МАН-ын 12 дахь даргаар Л.Оюун-Эрдэнийг томилж, Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчиллээ

МАН ээлжит XI Бага хурлаа хуралдуулснаар дээрх шийдвэрийг гаргалаа. Энэ удаагийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон У.Хүрэлсүхийг намын гишүүнчлэлээс түдгэлзүүлсэн бол Л.Оюун-Эрдэнийг МАН-ын даргаар сонголоо. Бага хурлын гишүүдийн 90 гаруй хувь нь оролцсон хуралдаанаас Л.Оюун-Эрдэнийг МАН-ын даргаар сонгохыг 100 хувийн саналаар дэмжсэн юм. Ингэснээр Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МАН-ын 12 дахь дарга болов. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн тангараг өргөхийн өмнө Бага хуралдаанд оролцсон бөгөөд МАН-ын тамгыг Л.Оюун-Эрдэнэд хүндэтгэлтэйгээр гардуулсан юм. Энэ үеэр тэрбээр “Хөх тэнгэрийн тааллаар, намынхаа гишүүдийн дэмжлэгээр Монгол Улсын Ерөнхийлөгч болж, тангараг өргөхийн өмнө та бүхэнтэйгээ уулзаж байгаадаа чин сэтгэлээсээ баяртай байна. Би МАН-тай амьдралаа холбоод, намын улс төрийн ажилтан болсноос хойш 30 дахь жилтэйгээ золгож байна. Тухайн үеийн МАХН-ын Төв хороонд намайг улс төрийн ажилтнаар ажилд авсан Б.Даш-Ёндон даргадаа, Н.Баганбанди даргадаа чин сэтгэлийн талархал илэрхийлье. Энэ олон сайхан хүмүүсийн дэмжлэг, буянаар намын жирийн гишүүнээс Төрийн тэргүүн болж байгаад чин сэтгэлээсээ баяртай байна. 30 жилийн хугацаанд унаж, босож, тэмцэж бас ухарч ч явлаа. Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын баталгаа болсон хүчин бол МАН юм байна гэдгийг Монголын ард түмэн ч маш сайн ойлгодог болсон байна. Сүүлчийн хоёр удаагийн парламентын сонгуульд Монголын ард түмэн манай намд үнэмлэхүй санал өглөө. УИХ-ын хоёр удаагийн болон Орон нутгийн сонгуульд МАН яллаа. 12 жилийн дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгууллаа. Арваад жилийн өмнө задарч байсан МАН, МАХН нэгдэн нийлж, нэгэн цул боллоо. Бид ингэж намаа төвхнүүллээ, одоо төрөө төвхнүүлэх хариуцлагатай ажилд хүчин зүтгэх цаг хугацаа эхэлж байна. Ардын нам цаг үеэ дагаж шинэчлэгдэж чаддаг. Тийм учраас нам, та бүхэндээ маш их баярлалаа гэж хэлье” гэсэн юм.

Д.Амарбаясгалан: МАН ҮЕ ШИЛЖИХ ПРОЦЕССЫГ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

Бага хурлын XI хуралдааныг МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан даргалан явуулсан бол нарийн бичгээр УИХ-ын гишүүн Н.Учрал, М.Ундрам нар ажиллав. Хоёр өдрийн турш цахимаар хуралдсан хуралдаанаар мөн Удирдах зөвлөл болон Бага хурлын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулсан юм. Ингэснээр Бага хурлын XI хуралдааны хоёр дахь өдөр МАН нарийн бичгийн дарга нараа сонгож батлав. Тодруулбал, МАН-ын орон тооны нарийн бичгийн даргаар Намын байгуулалтын газрын дарга Н.Энхбаатар, Хэвлэл мэдээлэл, Цахим бодлогын газрын дарга Ц.Чулуунзагд, МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан Б.Тулга нарыг томилсон бол орон тооны бус нарийн бичгийн даргаар УИХ-ын гишүүн, НАМЭХ-ны ерөнхийлөгч Д.Сарангэрэл нарыг томиллоо.

