Хар лам мальтусын зөв байсан уу

1960 онд манай гаригийн хүн ам гурван тэрбум байлаа. Харин түүнээс хойшхи хагас зуун  жилд 2,5 дахин өсч эдүгээ долоон тэрбумыг даваад байна. Энэ бол хүн амын өсөлт эрчимтэй байгааг илэрхийлнэ. Энэ янзаараа бол 2050 он гэхэд есөн тэрбумд хүрэх төлөвтэй. Тэр дундаа Азийн хүн амын өсөлт давамгайлж, 5,1 тэрбумд хүрнэ гэсэн тооцоог хүн ам зүйчид гаргажээ. 
1960 онд манай гаригийн хүн ам гурван тэрбум байлаа. Харин түүнээс хойшхи хагас зуун  жилд 2,5 дахин өсч эдүгээ долоон тэрбумыг даваад байна. Энэ бол хүн амын өсөлт эрчимтэй байгааг илэрхийлнэ. Энэ янзаараа бол 2050 он гэхэд есөн тэрбумд хүрэх төлөвтэй. Тэр дундаа Азийн хүн амын өсөлт давамгайлж, 5,1 тэрбумд хүрнэ гэсэн тооцоог хүн ам зүйчид гаргажээ. Хүн нэмбэл хүнс нэмдэг зарчмаар авч үзвэл энэ тийм  ч сайн хандлага биш. Хүн амын өсөлт хязгааргүй байдаг юмаа гэхэд тэднийг хооллож хувцаслах боломж нь хязгаарлагдмал. Одоохондоо хүн төрөлхтний эх дэлхийгээсээ гадагш хийх нүүдэл боломжгүй зүйл хэвээр байгаа болохоор энэ олон “хоолны сав”-ны хэрэглээг хангах нь ганцхан цэнхэр гаригт маань арай л ахадсан ажил болох байх.
 
         Байгалийн нөөц баялаг, газрын үржил шим улам бүр доройтож байгаа бол хүн амын өсөлт  геометрийн прогрессоор явж байна. Хүн амын өсөлт болон хоол тэжээлийн хүрэлцээний  хооронд үндсэндээ урвуу хамаарал бий болчихоод байна гэсэн үг.  Энэ бол нийт хүн төрөлхтний тулгамдсан асуудал.  Хүн амын өсөлт ба хүнсний хангамжийн талаархи хар лам Томас Мальтусын (1766-1834) үзэл бодлыг өмнөх нийгмийн үед их шүүмжилдэг байлаа. Тэр нь юу вэ гэхээр нийгмийн доод давхаргын хүмүүсийн өсөлт хэтэрхий их байгаа,  хүнсний хүртээмжээс шалтгаалан дайн байлдаан, өвчин тахал гарч байна гэсэн таамаглал дэвшүүлсэн юм.  Энэ нь ажиглалт судалгаан дээр түшиглэсэн  онол  болохоос биш хүн амын өсөлтийг дайн байлдаан, өвчин тахлаар зохицуул гэсэн үг огтхон ч биш байсан.
 
          Харамсалтай нь Мальтусын энэ санааг мөн ч олон жил гуйвуулж, харааж зүхсэн байх юм.  Харин одоо хүн ам зүйчид, нийгмийн зүтгэлтнүүд бүгд л  “Мальтусын зөв байсан. Хүн төрөлхтөн дэндүү олширч, дэндүү их хэрэглээтэй байна” хэмээн  ам уралдан ярьж байна. “Манай гаригийн хүн ам хэтэрхий олшрохын хэрээр өлсгөлөн нүүрлэж байна. Хүнсний бүтээгдэхүүний үнэ урьд өмнө байгаагүй дээд хэмжээнд хүрлээ. Эргэн тойрноо анзаарах тусам Мальтусын зөн билэгт итгэх боллоо” хэмээн  “Тайм” сэтгүүлд  өгүүлжээ.
 
         Их Британийн  долоо хоног тутмын “New Statesman” сонинд “Мальтусын үзэл санаа өнөөдөр үнэн хэвээр үлдэж байна. Эх дэлхий маань өнөөдрийнхөөс олон хүнийг тэжээж дийлэхгүйд хүрч байна” хэмээн бичсэн бол “Guardian” сонинд “Түүний үзэл санаа үнэн зөв байсныг Чарльз Дарвины эволюцийн  хуулиар байгаль өөрөө нотолж байна. Тааламжтай нөхцөлд ан амьтны популяц аяндаа өсдөг, идэш тэжээлийн эх үүсвэр байхгүй бол тоо толгой нь огцом буурдаг. Харин homo sapiens ийм маягаар устаж үгүй болох уу гэсэн хоржоонтой асуултыг тавьжээ. Энэ асуултын хариуд “New York Times”  сонин “Мальтусын зөв байсан” хэмээн товч тодорхой хариулжээ.   Гэхдээ хүн  бол байгалийн хүчин зүйлийн нөлөөнд тэр бүр автаад байхааргүй хашир суусан “ертөнц”.  Тулгамдаж буй зорилтыг даван гарах чадвар, боломж бий.
 
           Хүн амын өсөлт бол байгалийн гэхээсээ илүүтэй хүн төрөлхтний өөрсдөөс нь хамаарах асуудал. Ухамсартай амьтны хувьд төрөлт, өсөлтөө тодорхой хэмжээгээр  зохицуулах бүрэн боломж бий. Энэ бол хүн амын өсөлтийг дагасан хямралаас гарах хамгийн шилдэг боломжуудын нэг. Түүнчлэн асуудлыг өөдрөгөөр харах нэг шалтгаан  бол шинжлэх ухаан техникийн ололт дэвшил хүнсний хангалтыг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлж байгаа явдал. Тухайлбал, манай гаригийнхан нэг жилд хурааж авсан үр тариагаа бүрэн зарцуулж хүчрэхгүй байгаа. Манай дэлхий америк маягийн амьдралын хэвшил бүхий 12 тэрбум хүнийг хооллож хувцаслахад хүрнэ гэсэн судалгаа бий.
 
         Хүн ам олонтой томоохон гүрнүүд хүн ам зүйн бодлогодоо дорвитой өөрчлөлт хийж байгаа. Үүний бэлээхэн жишээ нь манай урд хөрш. Хүн амынхаа тоогоор тэргүүлэгчдийн нэг Энэтхэг бас ийм бодлого хэрэгжүүлж эхлээд байна. Энэ бүхэн асуудалд өөдрөг хандах боломж олгож байна.
 М. Золбаатар
www.undesten.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • ЖЖЖЖ (202.180.220.35)

    2012-05-13

    ХЭДИЙГЭЭР ҮНЭН БОЛОВЧ ДАЙН ХҮЧИРХИЙЛЛИЙГ ЗӨВТГӨХ ШАЛТАГ БОЛДОГ ЮМ ДАА НААД ОНОЛ ЧИНЬ ХУЖАА НАРЫГ МОНГОЛД ОРЖ ИРЭХИЙГ Ч ДЭМЖИХЭД АШИГЛАЖ БОЛОХ МАГАДЛАЛТАЙ ГЭДГИЙГ САНААРАЙ