Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй утсаар ярив

 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй 2021 оны 7 дугаар сарын 16-ны өдөр утсаар ярив.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон болон Үндэсний их баяр-Наадмыг тохиолдуулан дахин баяр хүргэсэнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх талархал илэрхийлэв. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХКН-ын 100 жилийн ойн баярыг тохиолдуулан ХКН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга Ши Жиньпинд дахин баяр хүргэж, БНХАУ-д хөгжил цэцэглэлтийг хүсэн ерөөв.

Монгол, Хятадын төрийн тэргүүн нар хоёр улсын харилцааны болон бүс нутаг, олон улсын хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцож, Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө нягт хамтран ажиллахаа нотлов.

Хоёр улсын төрийн тэргүүн нар Монгол, Хятадын харилцаа “Ковид-19” цар тахлын амаргүй нөхцөл байдалд ч идэвхтэй явагдаж, цар тахлын тархалтыг хязгаарлах чиглэлд үр дүнтэй хамтран ажиллаж, сэтгэл санааны дэмжлэг харилцан үзүүлж ирсэнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

Хоёр улсын хооронд дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалахын чухлыг тэмдэглэв.

Хоёр улсын хөгжлийн бодлого, хөтөлбөрүүдийг уялдуулан хэрэгжүүлэх хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтод ойрын жилүүдэд хүрэхийн төлөө илүү идэвхтэй хамтран ажиллах,  цар тахлын нөхцөл байдалд хилийн бүс нутаг дахь халдвар, хамгааллын арга хэмжээг улам бүр сайжруулсны үндсэн дээр худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг аль болох хэвийн явуулахыг дэмжиж, холбогдох үүрэг, чиглэлийг хоёр улсын байгууллагуудад өгч ажиллахаа төрийн тэргүүн нар илэрхийлэв.

Уул уурхай, дэд бүтэц, хөдөө аж ахуй зэрэг салбарт томоохон төслүүдийг хэрэгжүүлж, ард иргэдийн ахуй амьдралыг дээшлүүлэхэд бодит хувь нэмэр оруулахын чухлыг төрийн тэргүүн нар тэмдэглэв. Монголын талаас дэвшүүлж буй хамтын ажиллагааны төсөл, санаачилгыг дэмжиж, Монгол Улсаас бараа бүтээгдэхүүнийг илүү ихээр импортлоход хятадын тал бэлэн буйг БНХАУ-ын дарга илэрхийлэв.

Байгаль орчны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх нь бүс нутгийн орнуудын эрх ашигт нийцэхийг төрийн тэргүүн нар тэмдэглэж, цөлжилт, шороон шуургатай тэмцэх төслийг хамтран хэрэгжүүлэхийг дэмжихээ илэрхийлэв.

 “Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн хэрэгжилтэд ахиц гарч буйг тэмдэглэж, ОХУ-аас БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих төслийг урагшлуулахад аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхээ  төрийн тэргүүн нар илэрхийлэв.

Хоёр улсын бүс нутаг, олон талт механизмуудын хүрээн дэх ойр дотно хамтын ажиллагааг цаашид ч үргэлжлүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.

Төрийн тэргүүн нар цаашид ажил төрлийн ойр хэлхээ холбоотой байж, цар тахлын нөхцөл байдал сайжирсны дараагаар биечлэн уулзахаар тохиролцов.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Иргэн. (66.181.189.161)

    2021-07-17

    Хятадууд коммунист биш. Ногоон цай ургуулдаг болохоороо өөрсдийгөө жижигрүүлж өөрсдийгөө коммунист гэж жүжиглэдэг улс байгаа юм.