Ч.Отгочулуу: Засгийн газар эдийн засгийг нь авч яваа мега төсөлдөө хүч түрэмгийлсэн байдлаар хандаж болохгүй

Хөндлөнгийн шинжээчид Оюу толгойн далд уурхайн санхүүжилт хэтэрсэн шалтгааныг геотехникийн нөхцөлөөс шалтгаалаагүй гэсэн дүгнэлт гаргаж, дүгнэлтийг нь Засгийн газраас олон нийтэд мэдээлээд хоёр хонож байна. Рио тинтогийн хувьд далд уурхайн бүтээн байгуулалтын зардал өссөн шалтгааныг урьдчилан харах боломжгүй хөрсний чулуулаг, геотехникийн нөхцөл байдлаас шалтгаалсан гэх тайлбарыг өгсөөр ирснийг тодотгоё. Оюу толгойн хэлэлцээрийг хийж буй ажлын хэсгийг ахалж яваа, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар уржигдар “Монголын Засгийн газар бүтээн байгуулалтын зардал ихээр нэмэгдсэн ТЭЗҮ-ийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. Тийм учраас өмнө 2015 онд батлагдсан санхүүжилтийн төлөвлөгөө, ТЭЗҮ-ийнхээ хүрээнд далд уурхайн олборлолтоо эхлүүлэх ёстой. Шинжээчдийн дүгнэлтэд албан ёсны тайлбар өгөхөөс гадна, гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлаа яаралтай эхлүүлэхтэй холбоотой шийдвэрээ есдүгээр сард багтаж гаргахыг шаардаад байна” хэмээн онцолсон юм.

Харин хөрөнгө оруулагч талаас өчигдөр "Бид Монгол Улсын Засгийн газартай урт хугацаанд түншилж ажиллахыг зорьж ирсэн бөгөөд гүний уурхайн бүтээн байгуулалтын явцад тулгамдаж ирсэн асуудлаа бүтээлчээр шийдвэрлэж, төслөө гүйцээн, олборлолтоо эхлүүлэхээр зорин ажиллаж байна. Оюу толгой ХХК-ийн ТУЗ-өөс байгуулсан Тусгай хорооны хүсэлтээр гүний уурхайн зардлын хэтрэлт, хугацаа хойшилсон шалтгааныг дүгнэх “хөндлөнгийн” шинжээчдийн баг байгуулагдсан. Саяхан гарсан “хөндлөнгийн” шинжээчдийн дүгнэлттэй бид бүрэн танилцаж амжаагүй. Оюу толгой ХХК-ийн ТУЗ-өөр хэлэлцэж, зохих сувгаар хариу өгөхөөс өмнө уг тайлан олон нийтийн дунд яригдаж эхэлсэн болно.

Рио Тинто нь компанийн засаглалын дагуу Оюу толгойн ТУЗ-өөс холбогдох зөвшөөрлийг авч, энэхүү тайлан, дүгнэлттэй илүү нухацтай танилцана. Иймд тэнцвэргүй мэдээлэлд хэт автахгүй байхыг та бүхнээс хичээнгүйлэн хүсье. Монголын ард түмэн, Засгийн газартай урт хугацаанд бат бөх, итгэл найдвартай түншилж, харилцан хүндэтгэлтэй хамтран ажиллахыг бид эрэлхийлдэг. Үүнтэй зэрэгцэн техник, технологийн нарийн ур чадвар шаардсан ярвигтай нүсэр бүтээн байгуулалтыг амжилттай эдийн засгийн эргэлтэд оруулж, орчин үеийн уул уурхайн салбарт дэлхийд гайхагдах дэд бүтцийг өмнийн говьд бий болгосон инженерүүдээрээ бахархаж буйгаа илэрхийлэх нь зүйтэй болов уу" гэсэн байр суурь илэрхийлсэн юм.

"Оюу толгой" төсөл тойрсон энэ асуудлаар эдийн засагч Ч.Отгочулуутай ярилцсанаа хүргэе.


-Засгийн газрын байр суурийг анзаарахад Оюу толгойн хэлэлцээ сунжирч мэдэхээр, хоёр талын үл ойлголцол илүү гүнзгийрч магадгүй гэсэн таамаг төрөөд байна л даа. Засгийн газрын байр суурь танд ямар санагдав?

