Ерөнхий сайдад найрамдал, нөхөрлөлийн бэлгэ тэмдэг болгож Акита нохой бэлэглэжээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсад ажлын айлчлал хийх үеэр Япон Улсын Ерөнхий сайд Ё.Сүгатай албан ёсны уулзалт хийсэн билээ.

 

Энэ үеэр Ерөнхий сайд Ё.Сүга Олимпын наадмыг зохион байгуулах түүхэн сорилттой үед Монгол Улсын Ерөнхий сайд Япон Улсад биечлэн хүрэлцэн ирсэнд, мөн гадаад улс оронд хийж буй анхны айлчлалаа Япон Улсаас эхлүүлсэнд талархаж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд найрамдал, нөхөрлөлийн бэлгэ тэмдэг болгож акита үүлдрийн нохой бэлэглэжээ.

 

Энэ удаад халдварын эрсдэлээс сэргийлж акита үүлдрийн нохойны чихмэлийг Япон Улс дахь Монгол Улсын Элчин сайдын яамаар дамжуулан Ерөнхий сайдад хүргүүлсэн байна. Харин бэлгийн нохойг цар тахал намжих үед илгээхээ уламжилжээ.

Акита үүлдрийн нохой нь Японы Акита муж орчмоос гаралтай бөгөөд эр зориг, үнэнч сэтгэлийн бэлгэдэл гэдгээрээ алдартай. Эзнээ 10 жил хүлээсэн домогт Хачико нохой нь акита үүлдрийнх бөгөөд түүний үнэнч сэтгэлийг алдаршуулж Японы Токио хотын Шибүя дүүргийн төмөр замын өртөөнд Хачико хөшөөг босгожээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)