санаачилгыг дэмжих, гэр бүл, байгууллагын номын сангийн соёлыг түгээн дэлгэрүүлэх, ирээдүйн уншигчдыг төлөвшүүлэх, зохиолч, хэвлэн нийтлэгч, бүтээл туурвигчдын оюуны хөдөлмөрийг бодитой үнэлэхэд дэмжлэг болох, ном уншлагыг дэмждэг хэвлэлийн компани, номын сан, ном сонирхогчдын клуб, төрийн болон төрийн бус байгууллагууд, хувийн хэвшлийн уялдаа холбоог сайжруулах, номын үйлчилгээ, хүртээмжийг иргэдэд ойртуулах зорилгоор номын баярыг тэмдэглэн өнгөрүүлдэг болохоор хуулийн төслийг боловсруулсан гэдгийг төсөл санаачлагч гишүүн танилцуулгадаа дурдсан. 

    Хуулийн төсөлд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5 дугаар зүйлд “Үндэсний ном, бичиг соёлын өдрүүд 5 болон 9 дүгээр сарын 3 дахь долоо хоногийн амралтын өдрүүд” гэсэн заалт нэмэхээр тусгажээ. Хуулийн төсөл батлагдсанаар хууль хэрэгжүүлэхтэй холбоотой ямар нэгэн зардал гарахгүй гэж байлаа.  

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслийг хэлэлцээд, үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн талаар Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд санал, дүгнэлтдээ онцолсон. 

   Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Х.Болорчулуун, Ш.Адьшаа нар асуулт асууж, үг хэлсний дараа Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 62,1 хувь нь дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • hoo (64.119.20.2)

    2021-06-19

    НААДМАА БОЛИО ЭРҮҮЛ АМЬ бвал БҮХ ЮМ БОЛНО.