-Ковидын үеийн эдийн засгийн хөл хорио ямар байсныг та мэднэ. Тахлын үеийн эдийн засгийг хохирол багатай давж туулахад онцгой нөлөө үзүүлсэн төсөл бол Оюу толгой. Ажилчдаа халж цомхотгосонгүй. Тогтмол орлоготой байлгаж ар гэрийнх нь амьжиргааг тасалдуулсангүй. Эдийн засгийн хөл хорио өчнөөн сар дамнан үргэлжилчихсэн, дотоод эдийн засгийн идэвхжил асар суларсан ийм үед экспортын орлого оруулж, эдийн засгийн тогтвортой байдлыг хамгаалахад хамгийн чухал үүрэг гүйцэтгэсэн төсөл л дөө. Өөр соёлтой улс орнуудын компани, Засгийн газар хамтарч бизнес хийх нь байтугай ах дүү нар нийлээд ажил эхлэхэд ямар их үл ойлголцол, асуудал гардаг билээ. Тэгэхээр Оюу толгой дээр асуудал, үл ойлголцол, маргаан гарах нь тодорхой. Өчигдрийн (уржигдар) байр суурийг нь харах нь ээ манай Засгийн газар нэлээд түргэдчих шиг санагдсан. Хөндлөнгийн, хараат бус гээд байгаа шинжээчид нь дүгнэлтээ гаргасан юм байна. Гаргасан дүгнэлттэй нь Оюу толгой албан ёсоор танилцаж буруутгаж, зөвтгөөд байгаа үндсэн шалтгаанууд дээр нь няцаалт хийх ч юм уу, хариу тайлбар өгөх учиртай. Засгийн газрын тухайд Оюу толгойд ийм боломж олгосонгүй.

-Засгийн газар хоёр талын байр суурийг сонсож нэгтгэсний дараа мэдээлэл хийх ёстой байсан гэж үү?

-Тэгж ойлгож болно. Манай Засгийн газар хоёр талын байр суурийг сонсож нэгтгэсний эцэст дуугарсан бол хүлээцтэй, зөв харагдах байлаа. Миний хувьд Засгийн газрыг төлөөлж хийсэн мэдээллийн логикийг огт ойлгоогүй.

-Ямар логик?

-Гүний уурхайн бүтээн байгуулалтын зардлын хэтрэлт дээр хөрөнгө оруулагч талыг буруутгаад байгаа юм байна. ТЭЗҮ-ийг нь хүлээж авахгүй гэдгээ тодорхой зарлачихлаа. Тийм байж далд уурхайн олборлолтоо яаралтай эхлүүл гээд байна л даа. Логикгүй гээд байгаа нь ийм учиртай. Маргаанаа шийдэхгүйгээр далд уурхайн олборлолтыг эхлүүлэх боломжгүй. Тэгэхээр нэгнээ буруутгах асуудлууддаа нэгдсэн шийдэлд, үл ойлголцолд хүрч байж олон нийтэд хандсан мэдээллийг хийх ёстой.

-Хоёр тал ойлголцолд хүрч, далд уурхайн олборлолтыг эхлүүлэх ёстой, олборлолтыг цаг алдалгүй эхлүүлэхгүй бол зэсийн үнийн өсөлт урт хугацаанд үргэлжлэхгүй гэсэн байр суурийг олон эдийн засагч хэлж байна л даа. Энэ тал дээр та байр сууриа хуваалцаач?

