Ресторанууд УОК-ын шийдвэрийг дагахгүй гэж мэдэгдлээ

Дэлхий нийтэд гэнэтийн сорил болон тулгарсан Ковид-19 цар тахал манай улсад бүртгэгдсэнээс  хойш багагүй хугацаа өнгөрч, нийгэм, эдийн засагт томоохон сорилт тулгаран үргэжилсээр байна. Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор өнгөрсөн оны нэгдүгээр сарын 25-наас хойш урт богино хөл хорио, эдийн засгийн хямралаас үүдэн жижиг дунд үйлдвэр, аж ахуй нэгжүүд болон бизнесүүд хаалгаа барьсаар байна.

Ялангуяа нийслэлд үйл ажиллагаа явуулдаг хувиараа бизнес эрхлэгчдийн 80 орчим хувь түрээс төлдөг. Тэдний тал хувь нь 500 мянгаас доош түрээс төлдөг бол үлдсэн нь 500 мянгаас хоёр сая төгрөгийн түрээс төлдөг байна. Тиймээс хөл хорионоос үүдэн хаалгаа барьсан бизнес эрхлэгчид түрээсийн төлбөрөө төлж чадахгүйд хүрч хаалгаа барьсаар байна.

Ашиг орлого нь буурсан маш олон тооны хувиараа хөдөлмөр эрхлэгсэд ажлын байраа сольж байгаагаас үүдэн түрээслэгчид түрээсийн зардлаа бууруулах, тохижилт засвар үйлчилгээндээ анхаарах нь сайжирчээ. Гэвч удаан хугацааны хөл хорионы үүднээс үйл ажиллагаагаа явуулах боломжгүй байгаа бизнес эрхлэгчдээс сул түрээсийн зардал төлөх шаардлага гарч байгаа нь хамгийн том эрсдлийг үүсгэж байгаа ажээ. Үйл ажиллагаагаа зогсооход хүрсэн бизнес эрхлэгчдийн төлөөлөл болгож “Tse” сүлжээ рестораны захирал Д.Эрдэнэбаттай ярилцсан юм.

Д.Эрдэнэбат: 11 САЛБАРЫНХАА ДӨРВИЙГ ТАТАН БУУЛГААД БАЙНА

-Та рестораныхаа талаар танилцуулаач?

-Манай байгууллагын хувьд анх 2019 оны аравдугаар сараас ажиллаж эхэлсэн. Долоон салбарт нийт 18- 22 ажилтантай. Паб, рестораны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Мэдээж цар тахалтай холбоотойгоор одоо үйл ажиллагаагаа зогсоосон байгаа.

-Үйл ажиллагаагаа хэвийн явуулж байх үедээ та юуг зорьж байсан бэ?

-Бизнесээ анх эхлүүлэхийн тулд банкнаас их хэмжээний зээл авсан.Тус зээлээ төлж барагдуулах, шинэ үйлчилгээний соёл нэвтрүүлж үйл ажиллагаагаа улам өргөтгөхийг зорьж байсан.  Харин одоо цар тахлын нөхцөл байдлаас үүдэн улам л доройтоод байна даа. Ковидоос болж жигд ажиллаж чадахгүй, маш их өр шинээр үүсч, ажиллах хүн хүч дутмаг болж ирсэн. Үйлчлүүлэгчдийн  худалдан авах чадвар ч дагаад муу болж байна. Өнгөрсөн гуравдугаар сард хэсэг хугацаанд нээсэн боловч төдийлөн ашигтай байгаагүй тул ажилчдынхаа цалинг ахин зээл авч тавих шаардлага гарсан.

-Цар тахалтай холбоотойгоор түрээслэгчид түрээсээ царцааж өгч байгаа юу?

