Кино урлагийг дэмжих тухай хуулийн төслийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв
- 2021-06-30
- Улс төр
- 0

Кино урлагийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хийж, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа танилцуулав. Нэгдсэн хуралдаанаас хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаан даргалагчаас 9 дүгээр зүйлийг гүйцээн боловсруулах чиглэл өгсний дагуу Кино урлагийн зөвлөлийн гишүүд, уран бүтээлч, мэргэжлийн төрийн бус байгууллагын төлөөлөл орох, үйл ажиллагаагаа хараат бусаар явуулах, хууль, журамд заасан шаардлага хангасан нэр дэвшигчийг соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Кино урлагийн зөвлөлийн гишүүнээр томилж, чөлөөлж байх талаар найруулж, томьёолон санал хураалт явуулжээ. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олон дээрх агуулга бүхий зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг дэмжсэн байна.

Б.Жаргалмаа гишүүний танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, Соёлын сайд болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт авав. Кино урлагийн зөвлөлийн дарга нь төрийн албан хаагч байх, түүнийг Төрийн албаны тухай хуульд заасны дагуу сонгон шалгаруулж, соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн түүнийг томилж, чөлөөлөх бөгөөд бүрэн эрхийн хугацаа нь гурван жил байх зохицуулалтыг төсөлд тусгасан байгаа нь төрийн алба хашиж байгаа хүмүүсээс сонгон шалгаруулж, томилно гэдэг агуулгаар Байнгын хорооны хэлэлцүүлгийн явцад дэмжсэн гэдгийг Ё.Баатарбилэг гишүүн онцоллоо. Түүнээс төрийн албанд ажиллаж байсан, эсвэл тодорхой хугацаанд чөлөөлөгдсөн, эсвэл нөөцөд байгаа нь тус Зөвлөлийн даргаар томилогдох шаардлагыг хангахгүй гэдгийг онцлон тэмдэглэж байсан. Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан дээрх Зөвлөлийн ажиллах журмын талаар тодруулж, Ч.Номин сайдаас хариулт авлаа. Н.Ганибал урлагийн салбарын ач холбогдлын талаар байр сууриа илэрхийлсэн бол С.Чинзориг гишүүн, уран бүтээлчдийг дэмжих зорилгоор эргэн төлөх нөхцөлгүй санхүүжилт олгох, эргэн төлөгдөх хөнгөлөлттэй зээл олгох гэсэн хоёр төрлийн үйл ажиллагаа явуулах Кино урлагийг дэмжих сангийн үйл ажиллагааны талаар тодруулав. Түүнчлэн салбарын хууль бүрд орон тооны бус Зөвлөлтэй байх зохицуулалтыг тусгаж байгааг сануулав. Харин энэхүү төсөлд тус Зөвлөлийн дарга нь орон тооны байх бөгөөд ажлын албатай байхаар төсөлд тусгасныг шүүмжилж байлаа. Ч.Ундрам гишүүн кино урлагийн салбарыг ач холбогдол, эдийн засгийн хэтийн үр өгөөжийг тооцож төрөөс дэмжихээр эрх зүйн орчныг бүрдүүлж байгааг тэмдэглэж байлаа.