-Макро эдийн засаг талаасаа далд уурхайн олборлолтыг цаг алдалгүй эхлэх нь чухал. Яагаад гэвэл зэсийн үнэ харьцангуй өндөр байна. Одоогийн үнийн өсөлт зарим шинжээчдийн хэлж байгаа шиг хэдэн жилээр үргэлжлэхгүй. Жил гаруйн хугацаанд үргэлжлэх төлөвтэй гэсэн таамаг голлож эхэлсэн. Улсын төсвийн болон экспортын орлогоо мэдрэгдэхүйцээр нэмэх ганц боломж бол далд уурхайн олборлолт. Ингээд харахаар нөгөө талаас манай сул тал болчихоод байгаа юм. Ийм сул талаа мэдсээр байж иймэрхүү, хүч түрэмгийлсэн, зөвхөн нэг талын дүгнэлт тайлбараар эдийн засгийг нь авч яваа мега төсөлдөө хандаж болохгүй. Засгийн газар ойрын үед нэлээд шуугиан дуулиантай байгаа. Хүн олноор цуглуулахгүй гэсэн шийдвэр гарчихсан байхад уул овоо тахиж, өчнөөн хүн цуглууллаа. Хөл хорио хэнд нь үйлчлээд, хэнд нь үйлчилдэггүй юм бэ гэсэн маргаан, шүүмжлэл цахимд гарч байна. Ер нь Засгийн газар руу чиглэсэн шүүмжлэл их байна л даа. Инфляци өсч байгаа. Ажилгүйдэл газар авах төлөвтэй болчихлоо. Ийм хэцүү үед олны анхаарлыг өөр зүйл рүү татаж, шинэ сенсаци үүсгэх сонирхол засагт байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ ганц мега төслөө тэр сенсаци, шуугианыхаа сэдэв болгож болохгүй.

-Засгийн газрын саяны мэдээллээс хойш TRQ-гийн хувьцааны үнэ уруудчихлаа. Гадны хөрөнгө оруулагчдад сөрөг дохио өгсөн явдал боллоо гэдэгтэй та санал нийлэх үү?

-Тэглээ. TRQ бол манай улс руу гадаад хөрөнгө оруулалтыг татаж байгаа гол суваг. Энэ суваг нарийсч тасарлаа гэхэд монголчууд л хохирно. “Рио тинто” яах ч үгүй. “Рио тинто”-гийн хувьд Оюу толгой ямар орон зай эзэлдэг вэ гээд харъя. Рио 44 мянган ажилтантай. Бэлтгэн нийлүүлэгчдээ оруулбал 120 гаруй мянган хүнийг ажлын байраар хангаж байгаа. Харин Оюу толгой 3000 гаруй ажилтантай. 44 мянган ажилтны наймхан хувь гэсэн үг. Рио тинто компанийн үнэлгээ 130 тэрбум ам.доллар. Туркойз хиллийн Канадын зах зээл дээр гарчихсан байгаа үнэлгээ 4 тэрбум ам.доллар. Рио тинтогийн 130-аад тэрбум долларын үнэлгээний 80 орчим хувь нь төмрийн хүдэр. Борлуулалтын орлогыг нь харвал өнгөрсөн жил 44 тэрбум долларын борлуулалт хийсэн. Тэр орлогынх нь 55 хувь нь төмрийн хүдрээс орж ирсэн мөнгө. Орлогынхоо хориод хувийг хөнгөн цагаанаас олдог. Зэсийн салбарынх нь хувьд таван тэрбум ам.долларын л борлуулалт хийдэг. Зэсийн таван тэрбум ам.долларынх нь нэг тэрбум долларыг Оюу толгой ил уурхайгаасаа олдог. Оюу толгойн тухайд 700 сая ам.долларын зардал гаргаад, 250 сая ам.долларын татвар төлдөг ийм л байгууллага. Оюу толгой Рио тинтогийн зэсийн салбар дотроо нэг номерын төсөл мөн үү гэвэл мөн. Гэхдээ АНУ, Чилид зэсийн том уурхайнуудтай, Австралид зэсийн шинэ төсөл хэрэгжүүлэх гэж байгаа, Америкийн Аризонад гүний уурхайн төсөл хэрэгжүүлж яваа гэж ирээд яривал Рио тинтогийн бизнест Оюу толгойн үзүүлэх жин, нөлөө бага. Гэтэл манай улсад Оюу толгой ямар нөлөөтэйг та хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Тахлын үеийн эдийн засаг маань энэ төсөл дээр л тогтож байна. Хэрвээ энэ төсөлд ямар нэг саатал гарвал төгрөгийн ханш өнөөдрийнхөөс огцом суларна, инфляци өснө, гадаадын хөрөнгө оруулалт орж ирэхгүй. Ажлын байр бий болохгүй, ядуурал газар авна гээд асуудал их шүү дээ. Ковидын дараах дэлхийн эдийн засгийн сэргэлтийг анзаарахад хамгийн их өсөлттэй яваа металл гэвэл зэс байна л даа. Энэ боломжийг бид ашиглаж чадахгүй байна. Тэгэхээр эдийн засагт нь ийм нөлөөтэй төсөл дээр төр засаг, улстөрчид ухаантай хөдлөх хэрэгтэй. 2024 оны сонгууль хүртэл ямар нэг улстөргүйгээр Оюу толгой мэтийн том төслүүдээ урагшлуулчихмаар байгаа юм. Удахгүй болох нөхөн сонгуульд зориулсан улстөржилтдөө Оюу толгойг ашиглах гэж байгаа бол харамсалтай, хайран байна.

