Гурвалжин дүрс нь алтан медаль хүртэхийг бэлгэджээ

“Токио-2020” зуны олимп, паралимпийн наадамд оролцох Монголын баг тамирчдын хувцас хэрэгслийн загварыг бүтээх нээлттэй уралдаан зарлахад нийт 10 загвар зохион бүтээгч өрсөлдөж “Мишел Амазонка” ХХК-ийн “Хийморь” загвар шалгарсан юм. Спорт хувцасны загвар дизайны тухайд орчин үеийн хэв загвар бүхий бие барьсан, бусад ямар ч төрлийн хувцас хэрэгсэлтэй хоршиж илүү загварлаг бөгөөд дэгжин байх үүднээс загвар зохион бүтээгчид урлажээ.

Суга, нуруу болон зарим хэсэгт хөлрөлт гадагшлуулах хамгийн сүүлийн үеийн агаар нэвтрүүлэх технологи бүхий нэмэлт жижиг нүхтэй материалаар оруулга хийсэн байна.

Материалын хувьд олон улсын стандартад нийцсэн хамгийн дээд зэрэглэлийн 220 гр/м зузаантай захиалгаар гаргаж авсан сүүн цагаан өнгөтэй. Өнгө сонголтын тухайд энгийн цагаан өнгийг бус илүү үнэ цэнтэй хэр нь чанартай, шинэлэг харагдуулах үүднээс сүүн цагаан өнгийг тусгайлан захиалж гаргуулжээ. Тус коллекц нь бүхэлдээ цагаан өнгөнөөс бүрдэх хэдий ч илүү чамин хэр нь сонирхолтой харагдуулах үүднээс улаан болон хөх өнгийн жижиг деталийг ханцуй, кант, зах, халаас, цүнх зэрэгт оруулсан байна. Тамирчдын хувцасны энгэрт шовх оргил мэт гурвалжин дүрс тусгасан нь өндөр оргилыг бэлгэдэн, алтан медаль хүртэхийн ерөөлийн илэрхийлэл аж.

Мөн эмэгтэй хүний эрхэмсэг хатан оршихуй, эрэмгий байдал, цэвэр цэгцтэй байдал зэргийг илтгэх үүднээс монгол үндэсний сампин зангидах аргаар чимэглэсэн толгойн гоёл, гарын богц, давхар эсгэлт бүхий урт нарийн бүс зэргээр улам баяжуулсан байна.

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)