-Царцааж өгөөгүй. Түрээслэгч нар ажилласан ажиллаагүй түрээсээ авна гэж байгаа. Тавдугаар сараас хойш олон удаагийн шахалт ирсэн. Энэ маягаараа гэрээ цуцлах, шүүхээр шийдвэрлэгдэх дээрээ тулна байх. Манайх уг нь нийт 11 салбартай байсан.  Саяын их хөл хорионоор зарим түрээслүүлэгчидтэйгээ учир зүйгээ олоогүйн  улмаас дөрөв нь татан буугдсан. Тухайн салбаруудын ажилтнууд маань  бүгд ажилгүй болсон доо. Одоо долоон салбар  л үлдсэн байгаа. Дахин хэд нь татан буугдахыг хэлж мэдэхгүй л байна. 

-Энэ хүнд хэцүү нөхцөл байдлыг харгалзан ямар шийдэл байгаасай гэж хүсч байна вэ?

-Маш олон удаагийн үр дүнгүй хөл хориог болимоор байна. Өвчний тархалт бүр л ихсэж байна. Урт хугацааны хорионоос үүдсэн бидний хохирол тоо томшгүй байхад өдийг хүртэл ямар нэгэн арга хэмжээ аваагүй байна. Ийм их хөрөнгө зарчихаад ердөө найман сар ажиллаад хаалгаа барих хэцүү шүү дээ. Бид төрөөс мөнгө гуйгаагүй, цар тахлаа хумьж үйл ажиллагааг минь дахин нээж өгөөсэй л гэж хүсч байна даа.  Мөн бидний хувьд эргэлтийн болон бараа таваар, түрээсээ төлөх боломжгүй болсон учраас гурван хувийн хөнгөлөлттэй зээл олгох боломжийг нээж өгвөл миний гэлтгүй олон бизнес эрхлэгчдэд дэм болно гэдэгт итгэлтэй байна.

 

БИЗНЕС ЭРХЛЭГЧИД “ТЭВЧЭЭР ТАСАРЛАА” ХӨДӨЛГӨӨН ӨРНҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

Хамгийн сүүлд УОК-оос нийтээр хатуу хөл хорио тогтоохгүй, харин хэсэгчилсэн хязгаарлалтуудыг хийхээр шийдвэрлэсэн. Энэ дагуу хоолны газрууд, ресторан, паб, амралтын газруудыг ажиллахыг хориглож, зөвхөн хүргэлтээр үйлчлэх шийдвэр гарснаас хойш долоо хонож байна. Уржигдар УОК-оос энэ шийдвэрийг дахин долоо хоног сунгах шийдвэр гаргасан юм.

Тэгвэл өчигдрөөс цахим орчинд хүнд нөхцөл байдалд орсон  аж ахуй нэгжүүд нэгдэн үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх талаараа мэдэгдэл гаргаж эхлээд байна.  Хамгийн эхэнд “Takesan Miso Ramen” ресторан “Сүүлийн үед халдварын тохиолдол эрс нэмэгдсэн нь хоолны газруудаас боллоо гэж үзэн хязгаарлалт тогтоох нь буруу юм, төр засгийн гаргасан буруу шийдвэрүүдийн хариуцлагыг манай байгууллага болон гэм зэмгүй олон ажилчид үүрэх ёсгүй. Ажилчид маань ардаа амьдралтай, үр хүүхэдтэй Монгол улсын иргэд. Тодорхой үр дүнгүй удаан хугацааны хорионы улмаас тэд маань амьдралаа авч явахад улам хэцүү болж байна.

Үр дүнгүй хорио, хязгаарлалтууд бидний аж амьдрал, эдийн засгийг сэргээхгүй гэж үзэж байна. Тиймээс өнөөдрөөс үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж заалаар үйлчилж эхэлнэ гэдгээ УОК-т үүгээр мэдэгдэж байна” гэжээ. Тэдний араас бусад үйлчилгээний байгууллагууд нэгдэж байгаагаа илэрхийлж, УОК-ийн шийдвэрийг дагахгүй, халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримталж заалаар үйлчилнэ гэдгээ мэдэгдэн цахим орчинд давалгаалж эхэлсэн юм.

 

Б.ДАРЬБАЗАР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)