Ийнхүү гишүүд асуулт асууж, төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан байр сууриа илэрхийлсний дараа зарчмын зөрүүтэй саналын гурван томьёоллоор тус бүрд нь санал хураалт явуулав. Төсөлд “Кино урлагийн зөвлөлийн бүтэц, бүрэн эрх” гэсэн 9 дүгээр зүйл нэмэхийг гишүүдийн олонх дэмжсэн. Энэхүү зөвлөл нь кино урлагийн дэмжих бодлого, шийдвэрийн төсөлд санал өгөх, гадаадын иргэн, хуулийн этгээд Монгол Улсын нутаг дэвсгэрт кино зураг авах зөвшөөрөл олгох болон тусгай сангаас санхүүжүүлэх төсөл, арга хэмжээ, кино бүтээх зардлын буцаан олголтын үйл ажиллагаанд санал, дүгнэлт гаргах чиг үүрэгтэй байх аж. Зөвлөлийн бүрэлдэхүүний 30-аас доошгүй хувь нь соёл, оюуны өмч, төсөв, санхүүгийн салбарын төрийн байгууллагын, бусад нь кино үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа уран бүтээлч, мэргэжлийн төрийн бус байгууллагын төлөөлөл байх бөгөөд үйл ажиллагаандаа хараат бус байх зарчмыг баримтлах аж. Зөвлөлийн дарга нь төрийн албан хаагч байх, түүнийг Төрийн албаны тухай хуульд заасны дагуу сонгон шалгаруулж, соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн түүнийг томилж, чөлөөлөх бөгөөд Зөвлөлийн дарга, гишүүдийн бүрэн эрхийн хугацаа нь гурван жил байх юм байна. Энэ хугацааг нэг удаа сунгаж болох зохицуулатыг мөн төсөлд тусгажээ. Зөвлөл нь ажлын албатай байх бөгөөд өөрийн үйл ажиллагаа, төсвийн хөрөнгө, бусад орлогоор санхүүжих зохицуулалтыг мөн тусгав.
Дараа нь “Хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны санал, дүгнэлтийг Б.Жаргалмаа гишүүн нэгдсэн хуралдаанд танилцуулсан. Засгийн газраас 2019 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр өргөн мэдүүлсэн Кино урлагийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурал 2021 оны зургадугаар сарын 24-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаараа хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороонд шилжүүлсэн юм. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5-д заасныг үндэслэн бэлтгүүлэхээр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан байна. Байнгын хороо тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр Улсын Их Хурлын гишүүн Г.Амартүвшин Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39.22-т заасны дагуу анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.
Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаагийн танилцуулсан санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн тул Байнгын хорооны дэмжсэн, төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах саналаар санал хураалт явуулав. Уг саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн 66.7 хувь нь дэмжсэн тул Улсын Их Хурлын дээрх тогтоолын төслийг батлах санал хураалт явууллаа. Гишүүдийн 68.2 хувь нь дэмжснээр “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын тогтоол батлагдав.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ
Засгийн газраас 2021 оны зургадугаар сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар танилцуулсан.

Улсын Их Хурал 2021 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр шүүх эрх мэдлийн эрх зүйн орчныг боловсронгуй болгосон Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталж, хуулийг 2021 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж байгаа. Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2021 оны “Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн хэрэгжилтийг хангах тухай” 13 дугаар тогтоолоор Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах арга хэмжээг авахыг Засгийн газарт даалгасан бөгөөд хуулийг хэрэгжүүлэхэд учирч буй дараах хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх үүднээс Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна. Төсөлд, коронавируст цар тахал, түүнчлэн Засгийн газраас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацааг 2021 оны зургадугаар сарын 30-ны өдрийг хүртэл сунгасантай холбогдуулан Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасан Нийт шүүгчийн чуулганыг зохион байгуулах хугацааг өөрчлөх, холбогдон гарах зардлыг хариуцах субьектийг тодорхой болгох өөрчлөлтийг тусгажээ. Мөн хуулийн 8 дугаар зүйлд заасан Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах зохицуулалт нь Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 3 дугаар дүгнэлтээр Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн тул Үндсэн хуулийн цэцийн эцсийн шийдвэр гарах хүртэл сонгон шалгаруулалтыг зохион байгуулах боломжгүй нөхцөл байдал үүсээд байгаатай холбогдуулан зохих өөрчлөлтийг тусгасан байна.
Хуулийн төсөл батлагдсанаар шүүх эрх мэдлийн шинэтгэлийг гүнзгийрүүлсэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд учирч байгаа хүндрэл бэрхшээл арилж, хуулийг нэг мөр хэрэгжүүлэх нөхцөл бүрдэнэ хэмээн төсөл санаачлагчид үзжээ.

Байнгын хороо 2021 оны зургадугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаараа хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэж, гишүүдийн олонх үзэл баримтлалын хүрээнд төслийг хэлэлцэхийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй хэмээн үзсэн.
Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар үг хэллээ. Дараа төслийг хэлэлцэхийг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 65 гишүүний 39 нь Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн. Иймд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.

Сэтгэгдэл (0)