-Дубайн санхүүжилтийн төлөвлөгөөг цуцална гэсэн утгатай өгүүлбэр МАН-аас нэр дэвшиж сонгогдсон Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөрт бий. Дубайн төлөвлөгөөний тухайд санаа, оноогоо хэлээч?

-Дубайн санхүүжилтийн төлөвлөгөөний тухайд геотехникийн нөхцөл энэ тэрээс нь үл хамаараад далд уурхайгаа ашиглалтад оруулаад явуулъя, бүтээн байгуулалтынх нь санхүүжилтийг шийдье гэсэн л агуулгатай төлөвлөгөө. Засгийн газрын ажлын хэсэг далд уурхайн олборлолтыг хурдан эхлүүл гэж байна л даа. Дубайн төлөвлөгөөний зорилго, утга санаа зөв байсныг Засгийн газар энэ байр сууриараа нотолчихлоо. Н.Алтанхуягийн Засгийн газар ч гэсэн далд уурхайг яаралтай ашиглалтад оруулъя гэсэн утгатай тогтоол гаргаж байсан. Зардлыг хэтрүүлэхгүй байхын тулд яах вэ, менежмэнтийн төлбөр дээр яаж буулт хийх вэ гэдэг дээр зөв зүйлсийг Дубайн төлөвлөгөөнд суулгасан байгаа. Дубайн төлөвлөгөөг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж байсан бол өнөөдрийн ийм асуудал үүсэхгүй байсан. Санхүү, хэмнэлт, зардал дээр Монгол тал ахлаад ажлын хэсэг байгуулах боломжтойг заагаад өгчихсөн. Хөндлөнгийн аудит оруулах боломжтой гэсэн тохироог Дубайн төлөвлөгөөгөөр шийдсэн. Харамсалтай нь Засгийн газрын хөндлөнгийн гэж үзээд байгаа шинжээчид нь хөндлөнгийн байж чадах эсэх нь эргэлзээтэй байна.

-Яагаад?

-Рио тинтод ажиллаж байгаад хөөгдсөн, ажлаасаа халагдсан хүмүүс хөндлөнгийн, хараат байж чадах уу? Энэ бол миний хувийн байр суурь. Өөрсдийгөө шүгэл үлээгч энэ тэр гээл байгаа л даа. Тийм байж болно. Гэхдээ үнэхээр шүгэл үлээгч үү, ажлаасаа халагдсандаа хорсож гомдол тээж яваа хүмүүс үү гэдэг нь эргэлзээтэй. Монгол улсын төр ийм том төсөл дээрээ зөвхөн нэг талын дүгнэлтэд үндэслэж шийдвэр гаргах нь буруу.

-Далд уурхайн санхүүжилтийн зардал 1.4 тэрбум ам.доллараар хэтэрснээс болж бид ингэж тэгж хохирлоо гэсэн сөрөг мэдээлэл их цацагддаг л даа. 1.4 тэрбумын хэтрэлтийн хэчнээн нь Монголын эдийн засагт шингэж үлдсэн бэ гэсэн асуултыг асуумаар байна?

-4000 хүнийг хоёр жил илүү хугацаанд ажилтай байлгасан гэсэн давуу тал бий. Энэ мөнгөний 200 сая ам.доллар нь төсөвт НӨАТ, гаалийн татвар, төлбөр хураамж хэлбэрээр очсон. Өөрөөр хэлбэл, Монгол улсын Засгийн газарт очсон мөнгө гэж хэлж болно. 800 гаруй сая ам.доллар нь ханган нийлүүлэгч компаниудад очсон. Эдийн засагт оруулсан үржүүлэгч нөлөөллийг нь авч үзвэл 3.2 тэрбум ам.долларын дам нөлөө, эерэг үр өгөөж авчирсан гэсэн тооцоо дуулддаг.

 

ЦЭЦЭГМААГИЙН БААСАНСҮРЭН

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)