Эмээлтийн шалган нэвтрүүлэх товчоогоор 24 ширхэг тарвага нэвтрүүлэхийг завджээ
- 2021-08-09
- Улаанбаатар
- 0

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Эмээлтийн шалган нэвтрүүлэх товчоогоор 24 ширхэг тарвага тээвэрлэн нэвтрэх гэсэн үйлдлийг илрүүлж, холбогдох байгууллагад хүлээлгэн өгчээ.
Гэтэл хэдхэн хоногийн өмнө БОАЖ-ын сайдын тушаалаар тарвагыг ахуй болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг гурван жилийн хугацаанд хориглоод байсан юм. Энэхүү шийдвэр нь Монгол орны тарваганы тоо толгой, тархац нутаг, халдварт өвчний голомт нутгийг тогтоох, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлж, иргэдийн эрүүл аюулгүй байдлыг хангах ач холбогдолтой.
Тарвага нь хөрсний үржил шим, ургамлын ургалт зэрэгт сайнаар нөлөөлж, бүс нутгийн биологийн олон янз байдлын хувьд орлуулшгүй чухал ач холбогдолтойд тооцогддог. Мөн тарваган тахал нь нянгаар үүсгэгддэг, халдвартай мэрэгч амьтад, бүүргээр дамжин халдварладаг тунгалгийн зангилаа, уушиг, ходоод гэдсийг зонхилон гэмтээдэг зоонозын цочмог халдварт өвчин юм.
Өвчний нууц үе нь хэдэн цагаас 6 хоног, дунджаар 2-3 хоног үргэлжилдэг бөгөөд шинж тэмдэг нь 38-40 хэм хүрч халуурах, суга, цавь, хүзүү, тунгалгийн булчирхай цочих, хөдөлгөөнгүй маш их эмзэглэлтэй болох, бүх бие булчингаар шархирч өвдөх, толгой өвдөх, ханиалгах, цустай цэр гарах, амьсгалахад хүндрэлтэй болох, бөөлжих, хэвлийгээр өвдөх, суулгах зэргээр илэрдэг байна.
Иймд тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд:

• Тарвага агнахгүй байх • Тарваганы мах идэхгүй байх • Түүхий эд, эрхтэнг хэрэглэхгүй байх
• Тарвагыг нохойгоор бариулахгүй байх, урхи, хавхаар агнахгүй байх
• Тарваганы түүхий мах эд, эрхтэнг хот суурин газарт оруулахгүй байх
• Хүүхдийг тарваганы дошон дээр тоглуулахгүй, унтуулахгүй байх
• Шимэгчид хазуулахаас сэргийлж дайжуулагч хэрэглэх
• Тарваган тахлын эсрэг вакцин тариулах
• Гэр орондоо агнасан тарвага, арьс хадгалахгүй байх
• Гэр орондоо мэрэгч амьтан орохоос сэргийлж тор хийх, май тавих,
• Үхсэн, хөдөлгөөн удааширсан тарваганд хүрэхгүй байх
• Үхсэн тарвага, мэрэгч амьтдын тухай холбогдох байгууллагад нэн яаралтай мэдэгдэх.
• Тарваган тахлын эрсдэлд өртсөн, эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд харьяа эрүүл мэндийн байгууллагад яаралтай мэдээлж дуудлага өгөхийг анхааруулж байна.

Сэтгэгдэл (0)