С.Бямбацогт: Ард түмний хэрэгцээ шаардлагыг үндэслэн хөгжлийн бодлогыг тодорхойлж батална

Монгол Улсын 2022 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөг УИХ анх удаа хэлэлцэж байна. Энэ нь УИХ-аас Засгийн газрыг хэрэгжүүл гээд баталж буй богино хугацааны хөгжлийн бодлого. Энэхүү төлөвлөгөө ямар ач холбогдолтой тухайд УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Үүнийг ярихын тулд 2019 онд хийсэн Үндсэн хуулийн өөрчлөлтөөс эхлэх ёстой. Санааныхаа зоргоороо улсын төсвийг боловсруулахыг хааж өгсөн. Үндсэн хуульд “Хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байна” гэсэн заалт бий. Засаг солигдох тоолонд төрийн бодлогын залгамж чанар алдуурдаг байсан алдаа дахиж давтагдахгүй байхад энэ чухал үр нөлөөтэй. Мөн Засгийн газрын оруулж ирсэн төсвийг танигдахгүй болтол нь тарамдуулж өөрчилдөг ужиг байдалд цэг тавьсан.

Өөр нэг чухал заалт бол “Төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх байгууллагын бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно” гэсэн агуулгатай зарчмын том өөрчлөлт. Хөгжлийн болон үндэсний аюулгүй байдлын бодлогод нийцүүлэн боловсруулсан улсын төсвийг батална гэдэг нь улсын төсвийг төрийн эрхийг авсан улс төрийн аль нэг нам, эвслийн сонгуулийн тойрогт хийх улс төрийн арга хэрэгсэл болгохоос сэргийлж байгаа юм. Нөгөө талаас парламент ард түмний төлөөлөл, хууль тогтоох дээд байгууллага болохынхоо хувьд улс орны нөхцөл байдал, ард түмний хэрэгцээ шаардлагыг үндэслэн хөгжлийн бодлогыг тодорхойлж батална гэсэн үг. Маш товчхондоо, тавьсан зорилго, зорилтоо биелүүлж, хүссэн үр дүндээ хүрэхийн тулд тодорхой цаг хугацаанд, хэн, хэр зэрэг чанартай, хэчнээн тооны ямар ажил хийж хэрэгжүүлэхээ нарийвчлан тодорхойлж, эрэмбэлж төлөвлөсөн баримт бичиг байдаг” хэмээн хариулав.

Дээр дурдсан бүх заалтыг үндэслэж түүнийг хэлбэрэлтгүй хэрэгжүүлэх зорилгоор өнгөрсөн оны тавдугаар сарын 7-нд Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлал, зарчимд нийцүүлэн шинэчлэн баталсан байна. Үндсэн хуулиас эхтэй хөгжлийн бодлогын цогц эрх зүйн шинэчлэлийн үр дүнд 2017 оны байдлаар 634-т хүрээд байсан бодлогын баримт бичгийг цэгцэлж, улсын хэмжээнд урт буюу 30 жилийн хугацааны нэг, дунд, богино хугацааны гэх мэт таван шатлалын нийт 12 бодлого, төлөвлөлтийн баримт бичигтэй байх тогтолцоог Хөгжлийн бодлогын хуулиар бүрдүүлжээ.

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)