Ийнхүү намын Бага хурлын XI хуралдааны талаар МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өгсөн юм. Тэрбээр мэдээллийн эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшсэн У.Хүрэлсүхэд саналаа өгсөн 823 мянга 326 иргэнд тухайлан талархал илэрхийлсэн. Түүнчлэн тэрбээр Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшсэн У.Хүрэлсүх өмнөх сонгуулиудтай харьцуулахад хамгийн өндөр хувийн дэмжлэг авсан гэдгийг тодотголоо. У.Хүрэлсүхийн хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд 67.69 хувиар ялалт байгуулсан нь хамгийн өндөр хувь буюу үнэмлэхүй ялалт болсон билээ. Д.Амарбаясгалан дарга үргэлжлүүлэн “МАН-ын шинэ үеийн буюу 1990 оноос хойших 12 дахь даргаар Л.Оюун-Эрдэнийг сонголоо. Түүний хувьд МАН цаашлаад Монголын улс төрийн намууд улс орныхоо хөгжил дэвшилд илүү их боломжийг бий болгох, улс төрийн намууд нь авлигаас, төр нь хүнд суртлаас ангид байж улс орон, ард иргэддээ илүү боломж олгодог байхын төлөө зорьж ажиллахаа илэрхийлсэн” гэдгийг онцолсон. МАН цаашдаа иргэдийн зүгээс үзүүлсэн их итгэлийг дааж, хэд хэдэн зүйлийг үнэт зүйлээ болгож ажиллана. Үүнд нэгдүгээрт, хүний эрхийг дээдлэн, бэхжүүлэх, 1990 оны ардчилсан өөрчлөлт шинэчлэлтийн үр дүнгээр хүний эрх, эрх чөлөө хамгаалагдаж буй энэ цаг үеийг МАН 62 суудалтай байгаа үедээ улам бэхжүүлэн ажиллах зорилтыг тавьсан. Хоёрдугаарт, хүмүүнлэг ардчилсан нийгмийг бий болгох буюу ядарснаа хайрлаж, задарснаа засагладаг улс төрийн хүчин байх зорилгоо улам бэхжүүлэн ажиллах болно. Гуравдугаарт, МАН 35 хүртэлх насны залуучуудад улам их боломж олгох, тэгш боломжоор хангах зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна” хэмээн онцоллоо.

Үргэлжлүүлэн тэрбээр ардчилсан парламентын засаглалтай улс гэдэг улс төрийн намуудын итгэл даах чадвар дээр тогтсон байх шаардлагатай байдаг. Улс төрийн намууд нь өөрөө хөгжиж төлөвшиж, институцээ илүү бэхжүүлсний үндсэн дээр улс төрийн намд итгэх иргэдийн итгэл улам бэхэждэг. Тэр хэрээр ардчиллын дархлаа илүү тогтдог гэж үздэг. Тийм ч учраас улс төрийн намын шинэчлэл юу юунаас илүү чухал. Тэр дундаа үе солигдох процесс илүү чухал. МАН сүүлийн хоёр парламентын сонгуульд дараалан 62, 65 суудал авч ялалт байгуулсан. Энэ амжилтаа бататгаж, энэ амжилтынхаа хүрэээнд буюу эрх барьж байгаа хугацаандаа үе шилжих процессыг амжилттайгаар хийж байгаагаараа илүү онцлогтой. МАН-ын өмнөө тавьсан зорилгын нэг нь ард иргэдийнхээ улс төрийн намд итгэх итгэлийг нэмэгдүүлэх, улс төрийн нам дахь дутагдлыг арилгах, шинэ үеийг гаргаж ирэх нь бидний туйлын зорилго юм. Энэ ч үүднээс Бага хурлын гишүүдийн 100 хувийн саналаар 1980 онд төрсөн, Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдыг МАН-ын даргаар сонгосон нь цаашдаа улс төрийн намын шинэчлэл, ёс зүй, хариуцлага өдөр түвшинд яваасай гэсэн хүсэл эрмэлзлийн илэрхийлэл юм” гэлээ. МАН-ын ард түмний өмнө хүлээсэн үүрэг нь бүх зүйлээс илүү үнэ цэнтэй байх болно хэмээн МАН үзэж байгааг ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан тодотгов.

 

 

М.Өнөржаргал

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)