Өнөөдөр “Олимпын өдөр”
- 2021-06-23
- Нийгэм
- 0

Олон улсын олимпын өдөр өнөөдөр тохиож, дэлхийн 206 оронд спортынхон баяраа тэмдэглэж байна. Одоогоос 127 жилийн тэртээ 1894 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Францын суут соён гэгээрүүлэгч, Барон хэргэмт Пьер де Кубертен орчин үеийн олимпын хөдөлгөөнийг сэргээж, Олон улсын олимпын хороог үүсгэн байгуулсан түүхтэй.
Тус өдрийг дэлхий дахинаа Олон улсын “Олимпын өдөр” хэмээн тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай билээ. 1948 оны Лондоны олимпын жилээс эхлэн Олон улсын олимпын өдрийг тэмдэглэхээр болжээ. Монгол Улс 1964 оноос олимпын наадамд орж эхэлснээс хойш бараг бүхий л зуны олимпод оролцсон. 1984 онд ЗХУ-ын санаачилгаар социалист орнууд Лос-Анжелесийн олимпийг бойкотлосон. Ингэснээр Монгол Улс 1984 оны зуны олимпод оролцоогүй ба оронд нь социалист орнуудын зохион байгуулсан “Эв санааны наадам” (Friendship Games) гэсэн тэмцээнд оролцжээ. Монголын үндэсний олимпын хороо нь 1956 онд байгуулагдаж, 1962 онд ОУОХ-ны гишүүн болов. Монголын баг тамирчид зуны олимпын наадмаас хоёр алт, 10 мөнгө, 14 хүрэл, нийт 26 медаль аваад байна. Энэ жилийн “Олимпын өдөр”-ийн хүрээнд МҮОХ-ноос бага ангийн сурагчдын гар зургийн уралдаан, Олон улсын цахим форум, шинэчлэн засварласан МҮОХ-ны төв байр болон Олимпын музейн нээлтийн ёслол, цахим видео контент, MNB Sport сувагтай хамтран шууд нэвтрүүлэг хүргэхээр зэхжээ. Үүнээс ЕБС-ийн бага ангийн сурагчдын дунд зарласан гар зургийн уралдааны дүн гарчээ. Нийт 100 гаруй хүүхэд бүтээлээ ирүүлснээс Баянзүрх дүүргийн Сингапур сургуулийн 4а ангийн сурагч Э.Хүслэн тэргүүн байр эзлэв.
“Манай дэлхийн спортын гайхамшиг “Токио-2020” олимп, олимпын түүхээс” нэртэй түүний бүтээл олимпын наадмын гол спортын төрлүүдийг уран нарийн дүрсэлснээрээ онцлогтой. Тэгвэл дэд байрт Налайх дүүргийн “Эрдмийн оргил” сургуулийн 3а ангийн сурагч Э.Ану-Үжингийн “Чөлөөт бөхийн олимпын аварга Монголоос төрлөө” бүтээл шалгарлаа. Харин гуравдугаар байр 105-р сургуулийн 3ё ангийн сурагч Б.Анаржингийн “Токио-2020” нэртэй зураг шалгарсан байна. Тэрбээр зурагтаа Токиогийн олимпод оролцож буй Монголын бүх тамирчид төрөл тус бүртээ ялалт байгуулж, улсынхаа далбааг мандуулж буйг дүрсэлжээ. Үүнээс гадна Баянгол дүүргийн 38-р сургуулийн гуравдугаар ангийн сурагч Ч.Цэцүгэний зурсан “Уранцэцэг эгчийн ялалт” болон Баянзүрх дүүргийн 84-р сургуулийн хоёрдугаар ангийн сурагч Т.Хатанзаяагийн бүтээл тусгай байр эзэлсэн аж.
Тэдэнд өнөөдөр олимпын аварга Э.Бадар-Ууган шагналыг нь гардуулна. Түүнчлэн олимпын мөнгөн медальт П.Сэрдамба, олимпын хошой хүрэл медальт Д.Мөнхбаяр, олимпын хүрэл медальт Д.Отгондалай нар цахимаар спорт сонирхогчидтой нээлттэй ярилцлага өрнүүлж, туршлагаасаа хуваалцсан байна.
Б.МӨНХЗУЛ

Сэтгэгдэл (0)