Э.БААСАНСҮРЭН: ЭХ ОРНЫХОО НЭРИЙГ ГАРГАХ ОЛОН ШАТАРЧНЫГ ДАСГАЛЖУУЛНА

-Би “Орчлон” сургуулийн гурвын “Б” ангид сурдаг. Аав, ээжийнхээ зөвлөснөөр зургаан настайгаасаа шатраар хичээллэсэн. Одоо гурав дахь жилдээ “Хан-Алтай” шатрын клубын дасгалжуулагч Д.Шаравдорж багшийнхаа зааснаар хичээллэж байна. 
Румыны Иаси хотод зохиогдсон шатрын сурагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай шатарчид амжилттай оролцсон. Нийтдээ 16 шатарчин оролцсон тэмцээний хөвгүүдийн 17 хүртэлх насанд “Цэцэн нүүдэл” клубын шатарчин Ц.Лхагвасүрэн алтан медаль хүртжээ. Мөн ес хүртэлх насны ангилалд оюун ухаанаа сорьсон “Хан-Алтай” клубын шатарчин Э.Баасансүрэн үеийнхнээ тэргүүлж алтан медалийн эзэн болжээ. Харин охидын долоон насны ангилалд өрсөлдсөн “Төр Монгол” клубын шатарчин Г.Маралгуа амжилттай оролцож хүрэл медаль хүртсэн байна. Тэмцээнд оролцсон шатарчдаас Э.Баасансүрэн хамгийн өндөр оноо авсан бөгөөд түүнтэй тэмцээнийх нь талаар ярилцсанаа хүргэе.

-Сурагчдын дэлхийн аварга болсонд баяр хүргэе. Хэдэн настайдаа шатраар хичээллэсэн бэ?
-Би “Орчлон” сургуулийн гурвын “Б” ангид сурдаг. Аав, ээжийнхээ зөвлөснөөр зургаан настайгаасаа шатраар хичээллэсэн. Одоо гурав дахь жилдээ “Хан-Алтай” шатрын клубын дасгалжуулагч Д.Шаравдорж багшийнхаа зааснаар хичээллэж байна. 

-Румынд зохиогдсон тэмцээний хамгийн хүчтэй өрсөлдөгч аль улсын тамирчин байв? 
-Румын, Азарбайжан, Энэтхэг, Шриланк зэрэг 30 орны 80 гаруй шатарчин миний насны ангилалд өрсөлдсөн. Тэднээс Шриланкаас оролцсон хүүхэд хамгийн хүчтэй өрсөлдөгч байсан. Мөн Румыны шатарчинтай нэлээд бодож тоглосон. Тэдэнтэй удаан сууж, сайн бодож тоглохгүй бол хожигдчих гээд хэцүү байсан шүү. 

-Тэмцээнд оролцсон хүүхдүүдээс хамгийн өндөр оноо авсан байх аа? 
-Тийм ээ. Би нийт есөн өрөг тоглосноос найм хожсон. Тэгээд найман оноогоор дэлхийн аваргын алтан медаль хүртсэндээ их баяртай байна. 

-Сүүлийн өргийн үеэр багш чинь яаж тогло гэж зөвлөсөн бэ? 
-“Яаралгүй сайн бодож байгаад нүүгээрэй” гэж хэлсэн. Тэгээд би багшийнхаа хэлснээр сайн бодож байгаад тоглосон. 

-Тэмцээний үеэр зохиогдсон шатрын түргэн тоглолтын тэмцээнд оролцсон уу? 
-Би ороогүй. Харин бидэнтэй хамт явсан “Монгени” клубын шатарчин Х.Баясгалан оролцож хүрэл медаль авсан. -Шатар сурахад юу нь хэцүү санагдаж байсан бэ? -Удаан суух нь хамгийн хэцүү байдаг. Учир нь сайн шатарчин болохын тулд сайн бодож, анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй. 

-Өмнө нь ямар тэмцээнүүдэд оролцож байв? 
-Энэ жилийн улсын болон хотын аварга шалгаруулах тэмцээнд өөрийнхөө насны ангилалд аваргалсан. Мөн Бразил, Филиппин, Грек, Хятад Улсад зохиогдсон тэмцээнд оролцож байсан. Хэдийгээр медальт байрт шалгарч байгаагүй ч амжилтаа ахиулсан. 

-Тэмцээний үеэр бэлтгэлээ хэрхэн хийж байсан бэ? 
-Багшийнхаа харуулсан өргийг хараад анализ хийдэг байсан. Дээрээс нь тоглох гэж байгаа шатарчныхаа өргийг судалдаг. Тэмцээний үеэр хоёрхон цагийн бэлтгэл хийдэг байсан юм. Тэгээд амрахаараа толгойгоо норгоод хэдэн минут хэвтдэг.

 -Монголоос чиний насны ангилалд хүчтэй өрсөлдөгч бий юу? 
-Румыны тэмцээнд хамт явсан Х.Баясгалан миний хүчтэй өрсөлдөгчдийн нэг. Мөн Дархан-Уул аймгийн шатарчин н.Идэрманлай, Багануурын шатарчин Н.Бямбабаяр нар сайн тоглодог.

 -Том болоод ямар хүн болно гэж боддог вэ? 
-Шатрын багш болно гэж боддог. Тэгээд эх орныхоо нэрийг гаргах олон шатарчныг дасгалжуулна. Мөн гранд мастер болно гэж мөрөөддөг. 

-Математикийн хичээлдээ сайн сурдаг хүүхдүүд шатар тоглодог. Э.Баасансүрэн тоондоо хэр вэ?
 -Би тоо бодох дуртай. Математик болон сэтгэн бодох чадварын олимпиадад оролцож алт, хүрэл медаль авч байсан. Түүнээс гадна манай ангид усанд сэлэлтийн хичээл ордог. Би тэр хичээлдээ дуртай.

 -Шатраар хичээллэх гэж байгаа үеийн найзууддаа юу гэж зөвлөмөөр байна ? 
-Хүн бүр эхэлж нүүдэл хийж сурдаг. Тийм болохоор эхнээсээ л сайн хичээж багшийнхаа заасныг сурах хэрэгтэй. Тэгээд л сурсаар байгаад дараа нь сайн шатарчин болно доо. Мөн шатарчин болох хүнд тэвчээртэй зан хамгийн хэрэгтэй юм шиг санагддаг. Удаан сууж, боддог болохоор тэвчээргүй бол амархан хожигдоно.

Б.Сэлэнгэ
www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (49.0.135.169)

    2012-05-14

    SAIN BAINA IREEDUID N IH AMJILT HUSIE